“Таван сая доллароо залилуулчихлаа” гэсэн хуурамч гомдол гаргаж жирийн бизнес эрхлэгч В.Ганзориг гэх залууг шоронд хориулчихсан байна. Үүндээ цагдаа, прокурор, шүүхийг хөдөлгөж иргэн В.Ганзоригийг торны цаана суулгачхаж гэх санаа зорилготой байж болзошгүй мэдээлэл цахим сүлжээнд олон сувгаар цацсан. Иймд бид тус мэдээллийн мөрөөр олон талын эх сурвалжуудын мэдээллийг баримтаар хүргэж байна.
-В.ГАНЗОРИГ НЬ УУРХАЙН ЛИЦЕНЗЭЭ “ВАЙНД МАЙНД” ХХК-ИЙН ЗАХИРАЛ АСАН Г.АРИУНБОЛДОД 5 САЯ АМ.ДОЛЛАРООР ЗАРЖ БАЙЖЭЭ-
В.Ганзориг нь өөрийн “Глиймстар” ХХК-иараа эзэмшдэг Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт байрлах 31.75 га талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын MV-021972 дугаартай тусгай зөвшөөрөл буюу лицензээ 5 сая ам.доллароор шилжүүлэх гэрээг “Вайнд майнд” компанийн захирал асан Г.Ариунболдтой 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хийжээ.

Ингээд тус гэрээнд заасны дагуу гэрээний төлбөрийн 80 хувь болох 4 сая ам.долларыг Монголбанкны тухайн өдрийн хаалтын ханшаар тооцож 11 тэрбум 600 сая төгрөгийг “Лицензийн төлбөр MV-021972” гэсэн гүйлгээний утгатайгаар 2022 оны гуравдугаар сарын 18-ны өдөр “Вайнд майнд” компаниас шилжүүлжээ. Мөн гэрээний үлдэгдэл 20 хувь буюу 1 сая ам.доллар болох 3 тэрбум 100 сая төгрөгийг 2022 оны тавдугаар сарын 06-ны өдөр “MV-021972 төлбөр Вайнд майнд-с” гэсэн утгатайгаар шилжүүлсэн байна.

Товчхондоо, В.Ганзориг нь өөрийн эзэмшлийн MV-021972 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл болох лицензээ “Вайнд майнд” ХХК-ийн захирал Г.Ариунболдод 5 сая ам.доллар буюу 14 тэрбум 700 сая төгрөгөөр зарсан байгаа юм.
Харин “Вайнд майнд” ХХК-ийн захирал Г.Ариунболд нь В.Ганзоригоос худалдаж авсан ашигт малтмалын ашиглалтын MV-021972 дугаартай талбайдаа хөрс хуулалтын ажлыг эхлүүлж, нийт 7 сая куб хөрс хуулалтад 42 тэрбум орчим төгрөг зарцуулж, ус шүүрүүлэх зардалд ч 500 сая орчим төгрөгийг гаргажээ.

Ийнхүү В.Ганзоригоос 5 сая ам.доллар буюу 14.7 тэрбум төгрөгөөр лиценз авч, хөрс хуулалтад 42 тэрбум орчим төгрөг гээд нийт 55 тэрбум гаруй төгрөгийг “Вайнд майнд” ХХК-ийн захирал Г.Ариунболд зарцуулсны эцэст 2022 оны 07 дугаар сараас 2022 оны 10 дугаар сарын хугацаанд 142 кг алт олборлож, үүнийгээ Монголбанканд тушааж АМНАТ зэрэг татвар хураамжаа төлөөд 20 тэрбум орчим төгрөг олжээ.
Товчхондоо, “Вайнд майнд” ХХК-ийн захирал Г.Ариунболд тухайн уурхайд 55 тэрбум гаруй төгрөг зарцуулаад 20 тэрбум орчим төгрөгийн орлого буюу нийт хөрөнгө оруулалтынхаа 50 хүрэхгүй хувийг л олоод “зогссон” байгаа юм.
-В.ГАНЗОРИГ 5 САЯ АМ.ДОЛЛАРООР ЗАРСАН ЛИЦЕНЗЭЭ Г.АРИУНБОЛДООС 5 МЯНГАН ТӨГРӨГӨӨР БУЦААН АВЧЭЭ-
Учир нь “Вайнд майнд” ХХК-ийн захирал Г.Ариунболдыг уурхайн үйл ажиллагаагаа явуулж эхлэхтэй зэрэгцэн Экологийн цагдаа алба болон харьяаллын бус гэх Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсээс Г.Ариунболдыг хууль бусаар алт олборлож байгаа мэтээр уурхайг нь битүүмжлэн, эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж эхэлсэн гэдэг.
ВИДЕО:
Энэ нь магадгүй В.Ганзоригийн үйлдэл байсныг үгүйсгэхгүй гэж учир мэдэх хүмүүс хэлдэг. Учир нь “Вайнд майнд” ХХК-ийн захирал Г.Ариунболдыг хуулийн байгууллага шалгаж эхэлмэгц В.Ганзориг гэгч нь, “5 сая ам.доллароор худалдсан уурхайгаа буцаан авахыг тулгасан гэдэг.”
Ингээд нэгэнт хууль хүчний байгууллагын дарамтад орсон Г.Ариунболд нь 5 сая доллароор худалдаж авсан уурхайн тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсан “Вайнд майнд” ХХК-ийнхаа хувьцааг В.Ганзоригт ердөө 5 мянган төгрөгөөр худалдсан байгаа юм. Мөн “Вайнд майнд” компанийн 50 хувийн хувьцааг эзэмшиж байсан Б.Чинбатын хувьцааг ч 5 мянган төгрөгөөр В.Ганзориг авчээ.

