С.Амарсайхан: Тавдугаар сарын 1-нээс хилээ нээх шийдвэр гаргалаа

С.Амарсайхан: Тавдугаар сарын 1-нээс хилээ нээх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар хэлэлцсэн зарим асуудлын талаар Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл өглөө. 

Тэрээр “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ойрын хугацаанд бэлтгэл ажлаа хангаж дотооддоо халдварын нөхцөл байдал хүндрэхгүй, аж ахуйн нэгжүүд ариун цэврийн дэглэмээ баримтлан ажиллаж, вакцинжуулалт тасрахгүй явбал тавдугаар сарын 1-нээс хил нээх шийдвэр гаргалаа. Хилийн боомтуудын үйл ажиллагаатай холбоотой бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэг баруун, зүүн бүсийн хилийн цэгүүдэд ажилласан. Хил нээнэ гэдэг зөвхөн зорчигч тээврийн асуудал биш. Мөн зөвхөн манай улсаас хамаарах асуудал биш. Цаашдаа хил боомтын нэвтрэлтийг сайжруулах, хилийн орчид ариутгал, халдваргүйжүүлэлтийг сайжруулах ажлуудыг хийж эхэлсэн. Өнөөдөр Засгийн газраас албан ёсны шийдвэр гаргасан учраас холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаж эхэлнэ" гэсэн юм. Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Тавдугаар сарын 1-нд хилээ нээх шийдвэр гаргасан гэж байна. Гэтэл халдварын тохиолдол өдөрт 30-аас буухгүй байна. Цаашдаа ч буухгүй байвал яах вэ?

-Халдварын тохиолдол өндөр байна. Улаанбаатар хотод эрсдэл багасаагүй. Гэхдээ Засгийн газар, УОК-ын аль болох иргэдийнхээ амьдралыг хэвийн үргэлжлүүлэх, зохих дэглэм журам, халдваргүйтэл ариутгалын асуудал дээр хүн бүхэн анхаарч ажиллах хэрэгтэй байна. Энэ тал дээр анхаарч ажиллаж чадвал бид тавдугаар сарын 1-нээс хилээ нээх боломжтой. Энэ эцсийн шийдвэр биш ч Засгийн газраас боломжтой бүх бэлтгэлийг хангаж ажиллана.

-Нийслэлд хичээл, сургуулийн үйл ажиллагааг хэзээнээс оруулах саналтай байгаа вэ?

-Улаанбаатар хотод хэзээ хичээл, сургууль нээхийг эцэслэн шийдээгүй байна. Засгийн газар, УОК-ын хуралдаанаар хэлэлцүүлж, салбар яамны санал дүгнэлтийг сонсож шийдвэр гаргана. Шинэ дүрэм, журмаар ажил үйлчилгээгээ явуулж байна. Шинэ дүрэм журмаа хэрэгжүүлж хэвшээгүй байна. Ойрын хугацаанд шийдвэр гаргана.

ҮЗЭХ: