“Цахиурын ион” судас үүсэх явцыг хурдасгадагийг тогтоож ШИНЭ НЭЭЛТ хийж байсан Д.Хандмаатай ярилцлаа

“Цахиурын ион” судас үүсэх явцыг хурдасгадагийг тогтоож ШИНЭ НЭЭЛТ хийж байсан Д.Хандмаатай ярилцлаа

БНСУ-ын “Данкүүк” их сургуулийн Эдийн инженерчлэлийн хүрээлэнгийн судлаач, Нанобио-анагаахын сургуулийн доктор Дашнямын Хандмаатай ярилцлаа.

-СОЛОНГОСЫН ЗАСГИЙН ГАЗРААС ЗАРЛАСАН ЗАЛУУ ЭРДЭМТЭДИЙН ТӨСӨЛД ШАЛГАРСАН-

-Үений үрэвслийн шинэ тарилганы судалгаа тань БНСУ-ын Засгийн газраас зарласан залуу эрдэмтдийн төсөлд шалгарсан тухай мэдээллийг өнгөрөгч хоёрдугаар сард сонсож байлаа. Монголд ирснээр тань ярилцах боломж олдож байна. Энэхүү төслийн талаар яриагаа эхлүүлье?

-Өнгөрөгч оны арванхоёрдугаар сард Солонгосын Засгийн газраас төсөл зарлагдсан. Энэхүү төсөлд 40 хүртэлх насны судлаачид оролцож болдог. Мөн судалгаагаа дөнгөж эхэлж байгаа болон аль хэдийн эхлүүлчихсэн судлаач оролцох боломжтой хувь хүнд өгдөг төсөл юм л даа. Арванхоёрдугаар сард төслөө бичиж өгснөөр, хоёр сарын турш шалгаруулалт нь явагддаг. Ингээд хоёрдугаар сард хариу нь гарахад миний төсөл шалгарсан байсан. Шалгарсан төслөө цааш гурван жил үргэлжлүүлэн судлах ёстой, гурван жилийн төсөл юм.

-Шалгарсан төслийнхөө талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Миний төсөл үений буюу остеартериз гэх өвчинд хэрэглэгддэг тарилгын төсөл юм. Үений өвчлөлийг зогсоож, үрэвслийг эмчлээд зогсохгүй, нөхөн төлжүүлэх тарилга гаргаж авах төсөл.

-Төслөө одоо эхлүүлж байгаа юу, судалгаа цаашид ямар хугацааны турш үргэлжлэх вэ?

-Энэ нь дөнгөж эхэлж байгаа төсөл. Санаагаа гаргаад, таамаглалаа дэвшүүлснээрээ төсөлд шалгарсан гэсэн үг юм. Одоо төслийн санхүүжилт орж ирсний дараа судалгааны ажилдаа орно. Үе мөчний өвчлөл нанопартикал зохион бүтээнэ. Үүний дотор антиоксидант шинж чанар бүхий нанопартиклаа шинээр гаргаж авна. Тэр нь бусад судлаачдын хийж байснаас шинж чанараараа өөр бүхий  үенд тарих хэмжээнд гаргаж ирнэ гэсэн үг. Миний тарих модел нь эрүүний үений яс. Өөрөөр хэлбэл эрүү мултрах өвчинд зориулагдсан. Одоо дэлхий дахинд эрүүний үенд ойр ойрхон давтамжтайгаар тарьдаг тарилга хэрэглэгддэг. Харин миний судалж буй тарилга нь ойр ойрхон тарих шаардлагагүй, удаан хугацааны турш үйлчилгээгээ барьдаг зориулалттай тарилга юм.

-Таны тарилга тарих давтамжийг нь бууруулахаас өөр ямар онцлогтой вэ?

