Ерөнхийлөгч Х.Баттулгын ирэх сард ОХУ-д хийх айлчлалыг ихээхэн нууцалж байна

Ерөнхийлөгч Х.Баттулгын ирэх сард ОХУ-д хийх айлчлалыг ихээхэн нууцалж байна

Ерөнхийлөгч Х.Баттулга ирэх гуравдугаар сарын эхээр ОХУ-д айлчилна гэх мэдээлэл байна. Энэ талаар албаны эх сурвалжаас асуухад, тодорхой мэдээлэл өгөөгүй ч үгүйсгэсэнгүй. 

Сонирхуулахад, түүний айлчлалыг Монгол, Оросын талууд өндөр төвшинд нууцалж, айчлалын бэлтгэлийг хангаж байгаа аж. Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлалаар хоёр тал өндөр дээд хэмжээний уулзалтууд товлосон бөгөөд баримт, бичгүүдэд гарын үсэг зурна гэх мэдээлэл байна. 

Тухайлбал, ОХУ-ын эрдэмтдийн бүтээсэн коронавирусийн эсрэг “Спутник-V” вакциныг Монгол Улсад хөнгөлөлттэй үнээр их хэмжээгээр нийлүүлэх асуудлаар ярилцаж магадгүй.

Тодруулбал, ОХУ-аас манай улсад эхний ээлжинд 20 мянган хүн тун “Спутник-V” вакциныг ирүүлээд байгаа юм. Харин тус вакциныг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага "хэрэглэж болно" гэх бүртгэлийг хараахан хийгээгүй байгаа юм. Мөн өндөр дээд хэмжээний уулзалт, айлчлал бүрээр яригддаг Орос, Хятадыг холбосон хийн хоолойг манай газар нутгаар дайруулах ажлын явцын тухай ярилцана гэх таамаг улс төрийн түвшинд яригдаж байна. Тус ажлын ТЭЗҮ-г ОХУ, Монгол хамтран хийж эхэлсэн билээ. 

Дашрамд дурдахад, Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 оны намар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины урилгаар Владивосток хотноо болсон Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцож, ОХУ-д ажлын айлчлал хийсэн байдаг. Харин ОХУ-ын талаас хамгийн сүүлд 2019 онд Халх голын 80 жилийн ойн үеэр Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монгол Улсад хагас өдрийн айлчлал хийсэн билээ. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн 2020 оны өдийд БНХАУ-д албан ёсны айлчлал хийсэн юм. Үүнээс  хойш цар тахлын үе таарч тэрбээр ямар нэгэн айлчлал хийгээгүй байна. Тиймээс ОХУ-д айлчлах энэ удаагийн айлчлал нь ихээхэн анхаарал татахаар байгаа  юм. 




Өнөөдөр бар өдөр

4 цагийн өмнө