СУРВАЛЖИЛГА: Эмэгтэйчүүдийн дийлэнх нь нөхрөө зодож, хүүхдээ дагуулан архидсан шалтгаанаар ЭРҮҮЛЖҮҮЛЭГДДЭГ БАЙНА

СУРВАЛЖИЛГА: Эмэгтэйчүүдийн дийлэнх нь нөхрөө зодож, хүүхдээ дагуулан архидсан шалтгаанаар ЭРҮҮЛЖҮҮЛЭГДДЭГ БАЙНА

Баянгол дүүрэг, Төмөр зам дахь цагдаагийн газрын байртай залгаа нэгэн эрүүлжүүлэх байр байх аж. Энэ бол Улаанбаатар хотын цорын ганц эмэгтэйчүүдийн эрүүлжүүлэх. Өдөр бүр тус газарт 18-22 эмэгтэй эрүүлжүүлэгддэг. Гэвч сүүлийн үед архины байнгын хэрэглээтэй болсон эмэгтэйчүүд нэмэгдэх болсон гэдгийг албаныхан хэлсэн юм. Тиймээс бид нийслэл хотын цорын ганц эмэгтэйчүүдийн эрүүлжүүлэх байрны нөхцөл байдал хийгээд орчин ямар байгааг сурвалжиллаа.

ВИДЕО:

-ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 50-ААС ДЭЭШ ХУВЬ НЬ ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ ҮЙЛДСЭН ШАЛТГААНААР ЭРҮҮЛЖҮҮЛЭГДДЭГ БАЙНА-

Төмөр замын цагдаагийн газар дахь Эмэгтэйчүүдийн эрүүлжүүлэх байр газар доор байрладаг. Он гарснаас хойш тус эрүүлжүүлэх байранд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ биеэ авч явах чадваргүй болсон, гэмт хэрэг зөрчилд холбогдсон, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нийт 2595 эмэгтэй эрүүлжүүлэгджээ. Өнгөрсөн жилийн статистик мэдээллээс үзвэл 16-79 насны эмэгтэйчүүд эрүүлжүүлэгдсэн байна.

Биднийг өглөөний 09:00 цагт очиход өнгөрсөн шөнө эрүүлжүүлэгдсэн эмэгтэйчүүдийг нэг нэгээр нь ар гэрт нь хүлээлгэн өгч байлаа. Цагдаагийн албан хаагчид хураан авсан бичиг баримт, эд зүйл байвал хүлээлгэн өгч, “дахиж ирж болохгүй шүү” гэж захих аж.

Урьд шөнө тус эрүүлжүүлэх байранд нийт 22 эмэгтэй хоножээ. Үүнээс гэр орондоо архидан согтуурч, танхайрсан 13, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байж болзошгүй дөрөв, биеэ авч явах чадваргүй, гэрээ зааж өгөх чадваргүй дөрвөн эмэгтэй тус, тус эрүүлжүүлэх байранд хоносон байна.  Зарим хүн гэр бүлийн хүчирхийллийг эрэгтэй хүн л үйлддэг гэж ойлгодог. Гэвч эмэгтэйчүүдийн 50-аас дээш хувь нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байж болзошгүй гэсэн үндэслэл, шалтгаанаар эрүүлжүүлэх байранд ирдэг аж.

Төмөр зам дахь Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх байрны дарга, цагдаагийн хошууч У.Баярмаа “Өчигдрийн байдлаас харахад гэр орондоо архидан согтуурсан хоёр, нөхрөө зодсон хоёр, хүүхдээ дагуулж архидан согтуурсан хоёр, хүүхдээ үл хайхрах байдал үзүүлсэн буюу гэртээ цоожлоод архи уугаад явчихсан нэг эмэгтэй эрүүлжүүлэгдсэн. Тухайн хүүхдийг хороо, нийгмийн ажилтан нь мэдээлж, цагдаагийн хэсгийн байцаагч нар ээжийг нь эрүүлжүүлсэн байх жишээний” гэсэн юм.

