"Ардчилсан ахмадын холбооны чуулганыг тэргүүлэгчид л зарлах эрхтэй, С.Эрдэнэд ийм эрх байхгүй" гэж мэдэгдэв

"Ардчилсан ахмадын холбооны чуулганыг тэргүүлэгчид л зарлах эрхтэй, С.Эрдэнэд ийм эрх байхгүй" гэж мэдэгдэв

АН-ын Ардчилсан ахмадын холбооны гишүүд мэдэгдэл хийлээ. Тэд намын дарга асан С.Эрдэнэ Ардчилсан ахмадын холбооны чуулга зарласныг эсэргүүцэв.

Чуулганыг Ардчилсан ахмадын холбооны тэргүүлэгчид л зарлах эрхтэй, С.Эрдэнэд ийм эрх байхгүй гэв. Мөн чуулганыг дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг. Өмнөх чуулганаас хойш дөрвөн жил өнгөрөөгүй байна гэсэн юм.


С.Эрдэнийн энэ сарын 14-нд хийх чуулганд та бүхэн битгий оролцоорой гэж уриалав. С.Эрдэнэ ахмад гишүүдийг чуулганд оролцуулахын тулд орон нутгийн гишүүдийн замын зардлыг хариуцах, амралт сувилалд гурав хоног явуулах, бэлэг өгөх амлалт өгчээ. Энэ нь залилан мэхлэлт гэж Ардчилсан ахмадын холбоо үзэж байгаа аж.

Мөн тус холбоо сүүлийн хоёр жилд хагаралдаж зөрчилдөөгүй гэв.

Ш.Батбаяр "Ардчилсан ахмадын холбоо 2000 онд таван нам нэгдэж, АН-ыг байгуулахад л байгуулагдсан. Бид намын дүрмээс тусдаа дүрэмтэй. С.Эрдэнэ дүрэм бусаар хурал хийх гэж байна. Энэ талаар бидэнд огт мэдэгдээгүй. Өдөөн хатгах ажил явуулж байна. С.Эрдэнэ намын даргын ажлаа хүлээлгэн өгсөн, хөөгдсөн тул цаашид хурал чуулган зохион байгуулах эрхгүй. Намын их хурал намын дээд байгууллага. Их хурлаас С.Эрдэнийг хөөсөн, намын гишүүнээс хассан" гэв. Хэвлэлийн хуралд тус холбооны 12 гишүүн оролцож, байр сууриа илэрхийллээ.