ХАРЬЦУУЛАЛТ: Хоёр сарын дотор СҮҮ 500-600 төгрөг, ТАЛХ 200 төгрөг, ЦАГААН БУДАА 400-600 төгрөгөөр дахин НЭМЭГДЖЭЭ

ХАРЬЦУУЛАЛТ: Хоёр сарын дотор СҮҮ 500-600 төгрөг, ТАЛХ 200 төгрөг, ЦАГААН БУДАА 400-600 төгрөгөөр дахин НЭМЭГДЖЭЭ

Isee.mn сайт өнгөрсөн гуравдугаар сарын 15-ны өдөр өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтийн талаар сурвалжилга бэлтгэн уншигч тань хүргэсэн билээ. Тэгвэл үүнээс хоёр сарын дараа буюу өнөөдрийн байдлаар өргөн хэрэглээний барааны үнэ хэрхэн өөрчлөгдсөнийг харьцуулан дахин сурвалжиллаа.

ВИДЕО: 

-СҮҮ, ТАЛХ, НАРИЙН БООВ, ЦАГААН БУДАА ЗЭРГИЙН ҮНЭ ХОЁР САРЫН ХУГАЦААНД 300-500 ТӨГРӨГӨӨР ӨСЖЭЭ-

Эхний зогсоол Сүхбаатар дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их Тойруу” худалдааны төв байв. Бид мөн өнгөрсөн гуравдугаар сард тус төвд үнийн судалгаа хийж байсан юм. Ижил төрлийн бүтээгдэхүүнийг өнгөрсөн гуравдугаар сарын үнэтэй харьцуулахад ихэнх нь нэмэгджээ. Тухайлбал,

  • Дээж сүү өнгөрсөн гуравдугаар сарын 15-ны өдөр 3200 төгрөг байсан бол одоо 3700 төгрөг
  • Миний Монголын сүү 3300 төгрөг байсан бол одоо 3600 төгрөг болж өссөн байна.

Сүү, цагаан идээний худалдаа эрхлэгчид “сүүний үнэ хамгийн сүүлд энэ сарын 1-ний өдөр нэмэгдсэн. Нийлүүлэгчид сав, баглаа боодлын үйлдвэрлэлийн улмаас үнээ байнга нэмж байгаа” гэсэн юм. Мөн хоёр сарын хугацаанд талх, нарийн боовны үнэ ч багагүй нэмэгджээ. Тодруулбал, тус худалдааны төвд

  • Атар талх гуравдугаар сарын 15-ны өдөр 1500 төгрөг байсан бол одоо 1700 төгрөг,
  • Мишээл талх 1900-2000 төгрөг байсан бол 2300 төгрөг,
  • Онцгой талх гуравдугаар сарын 15-ны 1800 төгрөгөөр зарагдаж байсан бол одоо 2000 төгрөг болж нэмэгдсэн байна.

Мөн “Өгөөж”-ийн еэвэн 5500 төгрөг, “Жимст” 6400 төгрөг болж нэмэгджээ.  Талх, нарийн боовноос гадна цагаан будааны үнэ ч өссөн байна. Тодруулбал, 1 кг цагаан будаа гуравдугаар сарын 14-ний өдөр 3400 төгрөг байсан бол өнөөдөр 3800-4000 төгрөг болж 400-600 төгрөгөөр нэмэгджээ.

-ХУДАЛДАА ЭРХЛЭГЧИД ОХУ-ААС ОРЖ ИРДЭГ ЗАРИМ НЭР ТӨРЛИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ ОГЦОМ ӨССӨНГ ОНЦОЛЖ БАЙВ-

Үргэлжлүүлэн бид Баянгол дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт орших супермаркет, дэлгүүрүүдэд өргөн хэрэглээний барааны үнэ ямар байгааг сурвалжиллаа. Ингэхэд

  • Миний Монголын сүү гуравдугаар сарын 15-ний өдөр 3300 төгрөгөөр худалдаалагдаж байсан бол одоо 3600-3800 төгрөг,
  • 3500 төгрөгөөр зарагдаж байсан Дээж сүү мөн 3800 төгрөг болж 300-500 төгрөгөөр нэмэгджээ.

Талхны хувьд

  • Гуравдугаар сард Мишээл талх 2100 төгрөг байсан бол одоо 2300-2400 төгрөг,
  • Атар талх 1550 төгрөгөөр худалдаалагдаж байсан бол одоо 1700 төгрөг болж нэмэгджээ.

БГД-ийн 1-р хорооны 4-5 дэлгүүр, супермаркетуудад талхны зарагдаж буй дундаж үнэ

Өндөгний үнэ ч мөн нэмэгдсэн байна. Тодруулбал, 400 төгрөгөөр зарагдаж байсан Орос өндөг одоо 500-530 төгрөг, 450 төгрөгөөр худалдаалагдаж байсан Монгол өндөг 530-540 төгрөг болж нэмэгджээ. Нийлүүлэгчдийн зүгээс” тэжээлийн үнэ нэмэгдсэн учраас өндөгний үнэ дагаад өссөн” гэсэн тайлбарыг худалдаа эрхлэгчдэд өгч байгаа аж. Биднийг 4-5 дэлгүүрт ороход будааны үнэ ойролцоо дүнгээр нэмэгдсэн нь ажиглагдаж байлаа. Тодруулбал, 1 кг будаа гуравдугаар сард 3400 төгрөг байсан бол одоо 3800-4000 төгрөг болж өссөн байна.

Худалдаа эрхлэгчдийн зүгээс ОХУ-аас орж ирдэг зарим нэр төрлийн барааны үнэ, ялангуяа наранцэцэгийн тос огцом өссөн онцолж байв.

Нийслэлийн статистикийн газрын  төвийн 6 дүүрэгт байрладаг 17 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 36 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн 2022 оны 05-р сарын 11-ны өдрийн ажиглалтаар өмнөх долоо хоногоос 21 нэрийн барааны үнэ тогтвортой, 8 нэрийн барааны үнэ буурсан, 7 нэрийн барааны үнэ өссөн байна. Үнэ өссөн бараанд:

  • Сүү ХК 05л (1,791₮)
  • Атар талх (1,698₮)
  • Ногоон цай, Гүрж (3,347₮)
  • Хонины мах, ястай (12,522₮)
  • Үхрийн мах, ястай (14,950₮)
  • Үхрийн мах, цул (16,822₮)
  • Адууны мах, ястай (11,400₮) багтжээ.

Цар тахлын улмаас урд хөрш хилээ хааж, Орос-Украины хооронд үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан манай улсад өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж буй. Улмаар өнгөрсөн дөрөвдүгээр сард залуус жагсаж, Засгийн газарт 15 багц, 270 гаруй саналыг хүргүүлсний 74 хувь нь өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтийг хязгаарлах тухай байв. Засгийн газар шаардлагыг хүлээн авч, УИХ гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх хуулийг баталсан. Гэвч ийнхүү өдрөөс өдөрт өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж байгааг иргэд хэлж байна.




Өнөөдөр бар өдөр

11 цагийн өмнө