БАРИМТ: "Туулын хурдны зам"-ын гүйцэтгэгч хятад руу буцаж, үйл ажиллагааг нь зогсоосон тул түүнд олгосон 500 тэрбумын зарцуулалтыг нь тулгах боломжгүй болжээ

БАРИМТ: "Туулын хурдны зам"-ын гүйцэтгэгч хятад руу буцаж, үйл ажиллагааг нь зогсоосон тул түүнд олгосон 500 тэрбумын зарцуулалтыг нь тулгах боломжгүй болжээ

Үндэсний аудитын газраас “Туулын хурдны зам" мега төслийг үр нөлөөтэй төлөвлөсөн байдалд гүйцэтгэлийн аудит хийж, УИХ болон холбогдох байгууллага, албан тушаалтнуудад нь албан шаардлага, зөвлөмж хүргүүлжээ. 

"Туулын хурдын зам"-ын төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Олон Улсын нээлттэй тендерийг 2025 онд хоёр удаа зарлаж, гүйцэтгэгчээр БНХАУ-ын “China Hyway” компани шалгарч, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар 2025 оны наймдугаар сарын 05-ны өдөр НХААГ/20250101139 дугаартай 2,3 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй “Нийслэл Улаанбаатар хотод “Туулын хурдны зам” барих барилгын ажлын зураг төсөл боловсруулах, худалдан авах, барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г “Хятадын ХАОЮАНЬ групп” ХХК, “Тяньжин Өүбайвэй” ХХК-тай гурван жилийн хугацаатай байгуулсан байдаг. 

Гэтэл тухайн төслийг эхлүүлэх ажил бодлогын баримт бичгээсээ эхлээд төсвийн төлөвлөлт, санхүүжилт нь хуульд бүрэн нийцээгүй, төслийн ТЭЗҮ, зураг төслийг холбогдох хууль тогтоомжийн дагуу боловсруулаагүй, хэрэгцээ шаардлагыг хангахгүй байсан зэрэг нь аудитаар илэрсэн байна. 

Тодотговол, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн зорилтод "Туулын хурдны зам" төслийн талаар тусгаагүй атлаа Нийслэлийн бодлогын баримт бичигт “Санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх шаардлагатай төсөл, арга хэмжээний 84-т Туулын хурдны зам төслийн төсөвт өртгийг 618.5 тэрбум төгрөг” гэж тусгасан байжээ. Энэ нь дунд хугацааны бодлогын баримт бичгийн уялдаагүй байдлыг харуулж байна гэж аудит дүгнэжээ.

Мөн НИТХ-ын 2024 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдрийн 24/08 дугаартай тогтоолоор “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т тусгасан бодлогын баримт бичгийн хүрээнд 12 мега төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсний тавдугаарт “Шинэ тойрог зам, Туулын хурдны зам” барих төслийг эхлүүлнэ гэж тусгасан атлаа 2025 оны есдүгээр сарын 23-ны өдрийн 25/111 дүгээр тогтоолын нэмэлт, өөрчлөлтөөр хэрэгжүүлэх болгон өөрчилсөн байна.

Улмаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь нэг жилийн дараа буюу 2025 оны  аравдугаар сарын 22-ны өдрийн А/4480 дугаар “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө” баталсан байна. Дээрх үйл ажиллагааны хөтөлбөрийг өөрчилснөөр төслийн бэлтгэл ажил, санхүүжилт, шийдвэрүүд тодорхой болсон мэт харагдаж байгаа ч бодлого шийдвэр, төлөвлөлтийн уялдааг хангах асуудлыг орхигдуулдаг байжээ. 

-"ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ"-ЫН ТӨСЛИЙГ КОНЦЕСС БОЛОН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛБЭРЭЭР ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР ТӨЛӨВЛӨЖ БАЙСНЫГ ӨӨРЧИЛЖЭЭ-

“Туулын хурдны зам” мега төсөл нь Гудамж төслөөс эхлэлтэй аж. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдрийн “Улаанбаатар хотын "Шинэ тойрог зам"-ыг барьж байгуулах тухай” 476 дугаар тогтоолоор "Туулын хурдны зам" гүүрэн байгууламж барьж байгуулах тухай Улаанбаатар хотын Захирагчид даалгаж байжээ. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2023 оны долдугаар сарын 05-ны өдрийн “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 253 дугаар тогтоолын 2418-д “Шинэ тойрог зам” төслийн урд хэсэг “Туулын авто зам” төсөл”-ийг концессоор хийж хэрэгжүүлэхээр тусгасан байна.

