Ч.Чинбат: ЕТГ-аас хоёр удаа гомдол гаргасны дагуу Ц.Уянгыг шалгасан

Ч.Чинбат: ЕТГ-аас хоёр удаа гомдол гаргасны дагуу Ц.Уянгыг шалгасан

ЦЕГ-ын Зөрчил шалгах мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ч.Чинбаттай иргэн Ц.Уянгыг Ерөнхийлөгчийн нэр хүндэд халдсан хэргээр шалгаж буй асуудлаар ярилцлаа.

Иргэн Ц.Уянга нь цахим орчинд мэдээлэл нийтэлснийхээ төлөө Зөрчлийн хуулиар торгуулсан гэх асуудал олны дунд маргаан үүсгээд байгаа билээ.

-ЕТГ-ААС МАНАЙ БАЙГУУЛЛАГАД ХАНДАН НИЙТДЭЭ ХОЁР УДАА ГОМДОЛ ГАРГАСНЫ ДАГУУ БИД ШАЛГАСАН-

-Иргэний хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж үзэл бодлоо илэрхийлсний төлөө торгоснийг шүүмжилсэн шүүмжлэл цахим орчинд газар аваад байна. Элийрэгч хаягтай иргэнд ямар үндэслэлээр хариуцлага тооцсон юм бэ?

-Ц.Уянгад холбогдуулан ЕТГ-аас манай байгууллагад хандан нийтдээ хоёр удаа гомдол гаргасны дагуу бид шалгасан. Тухайлбал, 2018 наймдугаар сарын 29-ний өдөр “элийрэгч нэртэй цахим хаягтай Ц.Уянга МУ-ын Ерөнхийлөгчийн нэр төрд халдсан худал мэдээллийг цахим орчинд цацаж байна гэсэн гомдол ирсэн байдаг. Ингэхдээ янз бүрийн нэр хоч өгсөн, гүтгэсэн, худал мэдээлэл тараасан гэсэн гомдол ирсэн байсан. Тухайн үед буюу нэг жилийн өмнө манай алба хаагчид гомдлыг хүлээж аваад хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулсан. Гэтэл холбогдогч Ц.Уянга шалгалтын ажиллагаа эхэлхээс өмнө улсын хилээр гадаад улс руу зорчсон байсан. Тодорхой хугацаагаар гадаад улс руу зорчсон байсан тул Зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа дууссан гэх үндэслэлээр энэ хэрэг хэрэгсэхгүй болж шийдвэрлэгдсэн. Гэхдээ Зөрчил үйлдэгдсэн гэдэг нь үгүйсгэгдээгүй. Зөрчил үйлдсэн үү гэвэл үйлдсэн байсан. Харин хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байгаа.  

Зөрчлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6,21 зааснаар хүнийг гүтгэсэн бол иргэнийг хоёр сая төгрөгөөр торгоно гэсэн заалт бий.

-Саяхан дахин Зөрчлийн хуулиар торгуулсан байсан шүү дээ?

-2019 оны зургаан сарын 27-ний өдөр ЕТГ-аас мөн Ц.Уянгатай холбоотойгоор Ерөнхийлөгчийн нэр хүндийг гутаан доромжилж байна гэсэн утга бүхий гомдол дахин ирүүлсэн. Үүний дагуу манай алба хаагчид Зөрчлийн хэрэг нээгээд хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулсан. Шалгалтаар бусдын нэр төрд халдаж, гүтгэлгийн шинж чанартай мэдээлэл нийтийн сүлжээнд нийтэлсэн гэдэг нь тогтоогдсон.

-Бичсэн мэдээллийг нь худал гэдгийг нь бүрэн тогтоож чадсан юм уу?

-Тогтоосон. Тухайн бичсэн мэдээлэл нь МУ-ын Ерөнхийлөгчид хамааралгүй гэдгийг нь шалгалтаар тогтоосон. Мөн доромжилж, хүнд нэр хоч өгсөн байсан. Ингээд 2019 оны долдугаар сарын 2-ний өдөр түүнд Зөрчлийн тухай хуулийн 6,21-ийн 1-т зааснаар 2000 нэгжээр торгож шийдвэрлэсэн байгаа.

