Н.Алтанхуягийн Н.Энхбаяртай гэрээлсэн түүхийг Л.Оюун-Эрдэнэ Х.Баттулгаар ДАВТАЖ, эцэст нь ОГЦОРНО

Н.Алтанхуягийн Н.Энхбаяртай гэрээлсэн түүхийг Л.Оюун-Эрдэнэ Х.Баттулгаар ДАВТАЖ, эцэст нь ОГЦОРНО

Ерөнхий сайд болон АН-ын даргаар Н.Алтанхуяг 2014 онд ажиллаж байхдаа “МАХН-ын дарга Н.Энхбаяртай хамтын ажиллагааны гэрээ” байгуулж дараа нь Ерөнхий сайд, намын даргын албан тушаалаасаа огцорч байв.

Учир нь Н.Алтанхуягийн албан тушаал “дээсэн дөрөөн дээр дэнжгэнэж байсан” тул тэрээр арга буюу УИХ-д суудалтай, Засгийн газарт нь хамтарсан МАХН-ыг “найдвартай араа”-нд хийнэ гэж тооцсон байх. Гэсэн хэдий ч Н.Алтанхуягийг Ерөнхий сайд, АН-ын даргын суудлаас нь буулгах гол шалтгаан “МАХН-тай байгуулсан гэрээ” болж хувирч байв.

- АВИЛГЫН ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ Н.ЭНХБАЯРТАЙ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА” ГЭЖ Х.БАТТУЛГЫН МоАХ-НООС ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙВ-

Тухайн үед “Авилгын “Загалмайлсан эцэг” гэгддэг Н.Энхбаяртай улс төрийн бохир, эрээ цээргүй гэрээ байгууллаа” хэмээн Х.Баттулгын толгойлдог МоАХ-ноос мэдэгдэл гаргаж байв. Мөн тухайн үед УИХ-ын гишүүний албан тушаал хашиж байсан М.Зоригт, “АН-ыг Н.Энхбаярын намтай гэрээ байгуулахыг нь мэдсэн бол Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаас огцруулахаар Ж.Батзандантай хамт гарын үсэг зурдаг байж” гэж мэдэгдэж байсан бол,

Улаанбаатар хотын даргаар ажиллаж байсан Э.Бат-Үүл, “Ерөнхий сайд МАХН-тай гэрээ байгуулсан нь намын гишүүд, дэмжигчдээсээ нууцаар хийсэн ёс зүйгүй, тохирооны үйлдэл. Н.Алтанхуягт хариуцлага тооцох ёстой” гэж буруутгаж байв. Ингээд Н.Алтанхуяг 2014 оны арваннэгдүгээр сард АН-ын дарга болон Ерөнхий сайдын албан тушаалаасаа огцорч байсан.

-Н.АЛТАНХУЯГИЙН "МУУ ТҮҮХ"-ИЙГ Л.ОЮУН-ЭРДЭНЭ ДАВТАВ-

Харин өдгөө Н.Алтанхуягийн “муу түүх”-ийг Л.Оюун-Эрдэнэ давтаж Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг өөрийн орон тооны бус зөвлөхөөрөө томилоод байна. Учир нь  УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг албан тушаалаас нь огцруулах тухай” бичигт гарын үсэг зурж эхэлсэн. Иймд АН-ын бүлгийн зарим гишүүдийг гарын үсэг зуруулахгүйн тулд “Х.Баттулгын хүмүүс” гэгдэх А.Адъяасүрэн, Ш.Адьшаа, Ж.Батсуурь, Ц.Туваан, С.Ганбаатар, Н.Ганибал нарын зургаан гишүүнийг хайрцаглаж, Засгийн газартаа “бэхэлгээ” хийж Х.Баттулгыг зөвлөхөөрөө томилсон байж магадгүй байгаа юм.  

Х.Баттулгын гэгдэх УИХ дахь АН-ын бүлгийн 6 гишүүн

Гэсэн хэдий ч Л.Оюун-Эрдэнийн энэхүү арга ядсан, Х.Баттулгаас зөвлөгөө авна гэснийг эсэргүүцэх хандлага УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн дунд давамгайлж байгаа ажээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, “Баттулга Ерөнхийлөгч манай намын даргад юу зөвлөх гээд байгааг ойлгохгүй байгаа” гэсэн байр суурийг илэрхийлсэн бол, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, “Эсгий хийх газар нохой хэрэггүй гэдэг дээ” гэж байр сууриа илэрхийлжээ. Ямартай ч Л.Оюун-Эрдэнийн Х.Баттулгыг зөвлөхөөрөө томилсон явдал сайнаар төгсөхгүй нь ойлгомжтой боллоо.