ВИДЕО: Тайваньд 140 метрын урттай гүүр нурж байгаа бичлэг ил болов

ВИДЕО: Тайваньд 140 метрын урттай гүүр нурж байгаа бичлэг ил болов

Тайванын Еилан хотод өчигдөр буюу аравдугаар сарын 1-ний Мягмар гарагт гүүр нурж, загасчдын завь дарагджээ. Нийт 140 метрын урттай, нэг нуман бэхэлгээтэй уг гүүр нурж буй нь орчны ажиглалтын камерт бичигдэн үлдсэн байна. Шатахуун түгээгч том оврын автомашин зорчих үеэр гүүр нурж, загасчдын гурван завь дарагдаж буй нь бичлэгээс харагдаж буй юм. Шатахуун түгээх машин усанд унаснаасаа хойш удалгүй шатаж, өтгөн хар утаа баагиж эхэлжээ.

Урьдчилсан дүгнэлтээр, уг ослын улмаас зургаан филлипин, гурван индонез загасчин, шатахуун түгээгч машины тайвань жолооч, хоёр иргэн нийлээд 12 хүн шархадсан талаар Тайваний гал сөнөөх газраас мэдээлж байна. Албаныхан ослын голомт руу аврах анги илгээсэн бөгөөд зургаан гадаад ажилчин бүхий гурван завины нэгийг үдэд гаргаж авсан боловч үлдсэн хоёр завийг гаргаж чадаагүй хэвээр байгаа аж.