-Хамгийн эхлээд олон таридаг байсан бол одоо тэр тарилгын дамтамжийг бууруулна. Тарих дамтамжийг багасгаж байна гэдэг нь зовиурыг нь багасгана гэсэн үг. Мөн үрэвслийг нь багасгаж эмчилгээ хийдэг, тэгээд нөхөн төлжүүлдэг гэсэн үе шаттайгаар үйлчилдэг. Үе удаан хугацааны турш үрэвсэлтэй байх нь ясыг идэж гэмтээдэг эрсдэлтэй. Нэг тарилгаар л үрэвслийг намдааж, эргээд нөхөн төлжих боломжтой болгож өгөхөд миний судалгааны гол зорилго оршино. Одоо эмчилгээнд зөвхөн үрэвслийг нь дарах зориулалт бүхий бүтээгдэхүүн элбэг хэрэглэгдэж байна.

-Зөвхөн эрүүний ясанд хэрэглэгдэх зориулалттай юу, биеийн бүх үенд хэрэглэж болох уу?

-Өвдөгний үенд хэрэглэж болно. Тур дундаа остеоартроз өвчинд зориулагдсан. Өөрөөр хэлбэл өвдөгний мөгөөрсийг нөхөн төлжүүлнэ гэсэн үг.

-НЭГ ЭМ БҮТЭЭХЭД 5-10 ЖИЛ ШААРДЛАГАТАЙ-

-Эмчилгээний эцсийн бүтээгдэхүүн болон гартлаа хэр урт хугацаа шаардагдах вэ?

-Эхлээд дизайн буюу материалаа бүтээнэ. Дараа нь эсийн түвшинд туршиж үзнэ. Эсийг өөрчилж чадаж байвал, дараагийн шатанд амьтан дээр туршилт явуулдаг. Амьтны үенд үр дүн гарвал, тухайн үр дүнгээ олон улсад эхлээд танилцуулж гаргадаг. Эдгээр үе шатуудыг дамжихад маш их хугацаа их шаарддаг. Нэг эм бүтээхэд 5-10 жил шаардагддаг. Тэгэхээр дөнгөж эхэлж буй цоо шинэ төсөлд энэ хэмжээний хугацаа хэрэгтэй юм.

-Таны судалгаа анагаахын салбарт ямар боломж нээх вэ. Өмнө нь өөр судлаач ийм тарилгын давтамжийг бууруулах бүтээгдэхүүн туршиж байсан тохиодол бий болов уу?

-Ганцхан би энийг хийгээд байгаа юм биш. Энэ чиглэлээр судалгаа явуулдаг олон институци болоод эрдэмтэд бий. Гэхдээ судалгааны ажил нь өөр хоорондоо адилгүй, өөр өөрийн гэсэн онцлогтой. Минийх гэхэд олон дахин тарих шаардлагагүй болгож тарилгын давтамжийг нь багасгаж байгаагаараа онцлогтой. Магадгүй дэлхийн нөгөө өнцөгт яг минийхтэй адилхан судалгаа хийж байгаа хүн байж болно. Гэхдээ судалгааны бүтээгдэхүүнд орж байгаа орц найрлагаараа өөр байгаагаараа ялгарах жишээтэй байх юм л даа.

Минийх шинэ төсөл учраас шалгарсан. Яг одоогоор энэ чиглэлээр, ийм материал ашиглаад хийсэн эрдэмтэн байхгүй. “Наадах чинь боломжтой байна” гэж үнэлсэн учраас надад энэ төслийг өгч, боломж олгож байгаа гэсэн үг л дээ. Иймд би төслөө хурдан хугацаанд хийж, танилцуулах ёстой. Дэлхий дээр өдөрт хэдэн мянган судалгааны өгүүлэл танилцуулагддаг гэхээр хаа нэгтээ давтагдахыг үгүйсгэх аргагүй л дээ.

-Та 2017 онд олон улсын эрдэмтэдийн өгүүллээ хэвлүүлдэг “Био материал” сэтгүүлд өгүүллээ хэвлүүлж байсан. Тэр нь ямар судалгааны өгүүлэл байв?