Харин Засгийн газрын 2024 оны долдугаар сарын 31-ний өдрийн ээлжит хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотод хэрэгжих төсөл, арга хэмжээний талаар хэлэлцэн “Туулын хурдны зам” болон "Шинэ тойрог зам"-ын ажлыг эхлүүлэх төслийг төр хувийн хэвшлийн түншлэлээр барьж байгуулах олон улсын нээлттэй тендерийг 2024 он наймдугаар сард багтаан зарлах, зэрэг бэлтгэл ажлыг хангахаар хэлэлцсэн байна. Улмаар НИТХ-ын 2025 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн 25/01 дүгээр тогтоолоор Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн жагсаалтад тус төсөл багтсан байжээ. Гэтэл Олон улсын нээлттэй тендер зарлаж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан байгаа юм.

Хэрэв энэхүү төслийг Засгийн газрын тогтоолын дагуу Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан журмын хүрээнд хэрэгжүүлсэн бол төлөвлөлт, ил тод байдлыг хангасан, хувийн хэвшлийн санхүүжилтийн оролцоотой, гүйцэтгэлд суурилсан төлбөрийн механизмтай, эрсдэлийн хуваарилалт тэнцвэртэй тодорхой байх байжээ.

-ТӨСЛИЙН ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ АЖИЛЛАГААГ ХУУЛЬД БҮРЭН НИЙЦҮҮЛЭН ЗОХИОН БАЙГУУЛААГҮЙ БАЙНА-

"Туулын хурдны зам"-ын сонгон шалгаруулалтад "Поли Чангда инженеринг" ХХК, "Шань дун лу чиау" ХХК, "Лун Зянь Рөүд энд бридж" ХХК гэсэн гурван оролцогч үнийн санал ирүүлсэн боловч “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-д заасны дагуу шаардлага хангасан оролцогч ирээгүй гэж үзэн дахин зарлахаар шийдвэрлэсэн байна.

Улмаар хоёрдахь удаа буюу 2025 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр зарлаж 2025 оны зургаадугаар сарын 27-ны өдрийн 13:10 минутад нээсэн байна. Уг тендерт нийт дөрвөн оролцогч үнийн санал ирүүлснээс гурван оролцогч шаардлага хангаагүй бол “Хятадын Хаоюань групп” ХХК болон “Тяньжин ӨүБайВэй” ХХК-иудын түншлэлтэй оролцогчийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн гэж үзэж шалгаруулж, 2025 оны наймдугаар сарын 05-ны өдөр гэрээг байгуулжээ. 

Гэтэл "Хятадын Хаоюань групп" ХХК болон "Тяньжин ӨүБайВэй" ХХК-иудын түншлэлтэй оролцогчийн ирүүлсэн тендерийн баримт бичгийг өмнөх сонгон шалгаруулалт болон бусад оролцогчийн баримт бичигтэй харьцуулан тулган баталгаажуулж, дүн шинжилгээ хийж үзэхэд дараах зөрчил гарсан байна.

Үүнд:

  • Төсвийг ажлын даалгавар, техникийн тодорхойлолтын дагуу ТЭЗҮ, зураг төсөл, норм нормативын зардлыг зөрүүтэй тооцсон,
  • Эхний тендерийн баримт бичиг, өгөгдлийн хүснэгтэд “гэрээний үнэд тохируулга хийхгүй тогтмол үнийн гэрээ байна” гэж заасан боловч FIDIC гэрээнд үнийн дүн өөрчлөгдөж тохируулга хийгдэж болохуйц байдлаар тусгасан,
  • Хоёрдахь тендерийн өгөгдлийн хүснэгтэд энэ талаар огт тусгаагүй боловч тендер шалгаруулалтын зааварчилгаанд “гэрээний үнэд тохируулга хийхгүй, хийх нөхцөлтэй үнэ санал болгосон тендерийг шаардлага хангаагүй гэж үзнэ” гэж тусгасан байна.

