"Жуковын газрын асуудлыг дахин шалгах үүргийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хотын дарга Д.Сумъябазарт өгсөн"

2021-09-15 14:54

"Жуковын газрын асуудлыг дахин шалгах үүргийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хотын дарга Д.Сумъябазарт өгсөн"

Баянзүрх дүүргийн IV хороонд байрлах Жуковын хөшөөний арын нийтийн эзэмшлийн талбайд “Содмонгол” группийн ерөнхийлөгч Ц.Анандбазар нарийн хамаарал бүхий компаниуд барилга  барихаар зэхэж байгаад иргэд бухимдан эсэргүүцэж байгаа билээ.

Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус газрыг нийтийн эзэмшилд авч, иргэдийн амарч зугаалах газар болго гэж хотын дарга Сумъяабазарт даалгасан ч өнөөдрийг хүртэл “Ерөнхий сайдын шийдвэрийн биелэлт” хангагдаагүй юм.

Тэгвэл уг асуудал өнөөдөр /2021.09.15/ болсон Засгийн газрын хуралдаанаар дахин яригджээ.

Энэ талаар Засгийн газрын хэвлэлийн ажилтан О.Бямбагэрэл, “2021 оны зургадугаар сарын 1-ний Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Жуковын талбайн газар буюу Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд байрлах тус газрыг чөлөөлөх үүргийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хотын даргад өгсөн.

Тодруулбал, тус газарт ААН-үүдэд олгогдсон газар эзэмших зөвшөөрлийг нь цуцалж нийтийн эдэлбэр болгон тохижуулахыг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт Ерөнхий сайд үүрэг болгосон.

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар уг газрын асуудлыг шалгаж үзээд дахин танилцуулах үүргийг хотын даргад өглөө. Өөрөөр хэлбэл, шаардлагатай бол хууль хяналтын байгууллагаар асуудлыг шалгуулах боломжтой гэж үзэж байна” гэж мэдэгдлээ.

2021-09-15 08:02

“Нөхөн олговор гэх 500 мянган төгрөг тарааж” Жуковын газарт барилга барихыг иргэдээр зөвшөөрүүлэхийг оролджээ

Баянзүрх дүүргийн IV хороонд байрлах Жуковын хөшөөний арын нийтийн эзэмшлийн талбайд Содмонгол групп-ийн ерөнхийлөгч Ц.Анандбазар нарийн хамаарал бүхий компаниуд барилга  барихаар зэхэж байгаад иргэд бухимдан эсэргүүцэж байгаа билээ.

Мөн засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ тус газрыг нийтийн эзэмшилд авч, иргэдийн амарч зугаалах газар болго гэж хотын дарга Сумъяабазарт даалгасан ч өнөөдрийг хүртэл “Ерөнхий сайдын шийдвэрийн биелэлт” хангагдаагүй юм. Тэгвэл энэхүү газар ямар учраас маргаан дэгдээсэн, нийтийн эзэмшлийн талбайг анх хэн, ямар замаар хувьдаа авсан болоод засгийн газрын шийдвэр яагаад өдийг хүртэл хэрэгжихгүй байгаа талаар бид сурвалжиллаа.

Эхний ээлжинд бид Жуковын талбайн 70 орчим хувийг эзэлсэн гэх өндөр төмөр хашлагаар хүрээлүүлсэн томоохон хашаанд ирсэн юм.  Таван метр гаран доош ухсан газарт шавар ус холилдон урсаж байсан бөгөөд юун ус болох талаар ойр явсан иргэдээс лавлахад “Энэ газраас хөрсний ус их гардаг бас өчигдөр /2021.09.14/ газар шорооны ажил явуулж байсан хүмүүс нь бохирын шугамыг нь задалчихсан. Тэгээд л холилдож урсаад заваарсан юм болж байна даа” гэж ярьсан юм. 

