БАЙНГЫН ХОРОО: Ерөнхийлөгч, Парламентийн засаглалын тухай Ард нийтийн саналд тусгах боломжгүй гэв

БАЙНГЫН ХОРОО: Ерөнхийлөгч, Парламентийн засаглалын тухай Ард нийтийн саналд тусгах боломжгүй гэв

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг Ард нийтийн санал асуулга асуух тогтоолын төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 68.2 дахь хэсэг,  Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль 17.1, 17.4, Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуулийн 4.4.2, 7.7.5, 8.3, 18.18, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль зэрэг хуулийн үндэслэн 2019 оны аравдугаар сард улс орон даяар зохион байгуулах, санал авах ажиллагааг явуулна гэж тогтоолын төсөлд тусгажээ.  

Мөн Ард нийтийн санал асуулгыг зохион байгуулахад 29 орчим тэрбум төгрөг шаардлагатай гэсэн урьдчилсан төсөв гарчээ.

Энэ үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Ард нийтийн санал асуулгын тухай тогтоолын төсөл хэлэлцэж байгаа дээр Ерөнхийлөгч нэмж нэг асуултаар асуулт асуухаар УИХ-д өргөн барьж байна. 30 тэрбум төгрөг зарцуулж, гурван асуулт асуух боломжтой. УИХ одоогоор нэг асуулт асууж байгаа. Харин үүн дээр нэмж,  Ерөнхийлөгч “Монгол Улс цаашид Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, парламентын засаглалтай байх уу” гэсэн асуултыг нэмж,  Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолын төсөлд тусгах саналыг УИХ-д оруулж байна. Мөн Ерөнхийлөгч өөрийн саналуудаа буцаан татаж байгаагаа үүгээр мэдэгдэж байна” гэсэн юм.

Ингээд гишүүд асуулт, тодруулга авсны дараа зарчмын зөрүүтэй саналуудаар санал хурааж, ард нийтийн санал асуулга явуулах өдрүүдийг аравдугаар сарын 19, 20-ний өдөр гадаадад байгаа монголчуудаас, монголдоо байгаа иргэдээс санал авах өдрийг аравдугаар сарын 30, 31-ны өдөр зохион байгуулах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 92,3 хувийн саналаар дэмжлээ. Ийнхүү зарчмын зөрүүтэй саналуудаар санал хурааж, Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолын төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж эхэллээ. Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.