Булган суманд мал амьтны гоц халдварт “Үхрийн арьс товруутах өвчин” батлагдаж, хорио тогтоолоо

Булган суманд мал амьтны гоц халдварт “Үхрийн арьс товруутах өвчин” батлагдаж, хорио тогтоолоо

Булган аймгийн Булган сумын зургадугаар багийн нутаг "Ачуутын гол" орчим мал амьтны гоц халдварт “Үхрийн арьс товруутах өвчин” батлагдлаа.

Өнөөдрийн /2022.08.13/ байдлаар халдварт өвчний голомтын бүсэд 13 айл, сэжигтэй бүсэд 9 айл нийт 22 айлын хүн, малын шилжилт хөдөлгөөнийг хориглож, хорио цээрийн дэглэмийг тогтоон хяналтын постуудыг гаргаад байна. Түүнчлэн “Үхрийн арьс товруутах өвчин” батлагдсан бүсэд байгаа нийт үхэр сүргийг вакцинжуулах ажлыг өчигдөр/2022.08.12/-өөс эхлүүллээ. 

Гоц халдварт өвчин гарсантай холбоотойгоор мэргэжлийн байгууллагууд Булган сумаас, Цачиртын гүүр хүртэлх замд зогсолт хийхгүй зорчих шаардлагатайг орон нутгийн иргэдэд онцгой анхааруулж байна. 

Үхрийн арьс товруутах өвчин нь анх 2021 онд Дорнод аймагт гарч, Сүхбаатар, Хэнтий аймагт бүртгэгдсэн байдаг бөгөөд Булган аймагт анх удаагаа бүртгэгдэж байгаа нь энэ юм. Олон улсын худалдааны хорио цээрт, хил дамжин халдварладаг үхрийн гоц халдварт өвчин нь богино хугацаанд ялаа, шумуул болон шууд хавьтлаар халдвар тархаж, халдварлаж өвчилдөг, мах болон сүүний алдагдал, арьсны гологдол үүсгэдэг, сүргийн 70 хувь нь үхэж хорогддог аюулт өвчин юм.

Тухайн өвчний үүсгэгч вирус маш тогтвортой, гадаад орчны хуурай нөхцөл ялангуяа товрууны хатсан таванд вирус удаан хугацаагаар байдаг бөгөөд арьсны үхэжсэн зангилаанд 33, хогжруунд 35, хатсан арьс ширэнд 18 хоног хүртэл амьд байдаг нарны шууд гэрэлд тэсвэр муутай ч гадаад орчны чийглэг харанхуй нөхцөлд удаан хугацаанд хадгалагддаг байна. 

Өвчний нууц үе 4-14 хоног үргэлжилдэг. Зарим тохиолдолд 28 хоног хүрдэг. Эмнэл зүйн хувьд өндөр халуурах, сүүний гарц огцом татрах, мэдрэг чанар багасах, нус нулимс гоожих, хүзүү толгой, уруул, хөх, үржлийн эрхтэн орчимд 2-5 см голч бүхий товруут зангилаа үүсгэдэг аж.




Өнөөдөр бич өдөр

32 минутын өмнө