БШУЯ: Зургадугаар сардаа бүтэн хичээллэх тооцоо судалгаа хийж байна

БШУЯ: Зургадугаар сардаа бүтэн хичээллэх тооцоо судалгаа хийж байна

БШУЯ-ны Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очир ирэх зургадугаар бүтэн хичээллэх нь төлөвлөгөөтэй байна гэж мэдэгджээ.

Тодруулбал, тэрбээр "Энэ хичээлийн жилийн бүтцээр хоёрдугаар улирлын амралт гуравдугаар сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 5-н хүртэл байгаа. Бага анги зургадугаар сарын 1, дунд анги зургадугаар сарын 7, ахлах анги зургадугаар сарын 14-нөөс амарна. Нөхцөл байдлаа харж байгаад боломжтой бол зургадугаар сардаа бүтэн хичээллэх тооцоо судалгаа хийж байна. Хэрвээ зургадугаар сард бүтэн хичээллэвэл багш нарын ээлжийн амралт, цалинтай холбоотой асуудал яригдана. Одоо бид түр журман дээрээ төгсөх анги буюу 9,12 дугаар ангиудад амралтын өдөр нэмэлт давтлага өгч болохоор зохицуулж байна. Багш нар хүүхдийнхээ л төлөө ажилладаг учраас үүнийг хүлээж авах байх гэж бодож байна. Энэ мэт нөхцөл байдлаа харж байж тухай бүрд нь шийдвэрээ гаргахгүй бол өнөөдөр зургадугаар сард бүтэн хичээллэнэ гэдэг шийдвэр гаргачихдаг гэтэл зургадугаар сард нөхцөл байдал ямар байхыг хэлж мэдэхгүй. Тиймээс тухай бүрд нь тохирсон шийдвэрээ богино хугацаанд гаргаад Засгийн газар, УОК-оор хэлэлцүүлээд явна" гэжээ. 

Дашрамд дурдахад, Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар /2021.02.24/ аймаг, сум, тосгон, баг дахь ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, хүүхэд харах төвийн хичээлийг  2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлүүлэхээр болсон. Харин нийслэл Улаанбаатар хотод 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс, цэцэрлэг, хүүхэд харах төв, их, дээд сургууль, коллеж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн хичээлийг 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэх саналтай байгаа ч эцсийн шийдвэр гараагүй байгаа юм.