УОК: Ирэх лхагва гарагаас хот хоорондын нийтийн тээвэр хэвийн горимоор үйлчилж эхэлнэ

УОК: Ирэх лхагва гарагаас хот хоорондын нийтийн тээвэр хэвийн горимоор үйлчилж эхэлнэ

Нийслэлээс орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг нээсэнтэй холбоотой иргэдээс дараах асуултуудыг олноор ирүүлсэн тул асуулт, хариултыг нэгтгэн хүргэж байна.

-ПСР-ын шинжилгээ 72 цагийн дотор хүчинтэй гэдэг шийдвэр хаанаас гарсан вэ?

-ДЭМБ-аас өгсөн зөвлөмжийн дагуу ПСР шинжилгээний хариу 72 цагийн дотор хүчинтэй байх талаар чиглэл өгсөн. Хүний биед “Ковид-19”-ийн вирус халдварласан бол 72 цагаас эхлэн тухайн хүний биед эмнэлзүйн шинж тэмдэг мэдэгдэж, шинжилгээнд илрэх боломжтой учраас дээрх хугацааг тогтоосон.

-Хөдөө орон нутаг руу зорчиж байгаа иргэдийн шинжилгээний хариуны 72 цагийн хугацаа замд явж байхад нь дуусвал яах вэ?

-Иргэд орон нутаг руу зорчихоосоо өмнө ПСР шинжилгээ өгөөд, хариугаа гарсны дараа хөдөлгөөнөө эхлүүлнэ. Хоол хүнсээ базааж, замдаа зогсохгүй, иргэдтэй харилцаа үүсгэхгүй явахыг хичээх хэрэгтэй. Иймд зорьсон газраа очсон хойно шинжилгээний хариуны 72 цаг өнгөрсөн ч хүчинтэйд тооцно.

-Орон нутаг руу гэр бүлээрээ зорчиж буй иргэд бүгд шинжилгээ өгсөн байх шаардлагатай юу, эсвэл нэг нь өгсөн байхад болох уу?

-Хамт яваа гэр бүлийн гишүүдийн аль нэг нь ПСР-ын шинжилгээ өгсөн тохиолдолд бусад гэр бүлийн гишүүдээс шинжилгээ хийлгэсэн байхыг шаардахгүй. Харин тухайн гэр бүлд хамааралгүй зорчигч хамт яваа бол шинжилгээ өгсөн байхыг шаардана.

-Галт тэргээр зорчиход ямар журам үйлчлэх вэ?

-Галт тэргээр явах зорчигч бусад тээврийн хэрэгслээр явж буй зорчигчийн нэгэн адил ПСР-ын шинжилгээ өгсөн байх ёстой. Өнөөдрөөс орон нутгийн нислэгүүд үйлдэгдэнэ. Харин гуравдугаар сарын 3-наас хот хоорондын нийтийн тээвэр хэвийн горимд үйлчилж эхэлнэ

-Хотоос орон нутагт очсон иргэд очоод тусгаарлагдах уу?

-Тухайн орон нутгийн байнгын оршин суугч Улаанбаатараас очсон тохиолдолд гэрээр долоо хоног тусгаарлагдана. Мөн орон нутагт суурин ажилладаг хүн очсон үед мөн адил долоо хоног гэрээр тусгаарлагдана. Учир нь нууц үеийн хугацааг ийнхүү тооцож буй.

-ПСР шинжилгээг үнэ, төлбөртэй авч байгаа юу?

-УОК, НОК- ын шийдвэрийн дагуу ажиллаж буй цэгүүдэд үнэ, төлбөргүй авна

-ПСР шинжилгээний хариуг хүчин төгөлдөрт тооцох 72 цагийг яаж тоолох вэ?

-Шинжилгээ өгөгчийн шинжилгээний хариу гарсан тухайн өдөр, цагаас эхлэн 72 цагийн хугацааг тоолно.

-Хөдөө орон нутгаас ирэх хүн ПСР-ын шинжилгээ өгөх үү?

-Өгөхгүй, асуумж бөглөөд товчоодоор нэвтэрнэ. Учир нь ногоон бүс буюу халдваргүй газраас ирж байгааг харгалзсан болно. Буцахдаа ПСР-ын шинжилгээ заавал өгнө.

Эх сурвалж: Улсын Онцгой комисс