Н.Өнөрцэцэг: Мэдээллийг шууд цацахыг шантааж гэж бодохгүй байна

Н.Өнөрцэцэг: Мэдээллийг шууд цацахыг шантааж гэж бодохгүй байна

УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын эзэмшдэг “Монполимет” ХХК- нь 10 тэрбум төгрөгийн өрөө Монголбанкаар төлүүлсэн гэх мэдээллийг Zarig.mn сайтын Ерөнхий эрхлэгч Н.Өнөрцэцэг олон нийтэд түгээсэн билээ.

Энэ асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, Zarig.mn сайтын захирал, сэтгүүлч Н.Өнөрцэцэг нарыг хамтдаа хэвлэлийн бага хуралд оролцохыг Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/-ээс уриалсан юм. Уриалгын дагуу өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.

Хуралд МСНЭ-ийг төлөөлж Ерөнхийлөгч Х.Мандахбаяр,  МСНЭ-ийн Мэргэжлийн ёс зүй хариуцсан Дэд Ерөнхийлөгч З.Боргилмаа болон zarig.mn сайтын захирал Н.Өнөрцэцэг нар оролцлоо. Харин  УИХ-ын гишүүн Ц.Гарамжав ирсэнгүй.

Зариг.мн ийн эрхлэгч Н.Өнөрцэцэг

-Ц.Гарамжав гишүүний мэдээллийг хоёр сарын өмнөөс цацаж эхэлсэн. Учир нь “Монполимет” нь улсын төсвөөр өөрийн байгууллага руу автозам тавьсан гэх асуудлыг манайх анх гаргасан байгаа. Энэ мэдээллийн дагуу гишүүний нэр төрд халдсан гэх асуудлаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаж улмаар шалгагдаж намайг нэр төрд нь халдаагүй юм байна гэсэн прокурорын дүгнэлт гарсан байдаг.

Улсын их хурлын гишүүн Ц.Гарамжав гэдэг хувь хүн рүү дайраагүй. Ц.Гарамжав УИХ-ын гишүүн болоод нэг жилийн дотор Монгол банкны эрсдлийн сангаас өөрийн өр болох 10 тэрбум төгрөг гаргуулан зээлээ даруулсан. Яагаад УИХ-ын гишүүн бүхэл бүтэн 10 тэрбум төгрөг өөртөө аваад байгаа юм бэ?. Цэцэрлэг сургуульгүй айлын бяцхан үрс гэртээ ганцаараа цоожлуулж үлдээд түлэгдэж нас барж байна. Нэг орон сууц аваад бид зээлээ бүтэн 20 жилийн турш төлдөг шүү дээ. Иймд байхад гишүүн улсын мөнгөөр өөрийн өрийг даруулна гэдэг асуудал байж болохгүй үйлдэл юм.

Хамтарч ажиллах гэрээний санал хүргүүлснийг эрхэм гишүүн маань шантааж хийж байна гэж байна лээ. Энэ бол гэрээний л санал юм манай зүгээс аймаг орон нутгийн болон төрийн олон байгууллагууд руу санал хүргүүлдэг. Гэрээ хийсэн байгууллагуудынхаа үйл ажиллаагааны мэдээг гаргаад явдаг. Би өнөөдөр 18 хүн цалинжуулаад ажиллуулдаг. Мөн сайтын үйл ажиллагаа эрхлэхэд тодорхой хэмжээний зардал гардаг. Энэ бүх асуудлаа хамтарч ажилладаг байгууллагаас орж ирдэг гэрээний мөнгөөр л болгодог.

Одоогоор манайхтай цөөн хэдэн л газар хамтарч ажиллах гэрээний дагуу, хуулийн дагуу ажиллаж байна.

Мөн манай сайтын үйл ажиллагааг хааж хакердсан асуудлыг хуулийн байгууллагад хандаж шалгуулна гэлээ.