Зүүнбаян цэргийн ангид амиа алдсан байлдагчийн хэргийн шүүх хурал болно

Зүүнбаян цэргийн ангид амиа алдсан байлдагчийн хэргийн шүүх хурал болно

Өнгөрөгч нэгдүгээр сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэрэг амиа алдсан хэрэг гарсан билээ.

-ТАЛИЙГААЧИД ГАР ХҮРСЭН ГЭХ ЦЭРГИЙН АНГИЙН ГУРВАН АЛБАН ТУШААЛТАНГ ШҮҮНЭ-

Орхон аймгаас өнгөрсөн арваннэгдүгээр сард татагдан очсон, 19 настай байлдагч өглөөний гүйлтэндээ гүйж байгаад унахад бусад нь түшиж цэргийн байранд оруулан, ус уулгасан ч хэсэг хугацааны дараа бөөлжиж, удалгүй нас барсан тухай мэдээлэл цацагдаж байв.

Харин хэрэг гарсаны дараахан талийгаачийн ар гэрийнхний зүгээс гэрэл зургуудын хамтаар зодож, тамлаж алсан хэмээх мэдээллийг бичиж байсан.

Тэгвэл уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч улмаар наймдугаар сарын 28-ны өдөр буюу ирэх лхагва гарагт шүүх хурал болохоор тов зарлагджээ. Талийгаач байлдагчийн биед хөнгөн гэмтэл учруулсан гэж үзэж тухайн цэргийн ангийн нэр бүхий гурван албан тушаалтанг буруутган ийнхүү шүүхээр болсон аж.

Хуулийнхны үзэж буйгаар, тухайн талийгаач хугацаат цэргийн алба хаагчийг цэргийн ангийн командлагч болон жагсаалын дарга нар цохисон хэдий ч үхэлд хүргэх шалтгаан байгаагүй хэмээн мэдээлж байв. Харин эл мэдээлийг талийгаачийн ар гэрийнхэн эсэргүүцэж шүүх хурлын зүйчлэл буруу хэмээн үзэж буй аж.

Уг хэрэг гарахаас өмнө мөн л Зүүнбаянгийн ангид 2017 оны өвөл нэг цэрэг цагийн манааныхаа байрлалыг орхин ахлагчдаа шийтгүүлж, улмаар есөн хуруугаа хөлдөөж тайруулж байсан хэрэг гарсан байдаг. Мөн тус ангийн захирагч, хурандаа Д.Өлзийбаярыг өмнө нь Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн захирагчаар ажиллаж байхад хоёр алба хаагч хээрийн сургуулилалтын үеэр гранатад өртөж амиа алдсан юм. Тухайн үед хэргийг шалгаад хэрэгсэхгүй болгосон ажээ.