Төв аймаг хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байх шийдвэрийг гаргажээ

Төв аймаг хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байх шийдвэрийг гаргажээ

Сар шинийн баярын өдрүүдээр хурдан морины уралдаан зохион байгуулдаг уламжлал бий. Энэ жилийн тухайд коронавирусийн халдвар гарсантай холбогдуулан улсын хэмжээнд хатуу хөл хорио тогтоож, баяр ёслолын арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон.  Харин орон нутгийн уяач иргэд морьдоо сойж, уралдаанд бэлтгэж байгаа талаар зарим эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Тэд “Морины уралдаан зохион байгуулж болно” гэх чиглэл ирвэл уралдаан зохион байгуулахад бэлэн байгаа аж.

Өмнөх жилүүдэд морины уралдааныг нууцаар зохион байгуулж, унаач хүүхдүүд гар, хөлөө хөлдөөсөн тохиолдол ч гарч байв. Иймд хөл хорионы үед морин уралдааныг зохион байгуулахгүй байх талаар Төв аймгийн Засаг даргын тамгын газраас анхны захирамжаа гаргасан байна. Уг захирамжид “Хурдан морьдын үсэргээ, сунгаа, уралдаан зохион байгуулсан иргэн, хуулийн этгээдэд холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авч ажиллахыг Төв аймаг дахь Цагдаагийн газар, Засаг дарга нарт үүрэг болгосугай” гэжээ.