ДЭЛХИЙН БАНК: БНХАУ, АНУ-ын худалдааны дайнаас үүдсэн нөхцөл байдал гол эрсдэл дагуулж байна

ДЭЛХИЙН БАНК: БНХАУ, АНУ-ын худалдааны дайнаас үүдсэн нөхцөл байдал гол эрсдэл дагуулж байна

Өнөөдөр /2019.10.10/ Дэлхийн банкнаас Монгол улс болон бүс нутгийн эдийн засгийн тайланг танилцууллаа. Уг хурлаас бэлдсэн товч мэдээллийг хүргэе.

Мэдээллийг Дэлхийн банкны Бүс нутгийн тэргүүлэх эдийн засагт Эндрю Мэйсон танилцуулав. Ингэхдээ тэрбээр дэлхийд болон бүс нутагт өрнөж буй үйл явдал, сүүлийн үеийн нөхцөл байдлыг харгалзан үзэж уг тайланг гаргасан гэдгээ цохон тэмдэглэв.

Уг тайланг “Өсөн нэмэгдэж буй эрсдлийг даван туулах нь” нэрийн дор боловсруулсан. Учир нь Монгол улс болон бүс нутгийн эдийн засгийн эрсдэл өсөн нэмэгдэх хандлагатай байгаа.

Тайланд:

2019 оны байдлаар худалдаа, эдийн засгийн тодорхой бус байдлаас хамаараад өсөлтийн эрч саарах гол төлөвтэй байна.  Дэлхийн хэмжээнд эрэлт саарч буйтай холбоотой, мөн БНХАУ, АНУ-ын худалдааны маргаанаас үүдэлтэй тодорхой бус байдал нөлөөлж байгааг онцоллоо.

Бүс нутгийн эдийн засгийн өсөлтийн эрч цаашид ч саарах магадлалтай. Ялангуяа маргаан сөргөлдөөн эрчимжсэн тохиолдолд энэ сулралт нь бүр ч их нэмэгдэх магадлалтай бөгөөд цаашид өсөхөд бүсийн болон дэлхийн нөхцөл байдал, гадаад орчны нөлөө өндөр юм гэдгийг уг тайланд тусгажээ.

БҮС НУТАГТ ХАМААРАЛТАЙ ТУЛ ЮУНЫ ӨМНӨ ДЭЛХИЙН
НӨХЦӨЛ БАЙДЛААС ДУРДЛАА: 

-Дэлхийн түвшинд өсөлтийн эрч мөн саарах төлөвтэй, аядуу болж ирж байна. Өсөлтийн сааралт БНХАУ, Европ бүс, Энэтхэг, АНУ-ын аль алинд нь хамаарч байгаа. Бразил, Герман, ОХУ, Их Британи зэрэг улсуудад нэг хүнд ноогдох ДНБ-ий өөрчлөлт хасах дүнтэй гарсан нь анхаарал татаж буй. Мөн экспортын өсөлтөд үлэмж хэмжээний бууралт ажиглагдаж байгаа. 2019 оны хоёрдугаар улиралд ийм чиг хандлага илэрхий байгаа нь харагдаж байна.

-Зүүн хойд Ази номхон далайн бүс нутгийн эдийн засгийн өсөлт нь тодорхой бус байдал болон дэлхийн түвшинд эрэлт буурч байгаатай холбоотойгоор эрч сулрах хандлагатай байна. 2018 оны нэгдүгээр хагаст 6.3 хувтай байсан өсөлт нь 2019 оны нэгдүгээр хагаст суларч, энэ онд 5.8 хувьтай болоод байна. Энэ нь экспортын өсөлт буурч буйг болоод аж үйлдвэрийн идэвхжил буурч байгааг харуулж байна.

-Нийт экспортын өсөлтийн төлөв байдал болон улс тус бүрийн өсөлтийн динамик огцом бууралттай байгаа нь нийтээрээ ажиглагдаж байгаа. Дэлхийн түвшинд буй тодорхойгүй байдал, худалдааны маргаан сөргөлдөөн, мөн бүс нутагт хийгдэх хөрөнгө оруулалтын сааралтаар дээрх чиг хандлага тайлбарлагдана.

Өнөөдрийн байдлаар Дэлхийн худалдааны нөхцөл байдал гол эрсдэлийг дагуулж байна. Мөн бүс нутгийн гол гол эдийн засгуудад сааралт ажиглагдаж байгаа. Тухайлбал, БНХАУ-ын эдийн засгийн өсөлт 2018 оны зургаадугаар сард 6.3 хувь байсан нь 2019 оны эхний хагаст 5.8 хувь болсон бол, 2020 оны эхний хагаст 5.7 хувь болж саарна гэсэн таамаг байна.

Харин бүс нутгийн жижгэвтэр эдийн засгуудын хувьд өсөлтийн хувь хэмжээ харьцангуй байгаа нь гадаад хүчин зүйлсүүдээр тайлбарлагдаж байна. Хамгийн гол нь өсөлтөө хадгалах нь ядуурлыг бууруулах, эдийн засгаа тэлэх, ард иргэдийн амьжиргаанд шууд нөлөөлөх учраас бид өсөлтийн хэмжээг хадгалах тал дээр онцгой анхаарахыг сануулж буй.

БНХАУ, АНУ-ын худалдааны маргаан цаашид ч үргэлжилсэн тохиолдолд эдийн засгийг бүрэн тэнцвэржүүлэхэд амаргүй. Тиймээс бүс нутгууд эрсдэлийг оновчтой удирдах зорилгоор маш санаачилгатай бодлогууд хэрэгжүүлэх нь зүйтэй. Тухайлбал, зарцуулалтыг мөнгө төсвийнхөө бодлогын хүрээнд нэмэгдүүлэх тал дээр анхаарах зүйтэй. Гэхдээ оновчтой хөрөнгө оруулалтаар эдийн засгийн бодит өсөлтийг авч ирэхүйц зөв хөрөнгө оруулалт сонгох нь онцгой чухал байна.




Өнөөдөр бар өдөр

9 цагийн өмнө