-ҮГ ХЭЛЭХ, ҮЗЭЛ БОДЛОО ЧӨЛӨӨТЭЙ ИЛЭРХИЙЛЭХ НЬ ҮНДСЭН ХУУЛИАРАА НЭЭЛТТЭЙ-

-Тухайн иргэн маань өөрийн үзэл бодлоо илэрхийлсэний төлөө торгуулсан гэсэн байсан?

-Тийм ярилцлага байсан. Ардчилсан нийгэмд үзэл бодлоо илэрхийлсэний төлөө цагдаа хуулийнхан хуйвалдсан гэсэн байсан. Үнэн хэрэг дээрээ цагдаагийн байгууллага гомдол ирсний дагуу шалгаж тогтоосон учраас шийдвэрлэсэн асуудал л байгаа.

Үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйл зааснаар чөлөөтэй байдаг. Энэ нь иргэн бүрийн үндсэн эрх мөн үү гэвэл мөн юм. Гэхдээ Зөрчил үйлдэх, бусдыг гутаан доромжлох үйлдлээ эрхээ эдэлж байна гэж андуурах юм уу тайлбарлаж болохгүй. Энэ нь үндсэн эрхээ эдэлж байна гэж тайлбарлах үндэслэл биш. Бусдын эрхэнд халдаж, бусдыг доромжлох байдлаар эрхээ эдэлж болохгүй. Сүүлийн үед энэ цахим орчин хүнийг гутаан доромжлох талбар болсон байна. Чөлөөтэй, нээлттэй мэдээ, мэдээллээ солилцдог байсан цахим орчин өөрөө эргээд  нэг рүү гээ дайрдаг талбар болсон байна шүү дээ. Сүүлдээ зохион байгуулалттайгаар хүний нэр төрд халддаг нь нийгэмд буруу ойлголт төрүүлэхээс гадна, бусдад буруу ташаа мэдээлэл түгээж байна.

-Хуулиндаа энэ харилцааг хэрхэн зохицуулахаар заасан байдаг юм бэ?

-Үндсэн хуулинд зааснаар бусдын нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх үүрэгтэй гэсэн нь бий. Энэ нь иргэний үүрэг.

-Тухайн иргэнийг шалгах ажиллагаа хуулийн дагуу байсан юм уу гэдэг асуудал сөхөгдөж байсан. Энэ талаар?

-Шалгах үйл ажиллагаа явуулсан цагдаагийн байгууллагын ажилтнуудыг гаргасан шийдвэртэй нь холбогдуулж янз бүрээр хэлж иргэдэд буруу ойлголт төрүүлэхээр мэдээлэл өгч байна.

-Захиалгаар ажилласан байж болзошгүй гэсэн байсан?

-Захиалгаар ажилласан гэх үндэслэл байхгүй. Тухайлбал, Зөрчлийн хэрэг шалгасан цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан, түүнд хяналт тавьсан прокурорын байгууллага, түүнийг хянан шийдвэрлэсэн шүүхийн байгууллагыг ажилтнуудыг бүгд үгсэн хуйвалдсан мэт ярьж байна. Дээрх байгууллагууд нь өөрийн тус, тусдаа хоорондоо хараат бусаар ажилладаг байгууллагууд шүү дээ. Гэтэл хуулийн байгууллагынхан үгсэж шийдвэрлэсэн гэх мэтийн зүйл ярьж байна.

Холбогдогч Ц.Уянгын гомдлын дагуу Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцсэн. Тухайн хэргийн ажиллагаа хэрхэн явагдсан, ямар гомдол ирсний дагуу шалгасан гэх зэрэг бүх зүйлийг нь шалгасан. Гэхдээ шалгалтаар Зөрчил үйлдэгдээгүй гэж хэлээгүй. Ц.Уянга ямар гомдол гаргасан бэ гэвэл холбогдогч тал гомдол мэдээлэлтэйгээ танилцаад мэдүүлэг өгөх шаардлагатай гэсэн гомдол гаргасан.

