“Moderna” 12-17 насны хүүхдүүдэд зориулсан вакцины туршилтаа эхлүүлнэ

“Moderna” 12-17 насны хүүхдүүдэд зориулсан вакцины туршилтаа эхлүүлнэ

АНУ-ын төвтэй   “Moderna” компани 2021-2022 оны хичээлийн жил эхлэхээс өмнө 12-18 насны хүүхдүүдэд зориулсан вакцин гарган авахаар ажиллаж байгаа талаар өнгөрсөн онд мэдээлж байв. Тус компанийн бүтээсэн “mRNA-1273” вакцин насанд хүрэгчдэд коронавирусийн эсрэг 94,5 хувьтай үйлчилж буйг баталсан. Тэгвэл одоо хүүхдүүдэд зориулсан вакцины туршилтаа эхлүүлэх гэж байна. Туршилтад 3 мянган хүүхэд хамрагдаж байгаа бөгөөд ирэх сард эхний үр дүнг зарлах аж. Үүнээс гадна 6-12 хүртэлх насны хүүхдэд зориулсан ковидын вакциныг ч ойрын хугацаанд туршиж эхлэнэ хэмээн мэдэгдээд байна.

Ингэснээр коронавирусийн улмаас дахин сургуулийн үйл ажиллагаа тасалдаж хүүхдийн боловсрол олж авах замд саад үүсэхгүй хэмээн вакцин бүтээгчид үзэж байгаа юм байна. Тэдний мэдээлснээр өсвөр насны хүүхдүүдэд вакцин нь насанд хүрэгчдээс илүү үр дүнтэй үйлчлэх гэнэ. Мөн вакциныг насанд хүрэгчдийн адил 28 хоногийн зайтай хоёр тунгаар хийх юм байна. “Moderna”-аас гадна “Pfizer” компани 16 болон 17 насны өсвөр насны хүүхдүүдэд вакцин тарих зөвшөөрөл авах хүсэлтээ Европын Холбоонд илгээсэн юм. Гэсэн ч судалгаа, шинжилгээ дутмаг гэсэн шалтгаанаар тодорхой хариу хэлээгүй байна.