Бан Ги Мүн: Популизмд автсан бодлого эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж байна

Бан Ги Мүн: Популизмд автсан бодлого эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж байна

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ онд тохиож байна.

Иймд Азийн төлөөх Боао форумын Улаанбаатарын бага хурал Улаанбаатарт болж байгаа юм.  Уг уулзалтад НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан, Азийн төлөөх Боао форумын дарга Бан Ги Мүн оролцож байгаа юм.

Тус уулзалтад улс төрийнхөн болон бизнесийнхэн өргөнөөр оролцож байна. Тэрээр 2018 оны эхнээс энэ ажлыг гүйцэтгэж байна. Улаанбаатарт хоёр дахь удаа ирсэн Бан Ги Мүн уг форумын талаар “Улс орнууд хамтдаа хөгжин дэвших нь Монголд ч ашигтай. Үүний тулд Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030-ыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Том жижиг байхаас үл хамааран дэлхийн улс орнууд чөлөөт худалдаа эрхлэх боломжтой байх ёстой. Боао форумын Улаанбаатарын бага хурлын үеэр түгээх гол мессеж нь чөлөөт худалдааг дэмжих тухай юм. Олон улсын хамтын нийгэмлэгт Ази тив чухал үүрэгтэй. Дэлхийн нийт хүн амын 60 хувь нь Азид амьдардаг. Иймд тогтвортой хөгжлийн гол хөдөлгүүрийн нэг байх боломжтой. Учир нь Азийн орнууд эдийн засгийн хүчин чадлаараа тэргүүлдэг. Азийн орнуудын ДНБ-ийн өсөлт ирээдүйд ч өндөр хэвээр байх болно.

Гэхдээ баян ядуугийн ялгаа гэх мэт заагийг арилгахын тулд их ажил хийх хэрэгтэй. Эдийн засгийн өсөлт тэгш бус байдлыг бууруулах чиглэх ёстой. Хэн ч хамгийн сүүлд хоцрох ёсгүй. Гэвч цаг уурын өөрчлөлт гэх мэт сорилт Азийн орнуудад тулгарч байна. Үүний тод жишээ нь Монгол Улс. Өнөөдөр бүтэн өдөр үргэлжлэх хурлаар бид цаг уурын өөрчлөлт, хүлэмжийн хийн асуудлыг ч хөндөнө6

Өнөөдөр дэлхий нийтэд уур амьсгалын өөрчлөлт, хүн амын насжилт, байгаль орчны бохирдол зэрэг маш олон асуудал тулгамдаж байна. Эдгээр асуудал нь хөгжлийн ямар нэгэн дутуу орон зай, бодлоготой холбоотой гэж бид үзэж байна.

АНУ, Европын холбоо, Зүүн Өмнөд Ази зэрэг бүс нутгийн улсууд даяарчлалаас ухарч, популизмд автаж, нэг талыг баримталсан бодлого хэрэгжүүлж байгаа нь  дэлхийн засаглал, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж байна. Дээрх асуудлыг шийдвэрлэж, илүү сайхан ирээдүйг бий болгоход улс орнуудын уялдаа холбоо, хамтын ажиллагаа маш чухал үүрэгтэй. Улс орнууд дэд бүтцээр холбогдож, хамтын ажиллагааг өргөжүүлж, уялдаа холбоотой ажиллах зайлшгүй шаардлага гарч ирж байна. Гэхдээ дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхдээ Байгаль орчны хүчин зүйлийг чухалчлан авч үзэх хэрэгтэй” гэсэн юм.

Харин Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан хөрөнгө оруулалтын орчныг танилцуулахдаа “Бид дотоод гадаад гэж хөрөнгө оруулагчдыг ялгахгүй, ЖДҮ-д хөрөнгө оруулбал тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлнө, эдийн засгийн чөлөөт бүсэд хөрөнгө оруулбал эхний жилүүдэд мөн татвараас чөлөөлөх хуулийн заалтуудтай. Гадаадын хөрнгө оруулагчдад төрийн үйлчилгээг үзүүлэх нэг цэгийн үйлчилгээг өнгөрсөн хоёрдугаар сард байгуулсан. Виз олгох, сунгах, гомдол хүлээн авах, татвар, нийгмийн даатгалын тайлан хүлээн авах гэх мэтээр 5 байгууллага үйлчилгээгээ нэг дор үзүүлж байна.Монгол Улсад 2018 оны эцсээр нийт 23.6 тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалтыг хийжээ. Энэ дүн өнгөрсөн оныхтой харьцулахад 30 хувиар өссөн. 2018 онд 500 гадаад компани шинээр бүртгүүлсэн нь мөн л өссөн тоо юм. Тэдний дийлэнхийг БНХАУ, Голланд, Канад, Сингапурын компаниуд эзэлсэн. Нийт хөрөнгө оруулалтын 68 хувийг геологи, хайгуулын салбар татжээ. Манай улсын олгож буй татварын болон бодлогын таатай орчинд ажиллах өргөн боломж т бүхэнд бий. Засгийн газар аливаа хөрөнгө оруулалтын ямагт дэмжин ажиллах болно” гэлээ.

Боаогийн форум үргэлжилж байна.