Хэрэг бүртгэл нээгээд шалгаж байх үед холбогдогч Ц.Уянга огт ирээгүй. Удаа дараа дуудаад гэрээр нь очиход гэртээ байгаагүй юм. Гэхдээ тухайн Зөрчлийг үгүйсгэх  болон хариуцлага тооцохгүй байх үндэслэл биш юм. Хуулиараа хүнийг доромжилсон агуулгатай мэдээлэл нийтэд тараахыг хориглосон байдаг. Мөн худал мэдээлэл тарааж болохгүй гэсэн заалт бий.

-Ц.Уянга өмнө зөндөө цахим орчинд мэдээлэл нийтлэж байхад шалгаагүй атал одоо Ерөнхийлөгчийн талаар мэдээлэл тавихаар удаа дараа шалгаад байна гэж байсан?

-Тухайн хүн өөрийгөө доромжлуулсан гэж үзэх юм бол хэн ч байсан гомдол гаргах бүрэн эрхтэй. Гомдол ирвэл бид хуулийн дагуу шалгах үүрэгтэй. Шалгаж байгаа нь хууль бус асуудал биш.

-Ихэнх иргэд нэр хүндэд халдсан асуудлаар цагдаагийн байгууллагад хандахаар шийдвэрлэхгүй байна гэсэн асуудал яригддаг шүү дээ?

-Маш олон гомдол мэдээлэл ирж байна гэж ярьдаг. Нэгдүгээрт цагдаагийн байгууллагад хандан гаргасан тухайн таны гомдол мэдээлэл гүтгэх Зөрчлийг агуулж байна уу гэдгийг анхаарах ёстой. Мөн гомдол өгч байгаа иргэн хуулийн хувьд Зөрчлийн шинж агуулсан эсэхийг бодох хэрэгтэй. Мөн тухайн хүлээж авч байгаа хуулийн этгээд Зөрчлийн хэрэг үүсэх үү, үгүй юу гэдгийг шалгах ёстой байдаг. Иргэний гаргасан гомдол мэдээлэл Зөрчил агуулсан байх ёстой. Үүнд. Гутаан доромжилсон байх ёстой, худал мэдээлэл байх ёстой, энэхүү мэдээллээ нийтийн сүлжээ ашиглах юм уу хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан нийтэлсэн байх ёстой байдаг. Дээрх шинжүүдийг агуулсан бол гүтгэсэн гэж үзэж Зөрчлийн хэрэг нээж бид шалгана.

Ц.Уянга бол нийтийн сүлжээгээр МУ-ын Ерөнхийлөгчийн нэр төрд халдсан мэдээлэл цацсан учраас түүнд хуулийн дагуу арга хэмжээ авсан.

-ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БИЕ, НЭР ТӨР, ОРДОН, ӨРГӨӨ, УНАА ЗЭРЭГ НЬ ХАЛДАШГҮЙ ДАРХАН БАЙНА ГЭЭД ХУУЛЬЧИЛСАН БАЙДАГ-

-Ерөнхийлөгчийн тухай хууль юу гэж заасан байдаг юм бол?

-Монгол Улсын Үндсэн хуулийн 36-р дугаар 2 дахь хэсэгт зааснаар Ерөнхийлөгчийн нэр төр, халдашгүй байдлыг хуулиар хамгаална гэж заасан байдаг. Ерөнхийлөгчийн нэр төрийн үндсэн хуулиараа халдашгүй байна гээд заачихсан. Мөн түүний дагуу гарсан Ерөнхийлөгчийн тухай хуулийн 16- дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар Ерөнхийлөгчийн бие, нэр төр, ордон, өргөө, унаа зэрэг нь халдашгүй дархан байна гээд хуульчилсан байдаг. Ийм хуулийн харилцаагаар зохицуулагддаг учраас бид гомдлын дагуу шалгалт явуулсан зүйл юм. Дээрх тохиолдлыг буюу бусдын нэр төрд халдаж байгаа асуудлыг өөхшүүлэн сайшааж байгаа нь ёс зүйн доройтлыг л харуулж байгаа юм. Иргэн бүрийг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон сүлжээгээр гутаан доромжлох, нэр төрд нь халдахыг хуулиар хориглосон байдаг.




Улаанбаатарт 3 градус дулаан байна

3 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр морь өдөр

3 цагийн өмнө