Билл Гейтс: Илон Маск шиг баян биш л бол биткойн авах хэрэггүй

Билл Гейтс: Илон Маск шиг баян биш л бол биткойн авах хэрэггүй

“Биткойн” хүн төрөлхтний хэрэглээнд нэвтэрснээс хойш багагүй хугацаа өнгөрч, сүүлийн жилүүдэд биет бус энэ зүйлийн хэрэглэгчид улам олшров. Нэр хүндтэй хөрөнгө оруулагчид хүртэл биткойныг ам уралдан ярьж, “Samsung”, “Google” гэх мэт томоохон компаниуд биктойныг төлбөрийн хэрэгслээрээ сонгож байна.

Дэлхийн хамгийн баян хүн болох Илон Маск хүртэл саяхан өөрийн “Tesla Inc” компаниар дамжуулан криптовалютад 1.5 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийж, тун удахгүй биткойныг албан ёсны төлбөрийн хэрэгсэл болгоно хэмээн мэдэгдсэн нь шуугиан тарив.

Биткойн гэж юу вэ. Товчхондоо биткойн бол онлайнаар ашигладаг виртуал мөнгө юм. Гэхдээ төгрөгөөс ялгаатай нь биткойныг зохицуулах банк гэж байдаггүй. Харин тоогоор илэрхийлсэн дижитал файл л бий.

Эдгээр хийсвэр тоо нь биет ертөнцөд ямар ч үнэ цэнэгүй боловч түүнийг хэрэглэж, бодит худалдан авалт хийх боломжтой болгож байгаа нь биткойны сүлжээн дэх хэрэглэгчдийн итгэлийг бий болгодог гэж хэлж болно. Сүүлийн жилүүдэд манай улсад ч биткойн худалдан авах хүмүүсийн тоо нэмэгдэх болсон. Тэгвэл “Майкрософт” корпорацыг үүсгэн байгуулагч Билл Гэйтс саяхан “Clubhouse”-д анх удаа нэгдэж, уур амьсгалын өөрчлөлтийн талаар цаг орчим ярьжээ. Энэ үеэр нэгэн сэтгүүлч криптовалютын уур амьсгалд үзүүлэх нөлөөллийн талаар асуухад тэрээр биткойнны “шүтэн бишрэгч” биш гэдгээ хэлж, биткойн сонирхож буй хүмүүст зөвлөгөө өгчээ. Билл Гэйтсийн “Clubhouse”-д ярьсан зүйлийг та бүхэнд орчуулан хүргэж байна. 

-Криптовалютын хэрэглээ хурдацтай нэмэгдэж байна. Криптовалют “олборлох” нь цахилгаан эрчим хүчний асар их хэрэглээг шаарддаг. Энэ нь уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлөх үү?

-Таны хэлсэнчлэн биткойн гүйлгээнд бусад төрлийн төлбөрийн хэрэгслээс илүү цахилгаан эрчим хүч шаарддаг. Тэгэхээр цаг уурын хувьд тийм ч таатай зүйл биш.Энэ талаар би өмнө нь хэд хэдэн удаа ярьж байсан. Нөгөө талаар дижитал мөнгөний гүйлгээг хэн гүйцэтгэсэн нь мэдэгдэхгүй, нууцлаг байдаг учир зарим талаар эргэлзээ төрүүлдэг.

Та намайг биткойнд эргэлзэгч гэж нэрлэж магадгүй. Гэхдээ би хувийн зүгээс биткойнд хөрөнгө оруулахгүй гэж бодож байна. Үүний оронд хумхаа өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин, аль эсвэл улаанбурханы вакцинд хөрөнгө оруулах байсан. Би бодит бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниудад хөрөнгө оруулахыг илүүд үздэг. Сүүлийн үед хүн бүр л “биткойн” гэж ярих боллоо. Тэрбумтан, баячууд хүртэл ярьж эхэлсэн учраас зарим хүн биткойнд байдаг хөрөнгөө зарцуулж байна. Гэвч өнгөц харж, дүгнэж болохгүй. Сайн судлах хэрэгтэй гэж хэлмээр байна”

-Биткойны ханш огцом нэмэгдэж, 58 ам.долларт хүрлээ. Цаашид өсөх болов уу?  