Түүнчлэн төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулаагүй болохыг аудитыг дүгнэлтэд тодорхой тусгажээ.

-“ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ” ТӨСЛИЙН ГЭРЭЭГ ХУУЛЬД НИЙЦҮҮЛЭН БАЙГУУЛААГҮЙ, ГЭРЭЭНИЙ НӨХЦӨЛИЙГ ХЭЛЭЛЦЭЖ ТОХИРОЛЦСОН БАРИМТ БАЙХГҮЙ БАЙЖЭЭ-

“Туулын хурдны зам” төслийг концесс болон төр, хувийн хэвшлийн түншлэлээр анхлан хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан талаар дээр өгүүлсэн. Гэтэл Улаанбаатар хотын захиргаа болон Хонг-Конгын “ХаоЮань групп” (HaoYuan Group LLC) хооронд НХААГ/20250101139 дугаартай гэрээг 2025 оны наймдугаар сарын 05 ны өдөр Олон Улсын зөвлөх инженерүүдийн холбооны FIDIC стандарт загварт суурилсан зураг төсөл боловсруулах, барих, авах шилжүүлэх нөхцөлтэй гэрээ байгуулсан байгаа юм.

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн “Гэрээний жишиг нөхцөл хэрэглэх тухай” 78-р тогтоолоор олон улсын /FIDIC/-ны гэрээний жишиг нөхцөлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу хэрэглэхийг даалгасан байна. Харин Нийслэлийн Засаг даргын 2025 оны хоёрдугаар сарын 25-ны өдрийн А/277 тушаалаар Томоохон /мега/ төслүүдийн жагсаалт баталж, хэрэгжилт хангуулах тухай 21 төсөлд “Туулын хурдны зам” төслийг багтааж баталсан байна. Гэтэл захиалагч тал Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг Олон улсын гэрээний жишиг загвартай уялдуулж хууль тогтоомжид нийцүүлэх байснаас гадна төслийг эхлүүлэх эрх олгогдоогүй байхад гэрээ байгуулж төслийг эхлүүлсэн байна. 

Түүнчлэн түлхүүр гардуулах Олон улсын FIDIC гэрээний нөхцөлийг захиалагч гүйцэтгэгч талууд хэлэлцэж тохиролцсон талаарх баримт байхгүй байгаа нь Иргэний хууль, Зөвшөөрлийн тухай хуультай нийцэхгүй байгаа аж. Тиймээс төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг авалгүйгээр байгуулсан энэхүү гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэхээр байна гэж аудит үзжээ.

-АУДИТЫН ИЖ БҮРЭН ДҮГНЭЛТ ӨГӨХ БОЛОМЖГҮЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ ҮҮСЧЭЭ-

"Туулын хурдны зам" төслийг үр нөлөөтэй төлөвлөсөн байдалд гүйцэтгэлийн аудит хийхэд нэлээдгүй хүндрэл бүрхшээл тулгарсан гэдгийг аудитын тайланд тодотгожээ. Тухайлбал, "Туулын хурдны зам"-ын гүйцэтгэгч БНХАУ-руу буцсантай холбоотой тайлбар тодруулга авах, нэмэлт мэдээлэл авах боломжгүй болсон байна. Мөн “Туулын хурдны зам” төслийн Олон улсын FIDIC гэрээний загварт суурилан зураг төсөл, төсөв боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх төрлөөр байгуулах гэрээний нөхцөлийг захиалагч гүйцэтгэгч талууд хэлэлцэж тохиролцсон талаарх баримтыг аудитын явцад гаргаж өгөөгүй, төслийн үйл ажиллагааг зогсоосонтой холбоотой төслийн санхүүжилтэд олгосон 500.0 тэрбум төгрөгийн урьдчилгаа төлбөрийн зарцуулалтыг тулган баталгаажуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн, түүнчлэн "Туулын хурдны зам"-ын төслийг АТГ, ТЕГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг шалгаж эхэлсэнтэй холбоотойгоор аудитын хангалттай бөгөөд зохистой нотлох зүйл цуглуулах боломж хязгаарлагдаж аудитын иж бүрэн дүгнэлт өгөх боломжгүй болсон гэдгийг тус аудитын тайланд тодотгожээ.

Үргэлжлэл бий... 




Өнөөдөр туулай өдөр

1 цагийн өмнө