Халуун орны хумхаа өвчин Монголд зөөвөрлөгдөх тохиолдол нэмэгдэж байна

Халуун орны хумхаа өвчин Монголд зөөвөрлөгдөх тохиолдол нэмэгдэж байна

Сүүлийн жилүүдэд Монголд хумхаа өвчин зөөвөрлөгдөн ирэх тохиолдол ихсэх хандлагатай байгаа бөгөөд 2009-2018 оныг хүртэлх хугацаанд хүний өвчлөлийн 14 тохиолдол бүртгэгдэж нас баралт нэг гарчээ. 

Тархвар судлалын онцлогийн хувьд хумхаа өвчний голомтот нутаг болох Энэтхэг, Солонгос, Африкийн зарим улс орнуудад сурч, ажиллаж, амьдарч байсан, аялал зугаалгаар зорчсон, газрын тосны өрөмдлөг хайгуулын ажил, энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцсон Монгол иргэд хумхаагийн дамжуулагч шумуулд хазуулан халдвар авч өвчилсөн байна.

Хумхаа өвчнөөр өвчлөгсөд 18-58 насныхан байгаа бөгөөд үүнээс дийлэнх нь буюу 78.6% эрэгтэйчүүд, халдварын эх уурхай 100% хумхаагийн дамжуулагч шумуул буюу голомтот нутагт шумуулд хазуулсан өгүүлэмжтэй байх бөгөөд өвчний нууц үеийн хугацаа дунджаар 35 хоног байна.

Эмнэлзүйн хувьд бүх өвчтөнүүдэд дотор муухайрч, бие тавгүйтэх шинж тэмдэг илрэхээс гадна удаан хугацаагаар халуурах, хөлрөх, чичрэх, элэг, дэлүү томрох, арьс салст шарлах зэрэг шинж тэмдгүүд илэрч, онош лабораторийн шинжилгээгээр батлагджээ.

Сүүлийн таван жилд бүртгэгдсэн хумхаагийн хүний өвчлөлийн тохиолдол өмнөх таван жилээс 1.8 дахин өссөн, хумхаагийн өвчлөл Монголд зөөвөрлөгдөн ирсэн улс орноос 2017 онд ирсэн жуулчдын тоог өмнөх онтой харьцуулбал 23.8%-иар өссөн, 2017 оны хумхаагийн голомтот бүс нутагт зорчсон Монгол иргэдийн тоог өмнөх үетэй харьцуулбал 2.5 дахин тус тус өссөн эрсдэл байгаагаас гадна хүний өвчний төлөв байдал, төөрөглөлийг тооцоолж үзэхэд хумхаагийн хүний өвчний тохиолдол 2018 онооос хойш жил тутамд 2-3 тохиолдол бүртгэгдэх магадлалтай байна.