Шуудан ашиглаж Монгол руу хар тамхи илгээж байсан н.Одцацралыг Испаниас авчирч хорьжээ

Шуудан ашиглаж Монгол руу хар тамхи илгээж байсан н.Одцацралыг Испаниас авчирч хорьжээ

Олон Улсын шуудан илгээмжээр манай улсад хар тамхи орж ирэх тохиолдол гарах болсон талаар хуулийн байгууллагаас сэрэмжлүүлж,  мөрдөх ажиллагааг тогтмол явуулж байгаа гэж буй. 

Тэгвэл хилийн чанадаас шуудан, илгээмж ашиглаж эх орон руугаа хар тамхи илгээж байсан манай улсын нэг иргэнийг Испани улсаас саяхан авчирч хорьсон байна. Тодруулбал, тус этгээд нь одоогоос хоёр жилийн өмнө олон улсын шуудан илгээмжээр мансууруулах бодис бүхий илгээмжийг удаа дараа тодорхой хүлээн авагч руу явуулж байжээ. Түүнийг нь Гаалийн ерөнхий газрын харьяа Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газраас тодорхой хүмүүс хүлээн авч байж. 

Иймд ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын ажилтнууд хүлээн авагчийг нь тогтоож, улмаар Монгол руу н.Анужин, н.Одцацрал гэх иргэд дээрх хууль бус барааг Испани улсаас илгээж байгааг нь тогтоосон байна. 

Ингээд Испанийн хуулийн байгууллагад дээрх иргэдийг олж тогтоох хүсэлт хүргүүлснээр эх орон руугаа хар тамхи илгээдэг гэр бүлийн хоёр хүнийг саатуулжээ. Улмаар тэднийг шилжүүлэн авах санал тавьсан боловч н.Анужин нь Испани улсын иргэн болох хүсэлт гаргасан байсан тул Монгол руу буцаах асуудлыг нь түдгэлзүүлсэн байна. 

Харин түүний эхнэр н.Одцацралыг манай улсын талд хүлээлгэн өгчээ. Иймд түүнийг Барселоноос Франц, БНСУ-аар дамжуулан Улаанбаатар хотод авчирч ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангил хориод байгаа ажээ. Мөн тэдний илгээсэн хар тамхийг хүлээн авч, бусдад борлуулахыг завдсан этгээдүүдэд холбох хэргийг шалгаж дуусаад удахгүй шүүхэд шилжүүлэх гэж байгаа юм байна.