МАН: Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөөр ард нийтийн санал асуулга явуулахаар тогтлоо

МАН: Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөөр ард нийтийн санал асуулга явуулахаар тогтлоо

Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлгийг УИХ-аар хэлэлцээд дууссан. Тиймээс олонхын бүлэг хуралдаж, Ард нийтийн санал асуулга явуулахаар болсныг МАН-н бүлгийн дарга Д.Тогтохсүрэн өнөөдөр /2019.09.07/ мэдээллээ.

Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.ТОГТОХСҮРЭН хэлэхдээ “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг зургаан сараас хойш хэлэлцлээ. УИХ-аар Үндсэн хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж дууслаа. УИХ-ын 62 гишүүнээс өргөн барьсан хуулийн төсөл, Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг нэгтгэж хэлэлцсэн. Хоёрдугаар хэлэлцүүлэг сар орчим явагдлаа. Хоёрдугаар хэлэлцүүлгийн онцлог бол  ирц өндөр байх ёстой. Зарчмын зөрүүтэй саналуудыг 57 гишүүн дэмжиж байж дэмжигдэнэ. Төрийн байгуулалтын байнгын хорооноос 60 зүйлийг оруулсан. Үүнээс 34 зүйл хоёрдугаар хэлэлцүүлгээр дэмжигдсэн. Хоёрдугаар хэлэлцүүлгийн дараа гуравдугаар хэлэлцүүлэг рүү орох уу, Ард нийтийн санал асуулга авах уу гэдгээр олонхын бүлэг хуралдсан. Ирц сайн байсан. Бүлгийн гишүүд ард нийтээс санал асуулга авахаар болсон. Тэгэхээр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах Ард нийтээс санал асуулга авах хуулийн төслийг ирэх долоо хоногт хэлэлцэнэ” гэлээ.

Мөн УИХ-ын гишүүн С.Бямбацогт хэлэхдээ, “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал нэлээд хүнд шалгууртай, хүнд асуудал байдаг юм байна. Тусгаар тогтнолын асуудлаар санал асуулга авахыг хориглосон заалт  оруулахыг олонх дэмжсэн. Мөн байгалийн баялгийн асуудлаар, төрийн нийтийн зориулалттай өмчийн асуудлыг ард нийтээс асуух зохицуулалтыг Үндсэн хуульд оруулж өгч байгаа.  Монгол Улсын төрийн хар хайрцагны бодлого орхигдсон байсан.  Тиймээс Монгол Улсдаа тусгаж өгөөд ямар ч улс төрийн хүчин хэрэгжүүлдэг байх асуудлыг Үндсэн хуульд оруулсан. Мөн нутгийн удирдлагатай холбоотой, төвлөрлийг сааруулах асуудлыг нэмэлт өөрчлөлтөөр яригдсан. Дархан-Эрдэнэтийг хот болгох 21 аймгийг хот болгох асуудлыг шийдэх боломжийг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр нээж өгч байгаа. Ерөнхий сайд, Засгийн газрын дөрвөөс илүүгүй сайд давхар дээлтэй байх, УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах, хариуцлага тооцох заалт оруулж ирж байгаа. Мөн УИХ-аар хууль батлахдаа 39 гишүүнээс дээш хүн санал өгч батлах өөрчлөлтийг оруулж өгсөн” гэлээ.