“Жаст”-ын Ш.Батхүү дээд шүүхэд гаргасан гомдлоо буцаажээ

“Жаст”-ын Ш.Батхүү дээд шүүхэд гаргасан гомдлоо буцаажээ

АТГ-аас “Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувийг Өмнөд Африкын “Стандарт” банкны барьцаанд тавьж, их хэмжээний зээл авсан гэх хэрэгт “Жаст"-ын Ш.Батхүү нарыг яллагдагчаар татан шалгаж байгаа билээ. Мөрдөн байцаалтын явцад “Жаст"-ын Ш.Батхүүгийн хэргийг тусгаарлаж, шүүхэд шилжүүлсэн. Тэгвэл түүнд холбогдох хэргийн шүүх хурал Улсын дээд шүүхэд өнөөдөр (2019.10.07)  болох тов гарсан.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны гуравдугаар сарын 05-ны өдрийн 240 дүгээр шүүгчийн захирамж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны тавдугаар сарын 30-ны өдрийн 519 дүгээр магадлалтай, Ш.Батхүү, Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат, Г.Алтан, Э.Сүрэн нарт холбогдох 190 хавтас хэргийн мөрдөн байцаалтад буцаах таван үндэслэлээс Ш.Батхүү хоёрыг нь хүлээн зөвшөөрөхгүй хэмээн өнгөрсөн зургадугаар сард Дээд шүүхэд гомдол гаргасан юм.

Гэвч шүүх хурал дөрвөн сарын дараа ийн товлогдоход тэрбээр гомдлоо татаж авчээ. Ингэснээр түүний гомдлыг өнөөдөр Дээд шүүхээр хэлцэх шаардлагагүй болов.