БИДНИЙ ТУХАЙ: Монголын нүүрсэнд хориг тавьсан тул Хятадын коксжих нүүрсний импорт огцом буурав

БИДНИЙ ТУХАЙ: Монголын нүүрсэнд хориг тавьсан тул Хятадын коксжих нүүрсний импорт огцом буурав

Австрали, Монгол зэрэг орнуудад нүүрсний хориг тавьсны улмаас Хятадын коксжих нүүрсний импорт огцом буурсан талаар шинжээчид мэдэгдлээ. Тус улс цар тахлын улмаас Монголоос авах нүүрсний импортод хориг тавьсан. Мөн 2020 оны сүүлээр Австралийн нүүрс, далайн бүтээгдэхүүний импортод албан бус хориг тавьсан билээ.  

Хятад улс өнгөрсөн онд гангийн үйлдвэрлэлийн чухал бүрэлдэхүүн хэсэг болох 54.7 сая тонн коксжих нүүрс импортолсон нь 2020 оныхоос 24.6 хувиар буурсан байна. Шаньсид төвтэй “Today Think Tank”-ийн нүүрсний шинжээч Жиа На "Хэдийгээр БНХАУ далайн замаар нүүрсний импортоо нөхөж байсан ч энэ нь Австрали болон Монголоос авдаг нүүрсний нийлүүлэлтийг нөхөж чадахгүй” гэв.

Бээжингийн импортын хоригийн дараа Хятад улс боомтуудад гацсан нүүрсээ татаж эхэлснээр 2020 оны аравдугаар сараас эхлэн коксжих нүүрсний импортын 11.3 хувь буюу 6.17 сая тонныг Австралиас импортолсон байна. Одоо боомтуудад хадгалагдаж байсан нүүрсний ихэнх хэсэг байхгүй болсон гэж Жиа На хэлэв.

“S&P Global Platts” мэдээлснээр Хятад, Австрали 2022 онд худалдааны өөр түншүүдийг эрэлхийлэх аж. Гэхдээ хоёр улсын худалдааны маргааны нөлөө Австралийн металлургийн нүүрс үйлдвэрлэгчид болон Хятадын гангийн үйлдвэрүүдэд илүү хүндээр тусах болно.

Мөн Sxcoal.com сайтын нүүрсний шинжээч Ву Вэншингийн хэлснээр “Хятад улс өмнө нь коксжих нүүрсний импортын хувьд Австрали, Монголоос ихээхэн хамааралтай байсан. Жишээ дурдахад, 2019 онд нийт импортын 86.7 хувийг нүүрс эзэлж байжээ. 

Монгол улс өнгөрсөн онд Хятадын коксжих нүүрсний хамгийн том эх үүсвэр байсан ч цар тахлын улмаас хил хааж, томоохон хуурай замын боомтуудын хязгаарлалт тавьсан зэрэг нь нийлүүлэлтэд ихээхэн нөлөөлсөн байна”. 2021 онд Хятад улс Монголоос 14.04 сая тонн коксжих нүүрс импортолсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 40.93 хувиар буурчээ. Үүний үр дүнд гангийн үйлдвэрүүд коксжих нүүрсний өөр эх үүсвэр рүү шилжиж, 2021 онд ОХУ-аас импортлох хэмжээ 60 орчим хувиар нэмэгдэж, 10.67 сая тоннд хүрнэ гэж шинжээчид таамаглаж байна.

Эх сурвалж: SouthChinaMorningPost