-Би докторын ажлаа хамгаалж дуусах хүртлээ дөрвөн жил суралцсан. Энэ чиглэлээрээ нийт арваад жил суралцаж ажиллаж байна. Энэ хугацаанд арав гаруй судалгааны өгүүллээ нийтлүүлж байлаа. Олон улсад эрдэмтэдийн судалгааны өгүүллээс хэр олон ишлэл авснаар нь эрэмбэлэн үнэлдэг. Аль болох олон ишлэл авахын хэрээр бүтээгдэхүүн болон гарах магадлал өндөртэй, үнэн бодит судалгааны ажилд тооцогддог. Одоогоор миний нийт хэвлүүлсэн өгүүллүүдээс 100 гаруй ишлэл авсан байна.

Би “Био материал” сэтгүүлд докторын ажлынхаа нэгэн том төсөл болох цахиурын нэгдлээс гарган авсан микро бөмбөлөгний талаар өгүүллээ хэвлүүлсэн. Энэ микро бөмбөлөг нь биологийн идэвхт молекул, уургийг биед тээвэрлэх боломжтой. Өөрөөр хэлбэл, микро бөмбөлөг эмийг биед тээвэрлэн өвчтэй хэсэгт зохих тунгийн дагуу ялгаруулна гэсэн үг. Ингэснээр эмийн үйлчилгээг илүү удаашруулах давуу талтай. Үүнээс гадна энэ микро бөмбөлөг тухайн орчинд өөрөөсөө цахиурын ион ялгаруулснаар хүчилтөрөгч, шим тэжээлийн урсгал болон нөхөн төлжих явцыг хурдасгадаг.

-Үений үрэвсэл гэж юу вэ. Сүүлийн үед нийгэмд элбэг тохиолддог өвчин болсон нь анзаарагддаг. Энэ нь юутай холбоотой юм бэ?

-Үений үрэвсэл олон шалтгаанаас үүсэлтэй. Osteoarthritis артрит хамгийн түгээмэл төрөл юм. Ясны төгсгөлд байдаг үений зөөлөвч гадаргуу болох мөгөөрсөн эд өөрчлөгдөж яс нь үрэгдэж өвдөлт үүсгэж хаван, хөшүүн чанар үүснэ. Цаг хугацаа өнгөрөх тусам үе хүч алдаж болох бөгөөд өвдөлт нь архаг болдог. Мөгөөрсөн эд элэгдэж, үений шингэн алдагдах тусам үрэвсэл явагддаг. Энэ нь гадны хүчин зүйлүүдээс болдог. Нөгөө талаар тухайн хүний биеийн онцлог буюу дархлаа муудах, биед нь ямар нэгэн өвчлөл байгааг мэдэхгүй явснаас болж үрэвсэл явагдаж эхэлдэг.

-Өндөр настнууд голдуу үе мөчний өвчин ярьдаг байсан бол одоо хүүхэд залуус ч энэ өвчнөөр өвчлөх болсны гол шалтгаан юу вэ?

-Яг тийм. Хүүхэд залуус хүнд зүйл өргөх, бэртэл гэмтэл авахад механик гэмтэл үүсчихдэг. Механик гэмтэл үүссэний дараа эмчид хандаж яаралтай оношлуулж эмчлүүлэхгүй удаснаас хүндрүүлэх тохиолдол гардаг. Түүнээс гадна одоо хүүхэд залуус хийжүүлсэн ундаа маш их хэмжээгээр уудаг болсон байна. Тэр нь ясыг илүү хэврэг болгож, бүтцийг нь хурдацтай өөрчилдөг.

-СУРСАН МЭДСЭНЭЭ МОНГОЛДОО ХЭРЭГЖҮҮЛЖ
АЖИЛЛАХ БОДОЛ БИЙ-

-Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр өвдөгний үе рүү ганц тариад алдагдсан шингэнийг нөхөж эмчлэх боломжтой бүтээгдэхүүн гэж сурталчилж байхыг олон сонсож байсан юм байна. Энэ хэр бодитой сурталчилгаа вэ, ганц тарилтаар эмчлэх боломж байдаг уу?

