Үндсэн хуулийн хэлэлцүүлэг У.Хүрэлсүхийн Засгийн газарт вакцин болов

Үндсэн хуулийн хэлэлцүүлэг У.Хүрэлсүхийн Засгийн газарт вакцин болов

30 ТЭРБУМААР ГУРВАН АСУУЛТ АСУУХ УУ, 30 ЦЭЦЭРЛЭГ БАРИХ УУ

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг энэ долоо хоногт дуусгахаар төлөвлөөд байна. Үргэлжлүүлээд ард нийтийн санал асуулгыг авна гэх эрх баригч намын шийдвэр гарсан. Гэтэл ард түмний санал асуулгыг авахад маш том асуудал тулгарсан нь МӨНГӨ.

Өөрөөр хэлбэл, тус ажлыг зохион байгуулахад шаардлагатай 30 тэрбум төгрөг улсын төсөв, Засгийн газрын нөөц санд байхгүй гэх тайлбарыг Засгийн газрын хэрэг, эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар аль хэдийн өгсөн. Тэгэхээр ард нийтийн санал асуулгыг авах ажил гацаж магадгүй байна. Хэрвээ гацвал Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлэг хэсэгтээ гацаанд орно эсвэл гуравдугаар хэлэлцүүлэг рүү шууд орно гэх хувилбар бий.

МАН-ынхан ард нийтийн санал асуулга явуулах эсэхээр аль эртнээс хоёр хуваагдан үзэж тарж байсан. Чухам яагаад санал асуулга явуулахыг дэмжсэн шийдвэр гаргав гэдэг нь ч сонин.

Угтаа бол 30 тэрбум төгрөгөөр гурван асуултыг ард түмнээс асууснаас 30 сургууль, цэцэрлэг барьсан нь дээр юм. Нэгэнтээ Үндсэн хуульд дэвшилт болохуйц өөрчлөлт оруулж чадаагүй бараг хуучин төслөөр нь үлдээсэн, Ерөнхийлөгч болон Ардчилсан нам нь саналаа татаад авчихсан, зөвхөн МАН-ын саналыг л тусгасан ийм нөхцөл байдалд ард түмний санал асуулгыг асуух шаардлага бий юу.

Дайны хажуугаар дажин гэгчээр МАН дотроо учраа ололгүй бужигнах зуурт Ерөнхийлөгч асуудлыг нь нэмж засаглалын хэлбэрийг ард нийтээс асууж тодруулахаар ажиллаж эхлэв. Монгол улс Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, парламентын засаглалтай байх уу гэдгийг асууя гэж Ерөнхийлөгч улайрсан ч МАН-ын ингэх боломжгүй, хуулийн хувьд хаалттай гэх шийдвэрийг гаргасан. Гэхдээ л өчигдөр уг асуудлаар Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар уулзсан юм. Тэд ямар шийдвэрт хүрч, хэрхэн яаж хөдлөхөөс ирэх өдрүүдийн улс төрийн үйл явдал өрнөнө.

Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нарын МАН-ын зарим гишүүд УИХ-ын гишүүдийн тоог нэмж 108 болгох, таван жилээр сонгох, сонгуулийг холимог системээр явуулах саналыг Ерөнхийлөгчөөр өргөн бариулж хэлэлцүүлсэн ч намын бусад нөхдийнхөө дэмжлэгийг авч чадаагүй. Харин ч уг асуудлаар МАН дотооддоо бүтэн сар хэрэлдэж, цаг алдсаны эцэст саналуудыг унагасан.

-ТӨСВИЙН ТОДОТГОЛ ХИЙЖ БУЖИГНАХ ЁСТОЙ ЦАГААР ЗАСГИЙН ГАЗАР НЬ АЖЛАА ХИЙХГҮЙ ХАРИУЦЛАГААС МУЛТАРСААР-

Энэ мэт бужигнааны ард нэг л хүн чимээгүй сууж байгаа нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх.  Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн нэгдүгээр хэлэлцүүлэг эхэлсэн цагаас л Ерөнхий сайд У.Хүрэлсийн танхим хариуцлагаас мултарч эхэлсэн гэж хэлж болно.

Жил бүрийн энэ өдрүүдэд төсвийн тодотгол, төсвийн хуулийг хэлэлцэж, Засгийн газрын бүтэн жилийн ажилд үнэлэлт, дүгнэлт өгөөд бужигнаж байдаг. Гэтэл энэ жил олигтой өөрчилсөн, өөрчлөөгүй Үндсэн хуулийн асуудалтай зууралдаад бүгд Засгийн газрын үйл ажиллагааг мартав. Учир нь Үндсэн хууль хэлэлцэх цагаар өөр асуудлыг хэлэлцдэггүй хуультай

. Уг хуулийн халхавчин дор Засгийн газар ажил ч хийдэггүй, тэдэнтэй хариуцлага ч ярьж болохгүй болов.

Энд, тэнд очиж уул, уурхай хаалаа хэмээн попорсноос өөр гялтайх ганц ч ажил энэ Засгийн газар хийсэнгүй.

Аль нөгөө Дарханы зам хаана байна. Ерөнхий сайд нь өөрөө очиж тууз хайчлан сүртэй нээлт хийсэн замын засвар шинэчлэлтийн ажил 30 хүрэхгүй хувьтай явна. Сураг сонсох нь олон улсын валютын сангийн сүүлийн санхүүжилт орж ирээгүйгээс үүдэн Азийн хөгжлийн банкнаас санхүүжилт гарахгүй байгаа учраас замын ажил гацсан гэх. Гэтэл салбар хариуцсан сайд нь техник, хэрэгсэлгүй байна гэх тайлбарыг хэлээд зогсож байна. Зөвхөн хэлсэн үгэнд нь хариуцлага тооцож түүнийг огцруулахад ч багадна.

Долоохон хоногийн өмнө сургууль, цэцэрлэг орлоо. Сургууль барих тодорхой тендерийг яамнаас зарлаагүйгээс болж сурагчид гурван ээлжээр нэг ширээнд гурвуулаа чихцэлдэн сууж байна гэх шүүмжлэл одоо ч байна.

Дунд сургуулийн сурагчид сүрьеэгийн халдвар авч зарим нь өвчилсөн ганцхан асуудлаар л Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлыг огцруулах ёстой. Хууль зүйн сайдыг ч мөн огцруулах асуудал бишгүй.

Энэ мэт Засгийн газартай хариуцлага тооцох хангалттай шалтгаан бий. Харин Үндсэн хууль хэлэлцэж буй учир энэ асуудлыг хөндөх нь хориотой байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлгийн ард Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимтайгаа чимээгүй үлдэж байна. Утаа, түгжрэлийн эд улирал эхлэх үеэр ч түүнтэй хариуцлага тооцох асуудал хөндөгдөхгүй нь.




Улаанбаатарт 14 градус дулаан байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө