Коронавирусээр нас барсан иргэдийн дурсгалыг хүндэтгэж АНУ-д үндэсний хэмжээнд гашуудал зарлалаа

Коронавирусээр нас барсан иргэдийн дурсгалыг хүндэтгэж АНУ-д үндэсний хэмжээнд гашуудал зарлалаа

Дэлхий даяар коронавирусийн халдварын улмаас нас барсан хүний тоо хоёр сая 400 гаруй мянгыг давсан бол АНУ-д 500 мянган хүн халдварт өвчнөөр хорвоог орхижээ. Тодруулбал, АНУ халдварын тохиолдол болон нас баралтаар дэлхийд эхний байранд бичигдэж байгаа юм.

Үүнтэй холбоотойгоор Америкийн Ерөнхийлөгч Жо Байден үндэсний хэмжээнд таван өдрийн гашуудал зарлаж, Цагаан ордны дээр мандуулсан төрийн далбааг бөхийлгөхийг тушаажээ. Өчигдөр тус улсын хэд хэдэн хотод хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх ёслол болж, ёслолд оролцогчид лаа асаан, нэг минут дуугаа хураан хүндэтгэл үзүүлсэн юм. Мөн “The New York Times” (NYT) сонин шинэ дугаараа коронавирусийн улмаас АНУ-д амиа алдсан хүмүүсийн дурсгалд зориулж, сонины эхний нүүрэнд халдварын улмаас нас барсан хүн бүрийг илтгэх 500 мянган цэгээс бүрдсэн график хэвлэсэн байна. Таймс сонин дахь дүрслэл нь 2020 оны хоёрдугаар сарын сүүлээс өнгөрсөн бямба гараг хүртэлх хугацааны нас баралтын үзүүлэлтийг дүрсэлжээ.

Ерөнхийлөгч Жо Байден "Өнөөдөр бидний хувьд хамгийн гунигтай, сэтгэл өвтгөм өдөр тохиож байна. Нэг жилийн хугацаанд Дэлхийн I, II дайн болон Вьетнамын дайнд амиа алдсанаас ч их хүн АНУ-д нас барлаа. Цар тахал дуусаагүй тул иргэн бүр хариуцлагтай байж амны хаалтаа зүүх нь нэн чухал байна" хэмээн мэдэгджээ.

Эх сурвалж: New York Times




Өнөөдөр бар өдөр

5 цагийн өмнө