Биднийг очход хашаанд том оврын техник хэрэгслүүд болон тэднийг ажиллуулж буй ажилчид, мөн хамгаалалтын ажилтан байсан бөгөөд зарим нэг асуудлыг тодруулах гэхэд “бид юу ч мэдэхгүй” хэмээн яриа өгөхөөс татгалзав.

Тиймээс Жуковын хөшөөний арын талбайг нийтийн эзэмшил болгохоор тэмцэж буй иргэдийн төлөөллөөс яриа авсан юм.

БЗД-ийн IV хорооны оршин суугч Д.Батнасан “Социализмын үед энэ талбай ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байсан. Миний мэдэхээр 17 жилийн өмнөөс талбайг хашаалсан санагдаж байна. Энэ газрыг таван өөр компани хувааж авсан. Дөрөв нь Содмонгол группын охин компани, хойд хэсгийг нь Монголын саран ээж нийгэмлэг хувьчилсан. Нийт 3.7 га газар 16 давхар 4 блок барилга барина гээд барилгын зураг төслийг гаргасан байна лээ” гэсэн юм.

БЗД-ийн IV хорооны оршин суугч Г.Энхтуяа “Бид хотын захиргаанд хоёр удаагийн албан бичиг өгсөн. Мөн Ерөнхийлөгчийн тамгын газар болон Засгийн газарт 2,000 гаруй хүний гарын үсэгтэй хүсэлт, шаардлагыг албан ёсоор өгөөд байгаа. Гэхдээ одоог хүртэл нэг ч байгууллагаас хариу өгөөгүй байна.Уг газрыг анх "Ээж" музей барих зориулалтаар авсан юм билээ. Гэвч үнэндээ тэр музейгээ ч барихгүй, өөр олон үйлчилгээний газар барихаар болсон байна.Одоо барилгын ажил явагдаад эхэлчихлээ. Ингэхдээ манай хорооны 12,13-дугаар байрны оршин суугчдын 70 гаруй хувьд нь  500,000 төгрөг өгч, гарын үсгийг цуглуулан барилга барих зөвшөөрлийг авсан. Уг гарын үсэг цуглуулах ажлыг 12, 13 дугаар байрны СӨХ-ны дарга Б.Батцэцэг хийсэн.” хэмээн ярьсан юм.

Бид дээрх эх сурвалжийн мэдээлсний дагуу 12 болон 13-дугаар байрны оршин суугчдад 500 мянган төгрөг өгч барилга барих зөвшөөрөлд гарын үсэг зуруулсан эсэхийг тодруулахад; “Уг талбайн барилгын ажил олон жил саатаж  оршин суугчдын эрүүл, тав тухтай амьдрах эрхийг зөрчсөн учир СӨХ-ны дарга нь заргалдсаар байж оршин суугчиддаа нөхөн олговор нэг өрхөд 500 мянган төгрөг авахаар тохиролцсон. Иймээс оршин суугчид зөвшөөрсөн, татгалзсан аль нь ч байсан саналаа СӨХ-д ирж өгөөрэй гэж СӨХ-ний дарга бичсэн байсан. Зөвшөөрсөн хүмүүс нь мөнгөө авсан юм билээ. Би очиж гарын үсэг зураагүй учир аваагүй” гэж БЗД-ийн IV хорооны 12 дугаар байрны оршин суугч Б хэлсэн юм.

Ийнхүү оршин суугчдын  толгойг эргүүлж барилгын зөвшөөрлийг авахыг оролдож байгаа бололтой. Энэ мэтээр иргэдийг хууран мэхэлж амьдрах орчныг нь улам л хөөрхийлөлтэй болгосоор байх уу? Иргэд ч албан тушаалтан аль нэгэн даргад хүлцэнгүйгээр бууж өгч ардчилсан нэртэй нийгэмд эрхээ эдэлж чадалгүй арчаагүй байдалтайгаар амь зуун үлдэх үү.