М.Уранцэцэг орон нутаг, мужийн тэмцээнд оролцож, өөрөөсөө зэрэглэл өндөр тулаанчдыг ялж байж UFC-д орно

М.Уранцэцэг орон нутаг, мужийн тэмцээнд оролцож, өөрөөсөө зэрэглэл өндөр тулаанчдыг ялж байж UFC-д орно

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, олимпын хүрэл, ДАШТ-ий алт, мөнгө, хошой хүрэл медальт М.Уранцэцэг өнгөрөгч Бямба/2021.01.15/-т жудогоос зодог тайлж, холимог тулааны спорт руу шилжин, UFC-д хүч сорих болсон талаараа албан ёсоор мэдэгдсэн билээ. Энэ мэдээг холимог тулаан сонирхогчид тун талархууштай хүлээн авч, түүнд амжилт хүсэж байв. Гэвч UFC-д орно гэдэг тийм ч амар зүйл биш. 

UFC нь дэлхийн шилдэг тулаанчдыг нэгтгэдэг “элит лиг” бөгөөд статусаараа NFL, NBA-тэй дүйцдэг гэж хэлж болно. Тэр ч утгаараа тамирчнаас асар их бэлтгэл, хичээл зүтгэл, авьяас чадвар шаарддаг. Зөвхөн шалгарсан тулаанчид UFC-д элсдэг ба ихэнх нь тулааны оргилд хүрэхийн тулд олон жил тасралтгүй зүтгэсэн байдаг. Тиймээс бид энэ удаагийн нийтлэлээрээ ямар зам туулж, ямар шалгуур, шаардлагыг хангаж байж гэмээн UFC-ийн тамирчин болдог талаарх мэдээллийг хүргэж байна.

-UFC-Д ОРОХЫН ТУЛД ДООД ТҮВШНИЙ, СОНИРХОГЧИЙН ТЭМЦЭЭНҮҮДЭД ЯЛАЛТ БАЙГУУЛЖ ӨӨРИЙГӨӨ БАТЛАН ХАРУУЛАХ ЁСТОЙ-

ММА буюу холимог тулааны урлаг нь өөртөө олон төрлийн тулааны төрлийг багтаадаг, босоо довтолгоон болон хэвтээ барилдааныг хослуулдгаараа онцлогтой спорт. Холимог тулааны урлагаар дагнан үйл ажиллагаа явуулдаг албан ёсны бүртгэлтэй 50 гаруй холбоо бий. Тэдгээрээс хамгийн нэр хүндтэй нь UFC юм. UFC-д орохын тулд юун түрүүнд өөрийгөө батлан харуулах ёстой. UFC-д хэзээ ч мэргэжлийн бус, туршлагагүй тулаанч оролцдоггүй. Хэчнээн авьяастай байсан ч тодорхой хэмжээний туршлагыг тамирчнаас шаарддаг бөгөөд туршлага олж авах хамгийн сайн арга зам бол сонирхогчдын тэмцээн аж. 

UFC нь зөвхөн найман тойрогт ур чадвараа амжилттай харуулсан тулаанчдыг хүлээн авдаг. Тиймээс тулаанчид орон нутаг, мужийн тэмцээн гэх мэтээр бага багаар шат ахидаг.  

-ДОР ХАЯЖ МЭРГЭЖЛИЙН ГУРВАН ТУЛААНД ЯЛАЛТ БАЙГУУЛСАН БАЙХ-

"Sportsmanor" сайтад бичсэнээр UFC-д орох бас нэгэн арга бол “Ultimate Fighter” реалити шоу юм. Уг шоунд орохын тулд UFC-ээс гадна дор хаяж мэргэжлийн гурван тулаанд ялсан байх ёстой.

-ӨНДӨР ЗЭРЭГЛЭЛИЙН ТАМИРЧНЫГ ЯЛСАН БАЙХ-

Өөрөөсөө өндөр зэрэглэлийн тамирчныг ялсан байх. Энэ бол бичигдээгүй дүрэм гэж хэлж болно. Өөрөөсөө аль болох өндөр зэрэглэлийн тамирчныг сонгож, ялалт байгуубал UFC-д “дебют” хийх магадлалыг хэд дахин нэмэгдүүлдэг талаар мэргэжлийн тамирчид онцолжээ. Мэдээж ялалт нь ялагдлаасаа олон байж гэмээн UFC-д орох боломжтой байдаг аж. Тодруулбал, сүүлийн таван тулаанд ялагдал хүлээгээгүй байх гэсэн шаардлага тавигддаг байна.

-ӨӨРИЙГӨӨ ТӨЛӨӨЛӨХ МЕНЕЖЕР, АГЕНТЛАГТАЙ БАЙХ-

UFC-д хүч үзэж буй тамирчин бүр менежер, агентлагтай байдаггүй. Гэхдээ томоохон лигт өрсөлдөхийг хүсэж байвал менежер, агентлагтай байх нь давуу тал болдог аж. Дасгалжуулагч тамирчныхаа менежерийн үүргийг гүйцэтгэж болох ч энэ нь урт хугацааны үйл явц учраас нэг хүнд хэт ажил болдог. Менежер, агентлаг нь тулаан захиалах, өрсөлдөгч, сонгох, реклам, сурталчилгаанд тоглох зэрэг ажлуудыг хариуцдаг. Хэрэв тэмцээнүүдэд ялалт байгуулж өөрийгөө харуулж чадвал томоохон агентлагуудын анхаарлыг татах боломжтой.

-АНУ-ЫН ХУУЛЬ ЁСООР ОРШИН СУУГЧ БАЙХ-

UFC-ийн тулаанд оролцохын тулд АНУ-д хууль ёсоор оршин суугч байх ёстой. Хэрэв АНУ-ын иргэн биш бол төрөлх улсынхаа зохих хууль ёсны байгууллагаас гэмт хэргийн түүх /гэмт хэрэгт холбогдож байгаагүй гэсэн тодорхойлолт/-ийг харуулсан бичиг баримтыг бүрдүүлсэн байх ёстой байдаг аж. Өөрөөр хэлбэл, өмнө нь гэмт хэрэгт холбогдож байсан хүн UFC-д орох боломжгүй байдаг аж.

-НАС-

Мэдээж тухайн тамирчин тулалдаж чадаж байвал нас тийм ч чухал биш. Гэхдээ UFC-ийн зарим тулаанд нас зааж өгдөг аж.

Эх сурвалж: UFC, Sportsmanor




Өнөөдөр гахай өдөр

36 минутын өмнө