Сэлэнгэ аймагт баавгай буудахыг зөвшөөрлөө

Сэлэнгэ аймагт баавгай буудахыг зөвшөөрлөө

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт хээр түр оршин сууж байсан иргэд рүү баавгай дайрч аав, хүү хоёрын аминд хүрсэн хэрэг гарсан талаар өмнө нь мэдээлсэн. Болсон явдлыг тодруулбал, аравдугаар сарын 03-ны өдрийн 19 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Могойн гол” гэх газар Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэх хугацаанд айлын гэр нурсан байхыг хараад очиж шалгасан байгаа юм.

Гэтэл баавгайнд бариулж нас барсан байж болзошгүй 2 хүн байжээ. Тус мэдээллийг Сэлэнгэ аймгийн жижүүрийн бүрэлдэхүүн авч Газрын даргаар удирдуулсан ажлын хэсэг гарч хэргийн газарт очиж ажиллажээ. Урьдчилсан байдлаар талийгаач нь 1964 онд төрсөн эрэгтэй О, мөн түүний хүү 8 настай хүү Б нар хэргийн газарт нас барсан болохыг тогтоосон байдаг.

Баавгайг устгах тухайд тус аймгийн Засаг дарга Ш.Оргил манай сайтад өгсөн тайлбартаа

“Иргэн рүү дайрсан гэх баавгайг бариагүй. Барих боломжгүй. Манай улсын хуулиар баавгай агнах юм бол 20 сая төгрөгийн мөнгөн торгуультай байдаг бөгөөд таван жилийн хорих ялтай хэмээн заасан байдаг учраас барьж устгах боломжгүй” гэж байсан юм.

Тэгвэл Сэлэнгэ аймгийн Онцгой комисс хуралдаж, аймгийн хэмжээнд онц байдал зарлаж, зайлшгүй тохиолдолд баавгайн эсрэг буу ашиглахыг зөвшөөрсөн шийдвэрийг өчигдөр гаргасан байна. Өмнө нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас баавгайг агнаж болохгүй гэсэн үүрэг чиглэл өгсний дагуу сум тавьж үргээж байжээ.