Баян-Өлгий аймагт Улаанбаатар хотоос очсон  иргэнээс коронавирус илэрчээ

Баян-Өлгий аймагт Улаанбаатар хотоос очсон иргэнээс коронавирус илэрчээ

Өчигдөр буюу энэ сарын 4-ны өдөр Баян-Өлгий аймагт Улаанбаатар хотоос есөн иргэн очсон байна. Харин эдгээр иргэдийн нэгийнх нь PCR-ын шинжилгээний хариу “эерэг” гарсан гэх мэдээлэл байна.

Тухайн иргэн нь нийслэлд эмчлүүлж байгаад энэ сарын 1-ны өдөр шинжилгээ өгөхөд хариу нь “сөрөг” гэж гарсан тул ийнхүү тус аймаг руу зорчсон байжээ.

Иймд Баян-Өлгий аймагт өнөөдөр коронавирусний халдварын нэг тохиолдол батлагдсантай холбогдуулан аймгийн Онцгой комисс шуурхай хуралдаж дараах шийдвэрийг гаргажээ. 

Үүнд:

  1. Өнөөдрийн 19:00 цагаас эхлэн 48 цагийн хугацаагаар аймгийн төв, сумын төвүүдээс гарах, орох хөдөлгөөнийг хязгаарлав.
  2. Энэ сарын 6-ны өдрийн 06:00 цагаас эхлэн аймгийн хэмжээнд тэг зогсолт хийхээр болов. Тухайн хугацаанд хүнсний дэлгүүр, эмийн сангаас бусад төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллагын үйл ажиллагааг /төрийн болон нутгийн захиргааны байгууллага, сургууль,  цэцэрлэг, дотуур байр, аж ахуйн нэгж г.м/ зогсооно.
  3. Тэг зогсолтын хугацаанд өнгөрсөн сарын 26-29-ний өдрүүдэд Баян-Өлгий аймгийн Өлгий хотод ирж буяны ажилд оролцоод, Ховд аймагт буцаж очоод халдватай болох нь батлагдсан Ховд аймгийн иргэний ойрын болон дам харьцагчдыг цагдаа, тагнуул, мэргэжлийн хяналт, онцгой байдлын байгууллагын дэмжлэгээр өргөн хүрээнд илрүүлж, шинжилгээ хийхээр боллоо.