Товчхондоо, “жирийн бизнес эрхлэгч хоригдсон” мэтээр төлбөртэй байж магадгүй мэдээ тарааж буй В.Ганзориг гэгч нь Г.Ариунболдод 5 сая ам.доллароор зарсан уурхайгаа долоохон сарын дараа 5 мянган төгрөгөөр буцаагаад өөрийн болгосон байгаа юм.

Улсын бүртгэлийн нээлттэй мэдээллээс шүүж үзэхэд, Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт байрлах 31.75 га талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын MV-021972 дугаартай тусгай зөвшөөрлийг өдгөө “Вайнд майнд” ХХК эзэмшиж байгаа бол тус компанийг В.Ганзориг эзэмшиж байна. Тэрбээр Г.Ариунболдын “Вайнд майнд” ХХК-ийг өөрийн болгож авснаас хоёр жил гаруйн дараа буюу 2025 оны тавдугаар сарын 21-ний өдөр “Вайнд майнд” ХХК-ийн эцсийн өмчлөгчөөр бүртгүүлсэн байх аж.

-В.ГАНЗОРИГИЙГ ОЛОН ХЭРЭГТ ХОЛБОГДУУЛАН ШАЛГАЖ БАЙГАА ГЭХ БӨГӨӨД ҮҮНИЙ НЭГ НЬ Г.АРИУНБОЛДЫН ГОМДОЛ АЖ-
“Алдсан хүн арван тамтай” гэгчээр Г.Ариунболд нь 5 сая ам.доллароор худалдан авсан ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлөө долоохон сарын дараа аргагүйн эрхэнд В.Ганзориг гэгчид шилжүүлсэн асуудлаараа хуулийн байгууллагад хандсан байгаа юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар “В.Ганзориг гэгчийг хуулийн байгууллагаас нэлээдгүй олон хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэх бөгөөд үүний нэг нь Г.Ариунболдын гомдол аж.”
Мөрдөх байгууллагаас В.Ганзориг гэгчийг шалгаж буйтай холбоотойгоор прокурорын саналаар түүнийг шүүхээс нэг сарын хугацаатайгаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.
Гэтэл өөрийг нь хуулийн байгууллагаас шалгаж, цагдан хорьж эхэлсэнтэй зэрэгцэн “Вайнд майнд” ХХК-ийн хувьцаа эзэмшигч асан Б.Чинбатын нэрийг олны өмнө барьж, зохион байгуулалттай байж магадгүй гүтгэлгийн шинжтэй мэдээллийг цахим сүлжээнд цацах болов. Ингэхдээ нөгөө л нэг танил технологи болох хуулийн байгууллагын удирдлагууд хийгээд улстөрчдийг холбож, мэдээллийг түгээжээ.
Угтаа мөрдөх байгууллага нь шалгаад, прокурор яллах дүгнэлт үйлдэж, шүүх нь үнэн мөнийг нь эцэслэх атал мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа гэх энэ үед хууль хяналтын байгууллага, тэдгээрт ажилладаг алба хаагчид төдийгүй төр засгийн тэргүүнүүдийн нэрийг цохон, мэдээлэл түгээж буй нь магадгүй өөрийн хэргийг нь шалгаж буй хууль хяналтын байгууллагуудад нөлөөлөх, цаашлаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах гэсэн үйлдэл үү гэх хардлагыг төрүүлж байна.
-В.ГАНЗОРИГ ГЭЖ ХЭН БЭ-
Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт уул уурхайн хэд хэдэн лиценз эзэмшдэг В.Ганзориг гэгч нь өмнө ч нэлээд олон хэрэгт холбогдон хууль хяналтын байгууллагаар шалгуулаад зогсохгүй эрүүгийн хэргээр шүүгдэж байсан нэгэн аж.
ВИДЕО:
Тухайлбал, В.Ганзориг нь “Хамтын эх булаг” ХХК захирлаар ажиллаж байхдаа мөн өөрийн үүсгэн байгуулсан “Говь хангай өрөм” ХХК-д захирал ажилтай Ч.Бүүвэйхүүгээр дамжуулан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж “40 сая төгрөг яаралтай хэрэгтэй байна, санаа зоволтгүй өгнө” гэж Б.А-д итгүүлэн хуурч, “Говь хангай өрөм” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй Баянгол дүүрэгт байрлах 67.3 мкв талбайтай 3 өрөө орон сууцны дугаартай гэрчилгээг барьцаалан 40 сая төгрөгийг компанийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Г.Амаржаргалаар 2017 оны долдугаар сарын 27-ны өдөр 1 сарын хугацаатай 4.2 хувийн хүү төлөх нөхцөлтэйгөөр Б.А-той “Зээлийн гэрээ”-г байгуулах замаар баримт бичиг ашиглан 40 сая төгрөгийг авч залилсан гэмт хэрэгт холбогдон, шүүгдэж байжээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.
Мөн В.Ганзоригийн “Хамтын эх булаг” ХХК Монгол Улсын Хөгжлийн банкнаас зээл авсан асуудлаараа УИХ-ын Хянан шалгах түр хорооны сонсголд дуудагдаж байсан байна. Мөн тэрбээр 2021 онд Монголын боксын холбооны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа МУГТ Э.Цэндбаатарыг Үндэсний шигшээ багаас хөөх шийдвэрийг гаргалцаж явсан нэгэн ажээ.