Монгол эмэгтэйн амийг хөнөөсөн Ирландын өсвөр насны хүүд хүнд ял оноох магадлал өндөр байна

Монгол эмэгтэйн амийг хөнөөсөн Ирландын өсвөр насны хүүд хүнд ял оноох магадлал өндөр байна

Өнгөрсөн нэгдүгээр сарын 20-нд Ирланд улсын нийслэл Дублинд ажлаа тараад явж байсан нэгэн монгол эмэгтэйд дээрэмчин халдаж, хүзүүнд нь хутгалсан талаар гадны хэвлэлүүд бичиж байсныг бид өмнө нь мэдээлж байсан билээ.

Энэ үеэр олон улсын хэвлэлүүд тус хэргийг “аймшигтай халдлага” хэмээн тодорхойлж байсан юм. Мөн Ирланд улсад одоогоор 2000 гаруй монголчууд ажиллаж амьдардаг бөгөөд энэхүү аймшигт хэрэг тэднийг ч мөн маш ихээр цочирдуулсан байна.

-ХАЛДЛАГАД ӨРТСӨН ЭМЭГТЭЙН БИЕ ХҮНД БАЙСАН ТУЛ ДОТНЫ НАЙЗУУД, БҮЛИЙНХЭН НЬ ХАНДИВЫН АЯН ЭХЛҮҮЛЖ БАЙЖЭЭ-

Уг хэргийг гарсны дараа тус улсын хэвлэлүүд хохирогчийг хагалгаанд орж амь аврагдсан хэмээн мэдээлж байсан ч тэрээр энэ сарын 3 /2021.02.03/-нд харамсалтайгаар нас барсан юм. Энэ талаар Монгол Улсаас Ирланд улсад суугаа элчин сайд Н.Тулга "Ирландын Дублин хотноо гэр бүлийн хамт амьдарч байсан Монгол Улсын иргэн Ц.Уранцэцэг 2021 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр гэмт халдлагын улмаас амь насаа алдаж нөхөж баршгүй хүнд гарз тохиолдсонд талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, ах дүү, ураг төрөл болон найз нөхөд, Ирланд дахь монголчуудад гүн эмгэнэл илэрхийлье” хэмээн мэдээлжээ.

Хэргийг тодруулбал, орон нутгийн цагаар нэгдүгээр сарын 20-ны 21:30 цагийн үед Дублин хотын төв хэсэг “Custom House Quay” дахь CHQ гэх байрны ойролцоо явган хүний гарцаар гарч байсан Монгол эмэгтэй дээр өсвөр насны 14 настай дугуй унасан хүү ирж өөртөө байгаа бэлэн мөнгөө өгөхийг шаарджээ. Ингээд эмэгтэйг эсэргүүцэхэд маш шалмаг хөдлөн хүзүүг нь хутгалчихаад зугтаасан байна.

Харин эмэгтэй цаг алдалгүй нөхөр лүүгээ залгаж, тусламж хүссэн бөгөөд үүний дараа “Матер” гэх эмнэлэгт хүргэгдэж, ихээр цус алдаж байсан тул тэр шөнөө яаралтай хагалгаанд оржээ.

Гэсэн хэдий ч түүний бие хүнд байсан тул дотны найз нь түүнд болон түүний гэр бүлийнхэнд туслах зорилгоор хандивын аян эхлүүлээд байсан юм. Тухайн эмэгтэй нь Ирландад нөхөр, хүүхдийн хамт амьдардаг бөгөөд 48 настай, монгол улсын иргэн байжээ. Тэрээр хоёр хүүхэдтэй, том хүү нь 20 настай, Монголд амьдардаг гэж гадны хэвлэлд мэдээлжээ.

Мөн зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар "тус эмэгтэй нь хотын төвд байрлах нэгэн банкинд цэвэрлэгч хийдэг байсан гэв. Улмаар орой ажлаа тараад явж байхдаа гэмт этгээдтэй таарсан бөгөөд коронавирусийн халдвараас болж иргэдийн зорчих хөдөлгөөнд хязгаарлалт тависан байсан тул ойр хавьд хүний хөдөлгөөн бага байсан байна" хэмээжээ.

Хэрэг болсон газар

-ГЭМТ ЭТГЭЭД НЬ НАСАНД ХҮРЭЭГҮЙ ТУЛ АЛБАНЫХАН ТҮҮНИЙ НЭР БОЛОН ЗУРГИЙГ ОЛОН НИЙТЭД ДЭЛГЭХЭЭС ТАТГАЛЗЖЭЭ-

Харин халдлага үйлдсэн 14 настай этгээд нь өмнө хүчирхийлэл болон хулгай дээрмийн хэрэгт хэд хэдэн удаа холбогдож байсан нь тогтоогджээ. Одоогоор мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд тус этгээдийг хүний амь насанд санаатайгаар халдсан, дээрэмдэхийг завдсан гэсэн хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаад байгаа аж.

