Хошууч генерал Б.Хурц, Г.Эрдэнэбат нарын хэргийн шүүх хуралдаан маргааш болно

Хошууч генерал Б.Хурц, Г.Эрдэнэбат нарын хэргийн шүүх хуралдаан маргааш болно

ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүн холбогдох бусдыг эрүүдэн шүүсэн, эрүүдэн шүүх ажлыг зохион байгуулсан, оролцсон гэх эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал маргааш Төв аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болно. Шүүх хурлыг өглөө 10.00 цагт товлогджээ.

Б.Хурц, Г.Эрдэнэбат нарын есөн хүнд Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 251, 133-р зүйл анги буюу “Хууль бусаар эрүүдэн шүүсэн”, “Гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн” хэрэгт яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм. Анхан шатны шүүх хуралдаанаас "Хэргийн нотлох баримт хангалтгүй" хэмээн үзэж нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан боловч прокурор шүүхийн шийдвэрийг үл зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн билээ.

Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг хүлээж авбал хэргийг анхан шатны шүүх рүү буцааж шүүх хурлыг дахин явуулна. Хэрэв шүүх прокурорын эсэргүүцлийг хүлээж авахгүй гэвэл анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрийн дагуу хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах юм байна.