-Тухайн шингэнд ямар бодис орсон байна, ямар бүтэц найрлагатай вэ гэдгийг анхаарах хэрэгтэй. Зөвхөн алдагдсан шингэнийг нь нөхөөд орхиж байна уу, эмчилгээний зориулалттай байна уу гэдгийг нь хэрэглэхээсээ өмнө хүмүүс судалж асуух ёстой. Тэрнээс биш ганц тариулчихаад миний өвдөгний шингэн ингээд нөхөгдчихлөө гээд санаа амарч болохгүй. Түүнчлэн ямарваа нэгэн эм, эмийн бүтээгдэхүүнийг заавал эмчийн заавраар хэрэгдэх ёстой. Энэ зарчмыг маш сайн баримталдаг. Судлаач хүний нүдээр харахад хүмүүс эмийг дур мэдэн хэрэглэх тохиолдлууд маш их харагддаг. Ямар нэгэн эм хэрэглэж, эмчилгээ хийлгэсэн бол эргээд үзүүлж байх ёстой. Аливаа эм хүн хүний бие физиологийн онцлогоос болж өөрөөр нөлөөлөх магадлалтай байдаг. Иймээс би тухайн бүтээгдэхүүнийг шууд үгүйсгэмээргүй байна.

-Солонгос улсыг хэзээ зорьж, хичнээн жил суралцав. Энэ мэргэжлийг хэрхэн сонгох болсон тухайгаа эргээд дурсвал?

-Монголд MIU сургуульд суралцаж байгаад, магистрт суралцахаар Солонгос улсыг зорьж байлаа. Одоо арваад жил ажиллаж амьдарч байна. Анхнаасаа “хатуу эдийн инженерчлэл буюу нөхөн төлжих процесс” гэх чиглэлээр суралцаж ажилласан. Үүн дотроо биоматериал зохион бүтээдэг байсан юм. Желатин, цахиурын ион гэх хоёр зүйлээр судалгаагаа эхэлж байлаа. Энэ хоёрын хольж яс орлуулагч бүтээгдэхүүн гаргадаг. Дэлхий дахинд яс орлуулагч бүтээгдэхүүн гэх шинэ ойлголт гараад ирчихсэн байна. Жижиг хэмжээний хугаралыг гипэсдсэнээр бороолж эдгэрдэг. Харин том хэмжээний бэртлийг нэг хэсгээс авч, нөгөөд шилжүүлэн суулгадаг ч энэ нь зовиуртай, эрүүл эрхтэнд нөлөөлж болзошгүй сөрөг талтай. Иймд эрдэмтэд өвчтөний эрүүл ясыг ашиглахын оронд үүнтэй адил бүтэц, шинж чанарыг орлох материал гарган авах судалгаанд анхаарлаа хандуулаад байна. Ийм би анхнаасаа цахиур гэдэг элемэнтэд анхаарлаа хандуулж, судалж ирсэн. Цахиур хүний биед хэрэгтэй юу үгүй юу гээд л. Докторынхоо судалгааны ажилд орохдоо “Цахиурын ион гэдэг нь хүчилтөрөгчгүй орчинд судас үүсгэгч хүчин зүйлийг маш ихээр идэвхжүүлдэг юм байна. Тэгснээрээ тэнд судас үүсгэдэг юм байна” гэдгийг олсон. Судас үүссэнээр хүчилтөрөгч, шим дамжуулагч гол эх үүсвэр болж өгнө гэсэн нээлт хийсэн. Бүр тодруулбал, цахиурын оксид дээр үндэслээд “микро бөмбөлөг” гаргаж авсан.  Түүнийг ясны хугарсан, өвчилсөн хэсэгт суулгаж өгснөөр маш хурдацтайгаар нөлөөлсөн. Яаж хурдан нөлөөлөв гэдгийг нь судлаад үзэхэд судас үүсгэлтийг нь илүү дэмжсэн байсан. Аливаа эрхтэн үхжихэд судасгүй болчихдог. Өөрөөр хэлбэл судас нь шим тэжээл, хүчилтөрөгчийг эсүүдэд тээвэрлэж хүргэх үүрэгтэй. Гэтэл үхжсэн хэсэгт маш хурдацтайгаар судас үүсгэж эхэлсэн. Энэхүү судалгаагаа би өндгөн дээр туршиж үзсэн.

