“Х.Баттулга Хятадад 30 мянган хонь бэлэглэсэн” шиг "У.Хүрэлсүх Украинд айлчилсан Азийн ганц Ардчилсан орон болох" БОЛОМЖ байна

“Х.Баттулга Хятадад 30 мянган хонь бэлэглэсэн” шиг "У.Хүрэлсүх Украинд айлчилсан Азийн ганц Ардчилсан орон болох" БОЛОМЖ байна

Оросын төрийн телевизээр өдөр бүр Украины дайны талаар “60 минут” нэвтрүүлэг цацдаг байна. Уг нэвтрүүлгээр Украины нөхцөл байдлын талаар барууны орнуудаас тэс өөр байр суурь, үзэл суртлыг дамжуулдаг аж. Тухайлбал, барууны орнууд “Орос Украин руу эхэлж түрэмгийлсэн, энэ бол дайн” гэж тайлбарлаж байгаа бол тус нэвтрүүлэгт оролцогчид “цэргийн тусгай ажиллагаа” гэж нэрлэн, В.Путины шийдвэрийг зөвтгөдөг байна.

Гэтэл тус нэвтрүүлгийн өнгөрөгч Даваа гараг /2022.05.17/-ийн дугаарт уригдсан цэргийн шинжээч, хурандаа М.Ходаренок тэс өөр байр суурийг илэрхийлжээ. Тэрээр“Украин барууны орнуудаас цэргийн нэмэлт тусламж авч байгаа тул Оросын хувьд нөхцөл байдал улам дордох нь тодорхой. Украины арми нэг сая хүнийг ч зэвсэглэж чадна. Цэрэг, улс төрийн нөхцөл байдлын хамгийн том асуудал бол бид улс төрийн бүрэн тусгаарлагдмал байдалд байгаа юм. Хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байгаа ч дэлхий нийт бидний эсрэг байна. Үүнийг шийдвэрлэх хэрэгтэй” гэжээ.

-ДЭЛХИЙН ТОМЧУУД УКРАИНД АЙЛЧИЛЖ БАЙНА-

Товчхондоо, Украинд дайн эхэлснээс хойш ОХУ-ын төрийн баримталж буй бодлогыгтөрийнх нь хэвлэлээр шүүмжилсэн анхны хүн нь М.Ходаренок болоод байна. Мөн Дэлхийн нийт манай хойд хөрш Орос улсын эсрэг байгаа үнэн. Тодруулбал, Украины Киев хотод дэлхийн улс орнуудын удирдагчид айлчилж, өгч болох бүх төрлийн тусламж үзүүлэхээ амлаж, нөгөө талаар “Ардчилсан улс” гэдгээ дэлхийд зарлаж байна. Тухайлбал, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга, Батлан хамгаалахын сайд, Их Британийн Ерөнхий сайд, Чехийн Ерөнхий сайд гээд гэнэтийн томоохон айлчлалууд Украинд болж байна.

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон Украинд гэнэтийн айлчлал хийв

Харин Израилийн Ерөнхий сайд Н.Беннет, НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш нар Москвад айлчилж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг “галаа зогсоо” хэмээн уриалж байна. Товчхондоо, ОХУ-д хэн ч тусламж үзүүлээгүй байгаа юм.

- У.ХҮРЭЛСҮХ, Г.ЗАНДАНШАТАР, Л.ОЮУН-ЭРДЭНЭ НАР УКРАИНД АЙЛЧИЛСАН “АЗИ”-ИЙН ГАНЦ “АРДЧИЛСАН ОРОН” БОЛОХ БОЛОМЖ БАЙНА-

Харин манай улсын Засгийн газраас 200 мянган ам.доллартой дүйцэх хүмүүнлэгийн тусламжийг Украинд үзүүлнэ гэж мэдэгдээд чимээгүй болсон. Гэтэл нөгөө талд манай улсад суугаа ОХУ-ын элчин сайдын яамны зүгээс манай улсын дотоод хэрэгт шууд оролцож байж болзошгүй мэдэгдэл, жагсаал цуглаан хийх болсон. Тухайлбал, манай улсад суугаа Оросын элчингээс өнгөрөгч гуравдугаар сар /2022.03/-д “Монголын Ардчилсан намын гишүүд болон АНУ-ын либерал ноёрхлыг дэмжигчдийн анхааралд” нэртэй мэдэгдлийг нийтэлсэн. Мөн энэ сарын 08-ны өдөр Жуковын хөшөөний урд ОХУ-ын элчин сайд И.К.Азизов тэргүүтэй Оросын албаныхан цуглаан хийсэн.

Иймд Монгол Улс Оросыг дагаж олон улсад “нүд үзүүрлэгдээд үлдэх үү”, эсвэл Украинд очиж “Азийн Европ болох уу” гэсэн хоёр сонголт үлдээд байж магадгүй байна.

Учир Украинд Азийн орнуудын нэг ч удирдагчид айлчлал хийгээгүй байгаа бөгөөд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Киев хотод очсон тохиолдолд Украинд айлчилсан Азийн анхны орон болох боломж байна. Сонирхуулахад, БНХАУ-д коронавирусийн халдвар газар авч, тус улсын нийгэм, эдийн засгийн байдал хүнд байх үед /2020.02.27/ Ерөнхийлөгч асан Х.Баттулга Хятададалбаны айлчлал хийж, Монголын ард түмнээс “30 мянган толгой хонь” бэлэглэж байсан билээ. Энэ нь Монгол Улсын нэр хүндийг БНХАУ-ын ард түмэн төдийгүй Дэлхий нийтэд өндөрт өргөж байв.

Х.Баттулга БНХАУ-д айлчлал хийж 30 мянган толгой хонь бэлэглэж байв