ХЭРГИЙН ГАЗРЫН СУРВАЛЖИЛГА: 10 настай хүүгийн нүдэн дээр ээжийг нь хутгалж хөнөөгөөд, зугтжээ

ХЭРГИЙН ГАЗРЫН СУРВАЛЖИЛГА: 10 настай хүүгийн нүдэн дээр ээжийг нь хутгалж хөнөөгөөд, зугтжээ

-СОГТУУРСАН ҮЕДЭЭ ЭХНЭРЭЭ ХҮҮГИЙНХЭЭ НҮДЭН ДЭЭР ХУТГАЛЖ ХӨНӨӨГӨӨД ЗУГТСАН-

Арван настай хүүгийн хамтаар Архангай аймгийн Эрдэнэмандал сумаас ирсэн эхнэр, нөхөр дээрх нийтийн байранд жижүүр хийн амьдралаа залгуулдаг байжээ. Тэд тус нийтийн байрныхаа нэг тоотод амьдраад нэг жил болсон байна. Уг нийтийн байр нь Сүхбаатар дүүргийн 12-р дугаар хороонд байрладаг бөгөөд есдүгээр сарын 3-4 нд шилжих шөнө тус газарт аймшигт хэрэг гарсан. Хэргийн мөрөөр бид сурвалжлаг бэлтгэлээ.

Болсон хэргийг тодруулбал, тус өдрийн шөнө 4:08 цагт Архангай аймагт оршин суух хаягтай эрэгтэй 53 настай Чимэддоржийн Баярсайхан нь  согтуурсан үедээ эхнэрээ хоёр удаа хутгалан амь насыг нь бүрэлгээд хэргийн газраас зугтсан байдаг. Амь хохирогч эмэгтэй 40 настай Ө-г зүүн хөхний доод талд нэг удаа, цээжний зүүн талын хавирганы нуман хэсэгт нэг удаа тус, тус 25см урттай хар өнгийн хутгаар хутгалжээ. Анх тус нийтийн байрны оршин суугчид цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн байна. Харин алба хаагчдыг хэргийн газарт очиход талийгаач хаалгаа алдалж газар унасан байсан бөгөөд хэдийнээ амьсгал хураасан байжээ.

Сэжигтэн хэрэг үйлдэхийнхээ өмнө ч  эхнэр хүүхдээ байнгын дарамтад байлгадаг согтуурсан үедээ удаа дараа зоддог байсан талаар оршин суугчид хэлж байна. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас талийгаач эмэгтэй байнгын дарамт шахалтад байж  зодуулсаар нөхрийнхөө гарт харамсалтайгаар амиа алдсан байгаа юм.

Хэрэг үйлдсэн сэжигтэн Түмэнч овогт Чимэддоржийн Баярсайхан нь 1966 оны есдүгээр сарын 02-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 53 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Эрдэнэмандал суманд мал маллаж байгаад 2018 оноос Улаанбаатар хот СБД-ийн 12 дугаар хороонд эхнэр, хүүхдийн хамт түр оршин сууж байжээ.

Ч.Баярсайхан нь оргох үедээ улаан подволк, ногоон өнгийн биеийн тамирын өмдтэй цагаан пүүзтэй явсан гэх мэдээллийг албанаас өгөөд буй.

-ХЭРЭГ ГАРСАН НЭГ ДАВХРЫГ ТЭР ЧИГТ НЬ БИТҮҮМЖИЛЖ ШАЛГАНА ГЭЖЭЭ-

Биднийг хэрэг гарсан гэх нийтийн байранд очиход хоёр давхрын айл хажуу өрөө рүүгээ нүүж байгаатай таарав. Учир явдлыг тодруулбал,“Яг манай доод давхарт аймшигт хэрэг гарсан. Эвгүй санагдаад байгаа учир ийнхүү нүүж байна” гэсэн хариултыг өгч байв.

Хэрэг гарсан өдөр сэжигтэн Ч.Баярсайхан нь согтуу байсан гэх бөгөөд өдөр гарч яваад орой нь гэртээ ирсэн байгаа юм. Мөн тэд нийтийн байранд 10 настай хүүгийн хамтаар амьдардаг байжээ. Хүү нь өдгөө тавдугаар ангид суралцдаг бөгөөд том хүү, охин хоёр нь хүнтэй суугаад тусдаа амьдардаг байна.

