З.Энхболд: Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр ч 2021 онд дахин нэр дэвших эрхтэй

З.Энхболд: Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр ч 2021 онд дахин нэр дэвших эрхтэй

Үндсэн хуулийн 30.2 дугаар заалтад нэмэлт, өөрчлөлт орж “Ерөнхийлөгчөөр тавин таван нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн. 

Улмаар  хуулийн энэхүү заалт 2020 оны тавдугаар сарын 25 –ны өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн. Иймд ирэх зургадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулга нэр дэвших боломжтой юу гэсэн асуулт гарч, нийгэмд маргаан дагуулаад байгаа юм. Тодруулбал, зарим хуульчид “Х.Баттулга дахин нэр дэвших боломжгүй, учир нь зөвхөн нэг удаа” гэсэн заалт түүнд мөрдөгдөнө, хэрэв тэрээр дахин нэр дэвшвэл өмнө нь Ерөнхийлөгч байсан П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нар нэр дэвших боломжтой болно” гэж байгаа юм. 

Харин зарим нь “Х.Баттулгын бүрэн эрхийн хугацаа 2 жилээр сунгагдах ёстой, ямар ч маргаангүй нэр дэвших эрхтэй” зэргээр байр сууриа илэрхийлж буй.

Тэгвэл Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд энэ талаар хэвлэлд өгсөн тайлбартаа “Зургаан жилээр Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүнд л хамаатай. Зургаан жилээр Ерөнхийлөгч болсон хүн өнөөдөр Монголд байхгүй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт дээр ямар нэгэн илүү дутуу утгагүйгээр зургаан жил болсон хүн дахин нэр дэвшихгүй болохоос урьд өмнө нь Ерөнхийлөгч хийж байсан П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарыг дахин дэвшүүлэхгүй тухай ямар нэгэн хязгаарлалт ороогүй.  Тэр битгий хэл, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр ч дахин нэр дэвших эрхтэй” гэж байр сууриа илэрхийлжээ.  

Харин ЕТГ-ын дарга асан З.Энхболдыг дээрх заалт 2025 оноос хэрэгжих ёстой байсныг 2020 оны тавдугаар сарын 25-наас хэрэгжихээр болгох санал гаргасан гэдэг.

Иймд тэрээр энэ асуудалд “Санал гаргаагүй ээ. АН-ын дарга байсан З.Энхболд санал гаргаад л, тэрийг МАН-ын 65 гишүүн хууль болгож батлаад байх уу. Өөрсдөө хийчхээд намайг гүтгэсэн. Тэгээд ч хууль хэрэгжих хугацааг 2020 он болгосон ч Үндсэн хуулиа барина шүү дээ. Зургаан жил Ерөнхийлөгч хийсэн хүн дахин нэр дэвших эрхгүй тухай ярьсан болохоос биш өөр хэн нэгэн хүний тухай үндсэн хууль дээр бичээгүй, тийм хууль батлаагүй” гэж байр сууриа илэрхийлжээ.