Ирланд улсын албаны эх сурвалжуудын мэдээлж буйгаар гэмт хэрэг үйлдсэн этгээд нь насанд хүрээгүй тул нэр болон зургийг нь олон нийтэд дэлгэхээс болгоомжилж байгаа гэжээ.

Учир нь Ирланд улсын “Хүүхдийн тухай хууль”-ийн 93-р хэсэгт “шүүх хуралдаанд оролцож буй аливаа хүүхдийн нэр, хаяг, сургуулийн нэрийг илтгэсэн, эсхүл байцаан шийтгэх ажиллагаанд оролцож буй хүүхдийг танихад хүргэж болзошгүй зарим мэдээллийг багтаасан тайлан нийтлэхгүй, нэвтрүүлэгт оруулахгүй гэж заажээ.

Гэсэн хэдий ч хүү хутгыг зэвсэг болгон ашигласан нь ноцтой гэж үзэж байгаа тул ял оноох магадлал өндөр байгаа аж. Тэрээр одоо Дублин хотын хүүхдийн шүүх дээр байгаа бөгөөд өмгөөлөгч Элисон Файнес нь батлан даалтад гаргах өргөдөл гаргаагүй тул хүүг үргэлжлүүлэн дахин дөрвөн долоо хоног цагдан хорихоор болсон байна.

Эхний шүүх хурлын үеэр хар цув, хүрэн малгай өмссөн хүү ээж болон гэр бүлийнхнээ хараад гар даллаж байсан талаар гадны хэвлэлүүдэд дурджээ. Дублин хотын хүүхдийн шүүхийн шүүгч Дэйли энэ хэргийг хоёрдугаар сарын 24-ний өдрийг хүртэл хойшлуулж, улсын яллагдагчийн захирамжийг авах шаардлагатай байгааг дурджээ. Энэ нь хэргийг насанд хүрээгүйчүүдийн шүүхэд үлдэх үү эсвэл дээд шатны шүүхэд хандах уу гэдгийг тогтооход туслах болно гэж мэдэгдсэн байна.

Орон нутгийн бие даасан зөвлөлийн гишүүн Ниал Ринг хэлэхдээ “Ирландад 2000 гаруй монгол иргэн ажиллаж, амьдардаг. Тэд гэр бүлтэйгээ сайн сайхан, аюулгүй амьдрахыг хүсэж байгаа.  Хохирогч эмэгтэй охиныхоо хамт амьдардаг байсан ба хүү нь гадаадад сурахаар нүүсэн. Энэхүү эмгэнэлт явдал нь биднээс үүрэг хариуцлагаа илүү их нэмэгдүүлэхийг шаардаж байна. Дублин хотын зөвлөлийн гишүүд Хууль зүйн сайдаас зэвсэг ашиглан бусдын амь насанд хүрсэн этгээдэд ялын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж оноохыг шаардсан. Эдгээр санаачлагыг дагаж мөрдөж, биелэлтийг нь хангах нь бидний үүрэг юм. Бид талийгаач монгол эмэгтэйд өртэй. Тиймээс түүнтэй адил бүх хохирогчдын өмнөөс гэмт этгээдэд ял оноохыг шаардаж байна” гэж хэвлэлд мэдэгджээ.

-ХУТГА АШИГЛАН БУСДЫН АМЬ НАСЫГ ХОХИРООСОН ТОХИОЛДОЛ ТУС УЛСАД ХЭД ХЭДЭН УДАА ГАРСАН ТУЛ ЭРХ БАРИГЧИД БОДЛОГО БОЛОВСРУУЛЖ ЭХЭЛЖЭЭ-

Хутга ашиглан бусдын амь насыг хохироосон өсвөр насны хүүхдийн үйлдсэн хэрэг сүүлийн хэдэн сард Ирланд улсын нийслэл Дублин хотод хэд хэдэн удаа гарсан нь эрх баригчдын санааг ихээхэн зовоож байгаа тул тус улсын Хууль зүйн яам цагдаагийн газартай хамтран тусгай төлөвлөгөө боловсруулахаар болжээ. Сүүлд Дублин хотод хохирогч монгол эмэгтэйгээс гадна нэгэн өсвөр насны хүүд мөн нэгэн эмч бусдад хутгалуулж амь насаа алдсан байна. Ирланд улсад насанд хүрээгүй хүүхдүүдэд хууль үйлчилдэггүй тул тухайн улсын өсвөр насныхан танхайрах, гэмт хэрэгт холбогдох тохиолдол их байдаг ажээ. Гэсэн хэдий ч энэ хэрэг тухайн улсын иргэдэд хүндээр тусч, эрх баригчид ч дахин ийм хэрэг үйлдсэн өсвөр насныханд шийтгэл оноох бодлого боловсруулж эхэлжээ.