СУРВАЛЖИЛГА: Аймгийн начин Т агсан коронавирусийн халдвараар хоёр удаа өвдсөн байжээ

СУРВАЛЖИЛГА: Аймгийн начин Т агсан коронавирусийн халдвараар хоёр удаа өвдсөн байжээ

Энэ сарын 10-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын харьяат иргэн Т бөхийн бэлтгэл хийснийхээ дараа ухаан алдаж, сэхэл авахгүй байсаар нас барсан харамсалтай хэрэг гарсан. Талийгаач аймгийн начин цолтой байсан бөгөөд өмнө нь хоёр удаа коронавирусийн халдвараар өвдөж байжээ. Иймд бид сэрэмжлүүлэг болгох үүднээс дараах мэдээллийг бэлтгэлээ.

-ТАЛИЙГААЧИЙГ ЯАРАЛТАЙ ЭМНЭЛЭГТ ХҮРГЭЖ, ЭМЧ НАР 30 МИНУТ ОРЧИМ ЗҮРХНИЙ МАССАЖ ХИЙН, ДЕФИБРИЛЛЯТОРТ ОРУУЛСАН БАЙНА-

Талийгаач Т 1989 онд төрсөн, Увс аймгийн төв Улаангом суманд эхнэр, гурван хүүхдийн хамтаар амьдардаг бөгөөд аймгийн Нэгдсэн эмнэлэгт инженерээр ажилладаг байжээ. Хэрэг гарсан өдөр Нэгдсэн эмнэлгийн удирдах зөвлөл /УЗ/-ийн хурал болсон байна. Т нь саяхан эмнэлгийнхээ УЗ-ийн гишүүн болсон бөгөөд тухайн өдөр хоёр дахь хуралдаа суужээ.

Хурал 16:00 цагийн үед дуусахад тэрбээр хамт байсан хүмүүстээ “бэлтгэл хийнэ” гэж хэлээд явсан байна.

Ингээд 17:00-20:00 цаг хүртэл бэлтгэл хийж дуусаад хувцсаа солих гэж байхдаа гэнэт ухаан алдан унасан аж. Хамт бэлтгэл хийж хүмүүс нь сандралдан, яаралтай Нэгдсэн эмнэлэгт хүргэсний дараа эмч нар 30 орчим минут зүрхний массаж хийж, сүүлдээ дефибрилляторт /зүрхний үйл ажиллагааг цахилгаан цэнэгээр сэргээх/ оруулсан ч харамсалтай нь оройтсон байжээ.

-ТАЛИЙГААЧ ӨНГӨРӨХӨӨС ХЭДХЭН ХОНОГИЙН ӨМНӨ “ЗҮРХНИЙ ЭМЧИД ҮЗҮҮЛНЭ” ГЭЖ ЯРЬЖ БАЙЖЭЭ-

Т нь 2010 оноос хойш тогтмол бэлтгэл хийж ирсэн, ямар нэгэн суурь өвчингүй, эрүүл, чийрэг нэгэн байсныг эх сурвалжууд хэлж байлаа. Харин өнгөрсөн зун болон намар хоёр удаа коронавирусийн халдвар авч, эмчлүүлсэн байна. Эхний удаа харьцангуй хөнгөн харин хоёр дахь удаа нэлээн хүнд өвджээ.

Түүнээс хойш зүрх нь үе, үе өвддөг зовиуртай болсон бөгөөд өнгөрөхөөсөө 3, 4 хоногийн өмнө “зүрхний эход харуулж, эмчид үзүүлнэ” гэж ярьж байсан талаар эх сурвалж хэлсэн юм.

Мөн талийгаач ойрын үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй нь тогтоогдсон байна. Талийгаач ковидын халдвараар өвдөж, эдгэснийхээ дараа хэд хэдэн сумын барилдаанд оролцоод байжээ. Харин энэ удаад оролцохоор бэлтгэл хийж байсан үндэсний бөхийн барилдаан нь Увс аймгийн Өмнөговь суманд болох байв. Гэсэн ч уг харамсалтай явдлын улмаас барилдааныг хойшлуулсан байна. 

Энэхүү харамсалтай хэрэг явдлаас өмнө тус аймагт аймгийн арслан цолтой Х гэх залуу зүрхний өвчний улмаас аймгийн Спорт хорооны байранд таалал төгссөн талаар зарим хэвлэл мэдээлээд байгаа. Уг хэргийг тодруулбал, Х нь бөхийн спортоор хичээллэдэг байсан ч эрүүл мэндийн шалтгааны улмаас завсарлага авч, сүүлийн хэдэн жил дасгалжуулагч хийх болжээ. Талийгаач зүрхний өвчтэй, тухайн үед донор хайж байсан аж.