Энэхүү судалгааны ажил буюу докторын ажил маан шинэ нээлт болж олон улсад хүлээн зөвшөөрөгдөн, топ үнэлгээ авсан. Түүнээс хойш энэ сэдвээсээ жаахан хазайж одоо үений үрэвслийн эмчилгээтэй холбоотой судалгаан дээрээ голдуу ажиллаж байна. Өөр төслүүд дээр мөн ажиллаж байна даа.

-Цаашдаа Монголын эрдэмтэн, судлаачидтай хамтарч ажиллах бодол бий юу?

-Тийм ээ, байлгүй яахав. Цаашид Монгол эрдэмтэдтэйгээ хамтраад Монголд хэрэгжүүлж болох ямар төсөл, ямар ажил байна вэ гэдгийг судалж эхэлж байгаа. Зөвхөн Солонгост биш сурсан мэдсэнээ эх орондоо хэрэгжүүлнэ гэсэн бодол бий. Монголд тулгамдаж байгаа ямар асуудал, ямар өвчлөл байна вэ гэдэг дээр Монгол эрдэмтэдтэйгээ хамтарч ажиллана. Цаашдын зорилго маань энэ. Ялангуяа ясны өвчлөлийн чиглэлээр ажиллана гэж бодож байна даа. Миний судалгаанууд сонирхохыг хүссэн хүн бүрт нээлттэй. “Гүүгл” хайлтаас миний нэрийг бүтнээр нь бичихэд гарч ирнэ. Судалгааны ажлаа дөнгөж эхэлж байгаа Монгол залуучууд сонирхож үзээд, асуух зүйл байвал зөвлөгөө өгөхөд бэлэн байгаа шүү.

-Солонгос улсад судалгаа хийхийн давуу тал юу вэ. Монголд судалгааны ажил хийх боломж бий юу?

-Олон давуу талтай. Ялангуяа манай институци том төслүүдийг авч ажилладаг. Том төслүүд авах тэр хэмжээгээр хөрөнгө оруулалт нь ороод ирчихсэн байдаг. Тиймээс хувь судлаач судалгааны ажлаа хийхдээ ямар нэгэн химийн бодис, материалаа өөрөө худалдаж авна гэж санаа зовох асуудал байдаггүй. Тэр хэрээрээ хүссэн судалгаагаа хийх боломж нээлттэй байдаг. Нөгөө талаар судлаач хүн дэлхийн өнцөг булан бүрийн судлаачдын шинэ соргог материалыг уншиж, харьцуулж харж байх шаардлагатай. Ингэхийн тулд дэлхийн том сэтгүүлүүдийг татаж авах шаардлагатай болдог. Тухайн төлбөрийг сургуулиас төлөөд өгчихдөг болохоор илүү амар байдаг. Энэ мэтчилэн судалгаа хийх бүхий л боломжоор маш сайн хангадаг.  Гэтэл Монголд эсрэгээрээ. Төсөв мөнгөний асуудлаас эхлээд судалгаа хийх боломж хомс байдаг талтай.

-Эх орондоо байнга ирдэг үү?

-Жилдээ нэгээс хоёр удаа амрах гэж л ирдэг юм. Ирэх бүрт сайхан мэдрэмж төрдөг. Бас их өөрчлөгдсөн байдаг. Анх явж байснаас хойш нилээдгүй өөрчлөгдсөн байсан шүү.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Г.ГАРЬД