ВИДЕО: Даргыг “Доромжилбол ял өгдөг” болох Эрүүгийн хуулийн нэмэлт заалтыг ХЗДХЯ санаачлаад байна

ВИДЕО: Даргыг “Доромжилбол ял өгдөг” болох Эрүүгийн хуулийн нэмэлт заалтыг ХЗДХЯ санаачлаад байна

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг ирэх долоо хоногт хэлэлцэнэ гэх мэдээлэл байгаа юм. 

ВИДЕО: 

Х.Нямбаатар сайд энэ хуулиа бүхэлд нь тайлбарлахдаа "Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн нэгээхэн хэсэг нь авлига албан тушаалын гэмт хэрэгт оноох ял шийтгэлийн бодлогыг чангатгах юм. Тухайлбал,

  • Хөөн хэлэлцэх хугацааг уртасгаж, Эрүүгийн хуулийн 22.1-ийн онц хүндрүүлэх бүрэлдэхүүнд торгох ялыг оногдуулахгүй,
  • Авлига албан тушаалын гэмт хэрэгт хэрэг хялбаршуулсан журмаар шийдэхийг хасаж байгаа, Халдашгүй эрхтэй албан тушаалтан гэж бий, энэ тохиолдолд хөөн хэлэлцэх хугацааг нь уртасгаж байгаа нийтийн албан тушаалд ажиллах эрхийг 20 жилээр хасна.
  • 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон хүнийг торгохгүйгээр хорих шийтгэл оноодог болно" гэх зэргээр ярьсан. 

Тэгвэл тэрбээр энэ заалтуудынхаа ард дарга нарыг шоглох, нэр хоч өгөх, таагүй яриа гаргасан иргэнд ял шийтгэж болзошгүй нэг заалтыг "сэм" хавчуулсан байгаа юм. Тодруулбал, тус хуулийн 15.13-т “Хүний нэр төр, алдар хүндийг олон нийтэд гутаан доромжилсон бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан байгаа юм.  Хуулийг ЭНД дарж унших.

-Х.НЯМБААТАР САЙД ҮНДСЭН ХУУЛИЙН ЭСРЭГ ТАЙЛБАР ХИЙЖ ХУУЛЬ ЯЛГАВАРТАЙ ҮЙЛЧЛЭХ ЮМ ШИГ ЗҮЙЛИЙГ ЯРИВ-

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар энэ заалтыг тайлбарлаж ярихдаа "Сэтгүүлч, комедианд үйлчлэхгүй. Харин өсвөр насны хүүхдүүд сошиал орчинд бие, биенээ доромжлох үйлдэл их гарч буй учир амиа хорлох, сургуулиасаа гарах нь ихэслээ гэх гомдол, санал эцэг, эхчүүдээс ирж байгаа" гэсэн юм. Түүний энэ тайлбараас үзвэл өсвөр насны хүүхдийг Эрүүгийн хуулиар яллах юм шиг ойлголт харагдана. Мөн тэрбээр яг энэ үгээрээ Үндсэн хуулийг зөрчиж байгаа юм. Тодруулбал, Үндсэн хуулийн 14.1-т Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна гэж заасан байдаг. Энэ нь хууль ялгавартай үйлчлэхгүй гэдгийг илтгэж буй. 

Харин Хууль зүйн сайд Х.Нямбаатар хууль ялгавартай үйлчилж  сэтгүүлч, комедиан нарт үйлчлэхгүй, шийтгэхгүй гэсэн агуулгыг илэрхийлж байна. 

Нөгөөтэйгүүр “Доромжлох” гэдэг нь бусдын нэр төр, алдар хүндэд халдаж, шууд санаатайгутаасан үйлдлийг хэлдэг байна. Энэ нь хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, эрүүл мэнд, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, гадна төрх, хөгжлийн бэрхшээлтэй болон гэр бүлийн байдалтай нь холбогдуулан үг, үйлдэл, бичгээр, дохио зангаагаар, зураг дүрсээр гутаахзэргээр илэрнэ гэдэг байна.

Товчхондоо,хуулийн энэ төсөл УИХ-аар батлагдвал “Жонхуу, Нянбактер, Боов, Данх, Босоо, Бетон, Хятадын эрлийз” зэргээр өрөөл бусдад нэр хоч өгч, доромжилсон иргэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, “ялтан” болж магадгүй ажээ.

Нөгөө талаар энэ хуулийн төсөл жирийн иргэн гэхээсээ илүүтэй фэйсбүүк, твиттер зэрэг олон нийтийн сүлжээнд УИХ-ын гишүүн, сайд, дарга нарт нэр хоч өгөхөөс сэргийлж байж магадгүй байгаа юм.