Хэрэг шөнийн 3 цагаас эхэлснийг оршин суугчид сонсож байж. Хоёр давхрын оршин суугч эмэгтэйг унтаж байхад нь нэг давхрын оршин суугч хаалгыг нь нүдээд “Жижүүр эгчийг алчихлаа” хэмээжээ. Нэрээ нууцлахыг хүссэн оршин суугч эмэгтэй доош бууж хартал нэг номерын өрөөний хаалга онгорхой талийгаач хаалгаа алдалсан байдалтай цусандаа хутгалдан амьсгал хураасан байжээ.

-БУУГААД ХАРАХАД ЦУСАНДАА ХУТГАЛДСАН ЭМЭГТЭЙ ХӨДЛӨХГҮЙ БАЙСАН-

Оршин суугч эмэгтэй Ж:

-Та хэргийг анх харж цагдаад мэдээлэл хүргүүлсэн байна шүү дээ. Яг юу болсон талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Намайг шөнө буугаад харахад цусандаа хутгалдсан байсан. Яг буугаад очиход гар нь нэг удаа хөдөлснөөс хойш ахиж нэг ч удаа хөдлөөгүй. Тэгээд ямар ч амьсгалгүй болсон. Би шууд цагдаа, түргэнд дуудлага өгсөн дөө.

-Таныг доош буухад хэрэг үйлдсэн гэх нөхөр нь байсан уу?

-Байгаагүй. Дуудлага өгөхөд талийгаач хаалганаасаа гарах үйлдэл хийх гэж байгаад л уначихсан байсан. Тэр үед нөхөр нь аль хэдийн зугтчихсан.

-Та анх хэрэг болсон талаар хэрхэн мэдсэн бэ?

-Анх хоёр давхрын нэг номерын оршин суугч унтаж байхад хаалга нүдээд хэлсэн. “Жижүүрүүд муудалцсан. Гэтэл жижүүр эгчийг алчихсан бололтой” гэсэн. Тэгээд би бууж очоод харах гээд очтол, алчихсан гэж арай бодоогүй. Гүйгээд л очиход цусандаа хутгалдсан эмэгтэй хэвтэж байсан. Талийгаач нөхөртэйгөө хамт энэ байрны жижүүрээр 2018 оноос хойш ажиллаж эхэлсэн байна лээ.

-Талийгаачийг та мэдэх үү?

-Мэднэ. Бид хоорондоо удаан хамт байсан болохоор аниа, эгч ээ гээд л сүрхий байдаг байсан юм.

-Хэрэг гарсан өдөр хүү нь харж байсан гэсэн. Хүүгийн нүдэн дээр хэрэг явдал өрнөсөн үү?

-Тийм. Тэд арван настай нэг хүүгийн хамтаар амьдардаг байсан юм. Бүх зүйл хүүгийн нүдэн дээр өрнөсөн. Хүү нь тэр өдөр уйлж, орилж чарлаад их хэцүү харагдсан шүү. Хоёр давхрын нэг номерын оршин суугч гэртээ оруулж хүүг тайвшруулсан. Их сандарч, айсан байдалтай байсан. 

-Нөхөр болох хэрэг үйлдсэн гэх этгээд ямархуу хүн байсан юм бэ?

-Өдөржин согтуу байсан. Их хэцүү ааштай хүн. Байнга л уудаг. Талийгаачийг байнга дарамталдаг нь ажиглагдсан. Хүний нөхөр шиг нэг удаа ч аятайхан байгаагүй. Дандаа гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг. Олон удаа цагдаад дуудлага өгч байсан. Өмнө нь цагдаад баригдаад 14 хоног хоригдож байсан юм. Сүүлийн үед их л хэцүү байдалтай байсан. Тэр хүн их хэцүү ааштай. Хаалгаа тайлахгүй. Юм асуухаар хариулахгүй. "Яах гээд байгаа юм" гэж их уурладаг байсан. Хэрэг гардаг өдөр цагдаад дуудлага өгөхөд удалгүй ирсэн. Гэхдээ ирэхэд нь эхнэр нь аль хэдийн амиа алдсан байсан юм билээ. Хүү нь тэр өдрөө айлд хоноод маргааш нь ах дүү нар нь ирээд аваад явсан. Талийгаач нас бардаг өдрөө гэртээ амарч таарсан. Талийгаач бараг амардаггүй. Ууж идээд байдаггүй хүн байсан даа.




Улаанбаатарт 14 градус дулаан байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө