ШЕЗ: Б.Энхбаяр гишүүний хэлсэнчлэн шүүгчийн сонгон шалгаруулалтын эцсийн шийдвэрт нөлөөлөх ямар ч боломжгүй

ШЕЗ: Б.Энхбаяр гишүүний хэлсэнчлэн шүүгчийн сонгон шалгаруулалтын эцсийн шийдвэрт нөлөөлөх ямар ч боломжгүй

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Шүүхийн ерөнхий зөвлөлийн IT-гийн хоёр ажилтан хэн шүүгч болох, болохгүйг шийдэж байгаа" талаар хэлсэн нь олны анхаарлыг татав.

Тодруулбал, Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчдийн асуудлаар томилгооны сонсгол явуулсан. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Шүүгчид ямар хэрэг хуваарилахыг Шүүхийн тамгын газрын мэдээлэл технологийн ажилтнууд шийддэг юм байна. Одоогийн байдлаар ШЕЗ-д IT-гийн мэргэжилтэн хоёр ажилтан байгаа.

Энэ хоёр хүнээр дамжуулж, шүүгчийн шалгалт авах, дүнд засвар хийх ажлыг хийж байна. Энэ нь хэн шүүгч болох, болохгүйг шийдэж байна.

Бид энд том юм яриад байхад тэнд IT-гийн хоёр ажилтан шийдэж байгаа гэдэг зүйл сонсогдоод байна" хэмээсэн юм.

Тэгвэл үнэхээр ШЕЗ-ийн IT инженерүүд хэн шүүгч болох, болохгүйг шийдэж байгаа эсэхийг Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газрын дарга Б.Биндэръяагаас тодруулав.

Тэрбээр "УИХ-н гишүүн Б.Энхбаяр нь 2016 онд болсон асуудлыг ярьсан гэж ойлгож байна. Тухайн үед Шүүхийн ерөнхий зөвлөлийн мэдээллийн технологийн хэлтсийн нэр бүхий хоёр мэргэжилтэн шүүгчийн сонгон шалгаруулалтын мэдээллийн технологийн мэдлэгийн шалгалтын материалд өөрчлөлт оруулсан талаарх гомдлын мөрөөр тухайн хоёр мэргэжилтэнд хариуцлага тооцож албан тушаалаас нь чөлөөлсөн.

Шүүгчийн сонгон шалгаруулалтыг Шүүхийн мэргэшлийн хорооны ажлын алба зохион байгуулж Мэргэшлийн хорооны гишүүд эцсийн шийдвэр гаргадаг.

Мэдээллийн технологийн мэргэжилтний түвшинд шүүгчийн сонгон шалгаруулалтын эцсийн шийдвэрт нөлөөлөх ямар ч боломж байхгүй. 2016 оноос хойш ийм тохиолдол дахин гараагүй" гэв.

Харин IT-ийн хэлтэс нь одоо шүүгчийн сонгон шалгаруулалтад хэрхэн оролцдог талаар "Юуны өмнө Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүтцийн талаар ойлголт өгөх нь зөв гэж бодож байна.

2020 оны хоёрдугаар сарын нэгний өдрөөс Мэдээллийн технологийн хэлтэс нь Мэдээллийн технологи, хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтэс болсон. Тус хэлтэс нь шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцохдоо шалгалт авах техник тоног төхөөрөмжийн бүрэн байдлыг бэлтгэж шалгалт эхлэхээс өмнө Шүүхийн мэргэшлийн хорооны ажлын албанд тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгдөг. Шалгалтын явцад ямар нэгэн тоног төхөөрөмжийн саадал гарвал Шүүхийн мэргэшлийн хорооны ажлын албаны хүний хамт орж тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг нь хангах үүрэгтэй. Үүнээс өөрөөр шалгалтад оролцох боломжгүй байдаг" гэх тайлбарыг өглөө.