Т.Аюурсайхан гишүүний улсаа “хорлох” САНАЛ

Т.Аюурсайхан гишүүний улсаа “хорлох” САНАЛ

-Т.АЮУРСАЙХАНЫ САНАЛААР МАН-ЫН БҮЛГИЙН ГИШҮҮД САНАЛ ХУВААГДЖЭЭ-

Өнгөрсөн даваа гарагийн МАН-ын бүлгийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы "Төр нийтийн өмч ард түмний мэдэлд байхтай холбоотой заалт болох "Стратегийн ордын 51 хувийг төр эзэмшихээс гадна рояалти татвар авах боломж байна" гэх асуудлыг хэлэлцсэн. 

Гэхдээ уг асуудлаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй. Одоогийн байдлаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы уг саналыг 20 орчим гишүүн дэмжиж гарын үсгээ зураад байгаа аж. Тиймээс ажлын хэсэг гарган судлуулж байгаа юм.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар МАН-ын бүлгийн гишүүд уг асуудлаар санал хуваагдсан байдалтай байгаа аж. Гэхдээ бүлгийн ихэнх гишүүд уг саналыг Монгол улсын эдийн засагт хор уршиг авчрах, маш аюултай нөхцөл байдал бий болгоно гэж дүгнэж байгаа аж. Тиймээс ч даваа гарагийн бүлгийн хурал дээр уг асуудлаар нэлээн удаан маргалдсан байна. Уг саналыг ганц Т.Аюурсайхан гишүүн бус Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд нарын гишүүд хамтран боловсруулсан гэх мэдээлэл бий.

Яагаад хор уршиг авчирна гэж дүгнэж байна вэ гэвэл Стратегийн орд газрыг ашиглахдаа төрийн эзэмшил нь 51 хувь байх тэр дундаа Байгалийн баялгийн үр өгөөжийн дийлэнх хувь нь төрд ногдохоор байна гэдэг байдлаар томьёолсон нь гаднын хөрөнгө оруулалтыг үргээх,  бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдээ халтай байдлаар тусах юм.  

Түүх сөхвөл 2011 онд Монгол улс түүхэндээ хамгийн их буюу таван тэрбум ам.долларын гадны хөрөнгө оруулалт орж ирсэн гэж хөөрцөглөөд тэр ондоо гаднын хөрөнгө оруулалтын тухай хуулиндаа өөрчлөлт оруулж уул, уурхайгаас олох ашгийн ихэнхийг Монголын төр авахаар заалт оруулсан.

Уг заалтаас болж 2012 оноос Монгол улсад орж ирэх гадны хөрөнгө оруулалт бага, багаар буурсаар 2016 онд 0 зогсолт хийсэн гэж хэлж болно.

-ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН 70 ХУВИЙГ УУЛ, УУРХАЙГААС ОРЖ ИРДЭГ-

2018 оны эцэст 3 тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт Монгол улсад орсны 70 гаруй хувь нь уул, уурхайгаас орж ирсэн байдаг. Тэгэхээр Т.Аюурсайхан нарын Үндсэн хуульд оруулахаар өргөн барьсан заалт нь уул, уурхайгаас орж ирэх хөрөнгө оруулалтыг бүхэлд нь боомилохоор байна.

Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль 1990 онд гарснаас хойш Монголд гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх үүд хаалга нээгдсэн. Үүнээс хойш 2005 он хүртэл 15 жилийн хугацаанд манай улсад ердөө нийт 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсэн байдаг юм. Гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхэд ямар их хугацаа шаардлагатай байдгийг энэ жишээн дээрээс харж болно. Удаан хугацааны шалгуурын дараа Монголд хөрөнгө оруулж болох эсэхээ гадныхан тооцоолдог.

-ХУУЛИЙН НЭГ Л АЛДААТАЙ ЗААЛТ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ҮРГЭЭДЭГ-

Харин эдийн засагчид үүнтэй холбоотойгоор “Гадаадын хөрөнгө оруулалт маш эмзэг. Хэн нэгэн албан тушаалтны үгээр хөрөнгө оруулагчид үргэдэг. Нэг хуулийн алдаатай зүйл заалт, засаг төрийн тогтворгүй байдлаас ч болж байна. Зарим нэг улс төрчийн хоосон амлалтаас ч болгоомжлох нь бий. Гадаадын хөрөнгө оруулалт Монголын эдийн засагтай шууд холбоотой. Ялангуяа Монголын дотоодын хөрөнгө оруулалттай шууд холбоотой байдаг. Ганц жишээ татахад, Оюутолгойн хөрөнгө оруулалт зогсоход Монголын дотоодын хөрөнгө оруулалт зогсдог. Оюутолгойг дагасан олон аж ахуйн нэгж хаалгаа барьсан. Үүнээс гадна монголчууд гадаадын хөрөнгө оруулагчдаас ихээхэн болгоомжилдог нь хөрөнгө оруулалт үргээх нэг шалтгаан болох жишээтэй. Хөрөнгө оруулалт ямар эерэг үр дүнтэй байдаг вэ гэдгийг бид ойлгох ёстой. Технологи, үйлдвэрийн барилга байгууламж, ажиллах хүч нэмэгдэнэ, улсад татвар төлнө, валют орж ирнэ гээд олон талын ашиг тустай” гэсэн зөвлөгөөг өгсөөр байна.




Өнөөдөр бар өдөр

9 цагийн өмнө