  • Кейс 1. Өнгөрсөн шөнө иргэн А хүүхдээ дагуулан, архидан согтуурч яваад эрүүлжүүлэгдээ. Нэг нас ч хүрээгүй нярай нь чармай шалдан байсан учраас цагдаагийн алба хаагчид эмийн сангаас живх авчирч өгөн, хүүхэд хамгаалах байранд хүргэсэн байна.
  • Кейс 2. Иргэн Б өнгөрсөн шөнө эрүүлжүүлэгджээ. Гэвч хамт архи уусан нэг эмэгтэй нь нас барсан байна.
  • Кейс 3. Иргэн Г сүүлийн 10 жилийн хугацаанд 33 удаа эрүүлжүүлэгджээ. Түүний хувьд байнгын архины хамааралтай бөгөөд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл, зөрчил үйлддэг байна. 

Энэ мэт сүүлийн жилүүдэд эрүүлжүүлэх байранд ирж буй эмэгтэйчүүдийн тоо нэмэгдэж буйг цагдаагийн алба хаагчид хэлж байлаа.

- ХОЛЦОРЧ МУУДСАН ШАЛ, ТААЗ, АГААР СЭЛГЭХ БОЛОМЖГҮЙ ЧИЙГ ХАНХАЛСАН ХАРАНХУЙ ӨРӨӨ-ЭНЭ БОЛ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРНЫ ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ-

Гэвч нөгөө талаас нийслэл хотын цорын ганц эмэгтэйчүүдийн эрүүлжүүлэх байрны орчин нөхцөл тун тааруу байгаа нь бидэнд харагдсан юм. Тухайлбал, агааржуулагч байхгүй, газар доор байрладаг учраас агаар сэлгэх боломжгүй, шал нь холцорч, муудсан, тааз нь цуурсан, дундаа ганц ариун цэврийн өрөөтэй, 24 цаг үйлчилгээний ажилтан цэвэрлэдэг ч барилгын насжилт өндөр учраас чийг ханхалсан орчинд эмэгтэйчүүд эрүүлжүүлэгдэж байна.

Төмөр зам дахь Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх байрны дарга, цагдаагийн хошууч У.Баярмаа “Монгол улсын стандарт байдаг. Нэг хүнд ногдох метр, квадрат талбайгаараа өдөрт 18 хүн хүлээж авах хүчин чадалтай. Архи согтууруулах ундааг нь гаргаад, түрүүлж ирсэн эмэгтэйчүүдийн асуудлыг шийдвэл 22,23,24 ч хүрэх үе байдаг. Бид хүчин чадлаа дайчилж ажилладаг. Манай байр газар доор учраас хүйтэн байдаг.  Цаашид цагдаагийн алба хаагчид стандартад нийцсэн эрүүлжүүлэх байртай болохоор төлөвлөж байгаа гэсэн гэв.

Төмөр зам дахь Цагдаагийн газрын Эмэгтэйчүүдийн эрүүлжүүлэх байр газар доор байрладаг байна

Эрүүлжүүлэх байранд тавигддаг Монгол Улсын стандарт гэж бий. Уг стандартад “эрүүлжүүлэх байранд ажиллагсад, үйлчлүүлэгчдийн эрүүл мэнд аюулгүй байдлын шаардлагыг хангахуйцаар халуун, хүйтэн ус, бохирын системтэй, байгалийн гэрэлтүүлэг, агаарын байнгын солилцоог хангах ердийн болон механик агааржуулалтын системтэй, өрөөний дулаан нь хүйтний улиралд 18 градусаас доошгүй, нэг хүнд хоёр метр квадратаас доошгүй талбай ногдохоор өрөөтэй орчин нөхцөлийг бүрдүүлсэн байна” гэж заасан байдаг. Гэвч бодит нөхцөл байдал энэхүү стандартаас өөр байгааг  та бүхэн харж байна. Эрүүлжүүлэх байр бол шорон биш. Тэнд ч хүн эрхээ эдлэх ёстой.