-Илон Маскийн үүсгэн байгуулсан “Тесла” компани саяхан 1,5 тэрбум ам.доллараар биткойн худалдаж авсан. Илон  Маск бол биткойны “халуун  дэмжигч” юм. Ялангуяа сүүлийн үед биткойны үнэ өссөн нь түүнтэй холбоотой. 1,5 тэрбум ам.доллар гэдэг бага мөнгө биш. Маскийн энэ үйлдэл нь биткойны үнийн хөөрөгдлийг үүсгэхэд том хувь нэмэр оруулсан гэж бодож байна. Маск биткойны үнэд асар их нөлөө үзүүлж байна. Теслагийн хөрөнгө оруулалтын дараа энэ сард биткойны үнэ 76 хувиар огцом өссөн. Гэтэл түүнийг криптовалютын үнэ “өндөр байна” гэж твиттерт жиргэсэний дараа шууд л 13 хувиар унасан. Нэг хүний хэлсэн үгээс л үнэ нь хэлбэлзэж эхэлж байгаа нь эргэлзээ төрүүлж байна. Би биткойны үнэ цаашид нэг их нэмэгдэнэ гэж бодохгүй байна. 

-Танай сан дижитал мөнгөний чиглэлд томоохон ажлуудыг хийж ирсэн шүү дээ. Гэвч та одоо үүнийг үгүйсгэж байна. Таны бодлоор биткойн гүйлгээний үндсэн хэрэгсэл болж чадахгүй гэж үү.

-Тийм ээ. Дижитал мөнгө бол хэрэгтэй зүйл. Таны хэлснээр манай сан энэ чиглэлд их зүйл хийдэг. Гэхдээ дижитал мөнгөний гүйлгээг хэн гүйцэтгэсэн нь мэдэгдэхгүй, нууцлаг байх нь яавч сайн юм биш. Биткойныг гүйлгээний үндсэн механизм болно гэдэгт би итгэдэггүй. Төлбөр тооцоо хийхэд ийм их эрчим хүч хэрэглэх нь ямар ч үр ашиггүй зүйл юм.

-Илон Маск биткойнд хөрөнгө оруулснаас хойш олон хүн үүнийг сонирхох боллоо. Яг одоо биткойн худалдан авах гэж байгаа хүмүүст хандаж юу гэж зөвлөх вэ?

-Илон Маск бол маш их мөнгөтэй, мэдлэгтэй хүн. Тиймээс би түүний биткойн өсөх, буурахад санаа зовохгүй байна. Харин мөнгө багатай, бололцоогүй хүмүүс биткойнд хөрөнгө оруулах нь эрсдэлтэй. Хэрвээ Илон шиг баян л биш бол биткоин авах хэрэггүй гэж би зөвлөх байна. Маскаас бага мөнгөтэй  бол үүнээс болгоомжлох хэрэгтэй. Сэтгэлийн хөөрлөөр яарах хэрэггүй.

Түүнийг ийнхүү ярьсны дараа 58 мянган ам.долларт хүрээд байсан биткойны ханш унаж 46 мянган ам.долларт хүрсэн юм. Биткойны талаарх маргаан шинэ зүйл биш. Өмнө нь тэрбумтан Уоррен Баффет криптовалютыг “ямар ч үнэ цэнэгүй, юу ч үйлдвэрлэдэггүй” гэж хэлж байв. Мөн АНУ-ын Сангийн нарийн бичгийн дарга Жанет Йеллен энэ долоо хоногийн эхээр "Нью Йорк Таймс" сонинд "Биткойн бол гүйлгээ хийх туйлын үр ашиггүй арга зам" хэмээн хэлжээ.