ТАНИЛЦ: 19 настай Э.Даваанинж мэргэжлийн сумод орсноосоо хойш нэг ч уналгүй амжилттай барилдаж байна

ТАНИЛЦ: 19 настай Э.Даваанинж мэргэжлийн сумод орсноосоо хойш нэг ч уналгүй амжилттай барилдаж байна

Өнгөрсөн оны хоёрдугаар сарын 29-ний өдөр Японы Осако хотноо уламжлал ёсоор зохиогдсон шинэ сумочдын шалгалтад оролцсон 45 бөхөөс нэгэн залуу бөх онцгойрч, олны анхаарлыг ихэд татаж байлаа. Тэр бол Хокүсэйхо Э.Даваанинж. Тухайн үед 18 настай байсан Э.Даваанинж мөр зэрэгцэн өрсөлдсөн Тайхо аваргын ач, Туркийн анхны сүмочоос хүч тэнхээ, мэхээрээ аргагүй ялгарч байв.

Э.Даваанинжийг зургаан настай байхдаа Өмнөд Солонгосын нисэх онгоцны буудалд

Э.Даваанинж зургаан настай байхдаа Өмнөд Солонгосын нисэх онгоцны буудалд Их аварга Хакүхо М.Даваажаргалтай тааралдаж, хамт авахуулсан зургаар нь зарим хүн андахгүй. Чухам тэр үеэс сумо болох мөрөөдлийг тээсэн энэ хүү өдгөө Хакүхо аваргын шавь болж мэргэжлийн сумод орсноосоо хойш нэг ч өвдөг шороодолгүй доод гурван зиндаанд түрүүлээд байна.

Хокүсэйхо хэмээх нэрийг түүнд Хакүхо аварга өгсөн бөгөөд Хакүхогийн Хо ханзыг багтаасан нь энэ аж.

Хокүсэйхо Э.Даваанинж одоо 19 настай. Бусад бөхчүүдээс биерхүү, 2 метр өндөр. Дунд сургуульд орох үедээ 190 орчим см өндөртэй байсан бөгөөд өдөрт нэг литр сүү уудаг байжээ. Харин одоо Хокүсэйхо өсөх биш биеийн жингээ нэмэхэд илүү анхаарч байгаа гэнэ.

Э.Даваанинж анх Японы Хоккайдод сүмо барилдаж эхэлсэн байна. Үүний дараа Хакухо аваргын зөвлөсний дагуу Тоттори Жёохокү сургуульд суралцжээ. Уг сургуулиас Японы сумо бөхийн дэвжээнд олон сайн бөх төрсөн гэдгээрээ алдартай. Хокүсэйхогийн багш бол хүмүүсийн сайн мэддэг Ж.Мөнхбат аваргын зээ, Г.Өсөхбаяр аваргын хүүд сумогийн дэвжээнд барилдах суурийг нь тавьж өгсөн Р.Гантөгс гуай. Р.Гантөгс гуай бол Монголын сонирхогчдын сумо төдийгүй мэргэжлийн сүмод ч өндөр гавьяа байгуулсан шилдэг мэргэжилтэн.

Түүний олон шавь одоо мэргэжлийн сүмод хүч сорьж байна. Озэки асан Тэрүнофүжи, Ичиножёо, Асахирюү, Роога нар мөн түүний шавь нар. Энэ олон шавь нарын залгамж халаа болсон Э.Даваанинжийн нэгэн том зорилго бол сумогийн рекорд 27 дараалан давсан амжилтыг эвдэж, Макүшитад түрүүлэх. Макүшитад хүчтэй, том биетэй бөхчүүд барилддаг тул амаргүй сорилт, бас том даваа. Гэхдээ Хокүсэйхо зорилгоо биелүүлэхээр өдөр болгон шаргуу бэлтгэл хийж байна. 

Өнгөрсөн онд мэргэжлийн сумогийн хамгийн доод зиндаа болох Жонокүчид анх удаа сумод хүч үзэхэд Э.Даваанинж дэвшин барилдаж долоо даваагаа авч Жонокүчи зиндааны түрүү бөхөөр тодорч байв. Мөн Жонокүчид түрүүлсэн долоо дахь Монгол бөх болсон юм. Тийнхүү мэргэжлийн сумогийн албан ёсны анхны барилдаанаа даваагаар эхлүүлсэн "Миягино" дэвжээний бөх Э.Даваанинжийг гуравдугаар сарын башёд зорилгоо биелүүлнэ хэмээн олон хүн хүлээж байна. 




“BONUS BOOST” BSB-д

7 цагийн өмнө