П.Цэцэгмаа: Одонтой ээжүүдийн нийгмийн асуудлыг шийдэх талаар ерөнхийлөгчид хүсэлт хүргүүлнэ

П.Цэцэгмаа: Одонтой ээжүүдийн нийгмийн асуудлыг шийдэх талаар ерөнхийлөгчид хүсэлт хүргүүлнэ

-ОЛОН ХҮҮХЭД ТӨРҮҮЛЖ ӨСГӨЖ БУЙ ӨРХИЙН АМЬЖИРГААНЫ АСУУДАЛ, ТӨРИЙН ДЭМЖЛЭГИЙГ НАРИЙВЧЛАН ЗОХИЦУУЛСАН ЦОГЦ БОДЛОГО ҮГҮЙЛЭГДДЭГ-

Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Пүрвээгийн Цэцэгмаатай эмэгтэйчүүдийн улс төрийн идэвх, оролцоо болон олон хүүхэдтэй ээжүүдийн нийгмийн асуудал, эрх зүйн орчны талаар ярилцлаа. 

-Ардчилсан намын шинэчлэл яригдаж үзэл бодлын хувьд баруун төвийн нам гэдгээ зарлалаа. Улстөрчийн хувьд энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Ардчилсан хувьсгал үүсч хөгжсөний  30 жилийн ой, олон улсын ардчиллын өдрийг анх удаа бид өнгөрсөн сард тэмдэглэлээ. Өнгөрсөн  30 жил бол хөгжлийн бодлогынхоо хүрээнд алдаа оноотой жилүүд байсан. Гэсэн ч ардчилал бол зөв юмаа гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Баруун төвийн нам гэдэг бол хуулийн засаглалтай, иргэдийнхээ эрх ашгийг нэн тэргүүнд тавьдаг, шүүх хуулийн засаглал нь биеэ даасан байх үзэл баримтлал юм.  Ардчилсан нам 2016 онд шинэчлэлийн бодлогоо боловсруулж шинэ дүрэм, шинэ үзэл баримтлалаа их хурлаараа баталсан. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд улс төрийн намуудын төлөвшилт бол маш хэцүү байлаа. Үүний шинэчлэх салхийг Ардчилсан нам хагалсан. Монгол Улсад Дээд шүүхэд бүртгэлтэй 32 намаас үзэл баримтлал, үндсэн дүрмээ дээд шүүхэд бүртгүүлсэн цорын ганц нам нь Ардчилсан нам боллоо.

-Ардчилсан нам үзэл баримтлалынхаа хүрээнд сонгуулийн мөрийн хөтөлбөрөө боловсруулна гэж ойлгож болох уу?

-Тиймээ. Жинхэнэ улс төрийн намыг ялгах гол шалгуур нь намын үзэл баримтлал. “Ардчилсан Намын Үзэл баримтлал”-ын тулгуур бодлогууд бол УИХ-ын дараагийн сонгуулийн дүнгээр байгуулагдах Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр гэж ойлгож болно. Энэ ч утгаараа 2020 оны Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт эмэгтэйчүүдийнхээ саналыг илүүтэй тусгах ажлын бэлтгэлийг хангах багт ажиллаж байна.

-Ардчилсан намын шинэчилсэн дүрмэндээ эмэгтэйчүүдийн улс төрийн идэвх оролцоог нэмэгдүүлэхээр тусгаж, квот тогтоосон гэж сонсч байсан.

-Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцооны хувьд олон улсад квот тогтоох зэрэг янз бүрийн аргаар дэмждэг. Өнөөдөр Монгол Улсад хэрэгжиж буй хууль дүрэм, улс төрийн тогтолцоогоор бол УИХ-ын сонгуульд л нэр дэвших квотонд 20 хувь эмэгтэйчүүд байна. Харин бусад нийслэл, аймаг, орон нутгийн сонгуульд ямар нэгэн квотын дэмжлэг байдаггүй. Магадгүй аймаг, нийслэл орон нутгийн түвшиндөө хэрэгжүүлж буй арга хэмжээ, төсөл, хөгжлийн хөтөлбөрүүд нь хазгай муруй байгаа нь эмэгтэйчүүдийн оролцоо муу байгаатай холбон тайлбарлаж болохоор байна. Ардчилсан нам анх удаа дүрмэндээ бүх шатны сонгуульд эмэгтэйчүүдийн оролцоог 20 хувь байхаар квот тогтоож өгсөн нь маш том улс төрийн шинэчлэл, дэвшил гэж эмэгтэйчүүдийнхээ төлөөллийн хувьд харж байна. СХД-ийн дүүргийн хувьд анхан шатандаа эмэгтэйчүүдийн оролцоо маш өндөр байдаг. Анхан шатны ухуулагч, шадар туслах, намын үүрийн ихэнх гишүүдийг эмэгтэйчүүд эзэлдэг. Эсрэгээрээ дундаас  дээш шатны сонгуульт гишүүд нь эрэгтэйчүүд голдуу байдаг. Энэ нь олон шалтгаантай, дотоод шалтгаан нь эмэгтэйчүүд өөрсдөдөө итгэлгүй байдал, гадаад шалтгаан нь мөнгө санхүүгийн асуудал байдаг. Одоо бол намын Үндсэн дүрмэнд заасны дагуу  20 хувь нь эмэгтэй нэр дэвшигчид байх учир бид эмэгтэйчүүдээ бэлтгэн ажиллаж байна. Манай эмэгтэйчүүд улс төрд үнэхээр идэвхтэй, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чаддаг. Гол нь яг өөрсдийнхөө хувийн амбицыг илэрхийлээд ахиж дэвших тал дээрээ хойш суудаг, өөрсдөдөө итгэх итгэл муу байгаа сул тал байна. Энэ нь мэдээлэл дутмаг, бидэнд итгэл өгөх түшиж тулах, боломж бололцоог нь нээх тэр сонгууль гишүүд тааруу ажиллаж байна уу гэж ажигладаг. Сүүлийн үед энэ чиглэлд түлхүү анхаарч ажиллаж байна.

-Таны хувьд цахим орчинд болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр одонтой ээжүүдийн нийгмийн асуудал, дэмжлэг шаардлагатай байгаа талаар хөндөж ярьсан. Энэ асуудлыг яагаад хөндөх болов?

-Би өөрөө дөрвөн охин төрүүлж өсгөсөн, олон хүүхэдтэй эхчүүдийн нэг төлөөлөл. Тиймээс энэ талын бодлого дээр түлхүү анхаарч ажиллана гэсэн бодолтой явдаг. Монгол Улсад олон хүүхэдтэй ээжүүдийг хэрхэн яаж амьжиргааг нь дээшлүүлэх, төрийн бодлогодоо яаж дэмжих, монгол иргэнийг хөгжүүлэх бодлогын юу нь хаанаа алдаа оноо нь байна, боловсролдоо байна уу, эрүүл мэнддээ байна уу гэдгийг нь олон улсын түвшинд шинжлэх ухаанчаар тогтоогоод өрх гэрийнх нь түвшинд судалсан ямар нэг урт болон богино хугацааны төсөл хөтөлбөр өнөөг хүртэл байгаагүй.

-Тэгэхээр та олон хүүхэдтэй одонтой ээжүүдээ төр анхаарч, дэмжих цаг нь ирсэн гэдгийг олон нийт, төр засагт ойлгуулах ямар алхмыг хийхээр зорьж байна вэ?

-Монгол Улсад 300-гаад мянган ахмад настан байна. Тэдгээрт зориулсан ахмад настны тухай хуулиуд, тэтгэвэр тэтгэмжийн нэгдсэн систем, бодлого байна. Хөгжлийн бэрхшээлтэй 105 гаруй мянган иргэнд зориулсан бүтэн хөгжлийн агентлаг ажилладаг. Гэтэл олон хүүхэд төрүүлж өсгөсөн ээжүүдийг дэмжих тухай ямар нэгэн тусгайлсан хууль дэмжлэг байдаггүй. Гэр бүлийн тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүчирхийллийн эсрэг,  гээд холбоотой хуулиуд байдаг. Гэвч эдгээр нь тухайн тухайн чиглэлдээ зориулсан зүйл заалттай. Яг олон хүүхэд төрүүлж өсгөж буй өрхийн амьжиргааны асуудлыг, төрийн дэмжлэгийг нарийвчлан заасан цогц бодлого үгүйлэгддэг. Яг өнөөдрийн тоогоор манайд 238 мянган алдарт эхийн одонтой ээж бий. Үүнээс 72 мянга нь алдарт эхийн 1-р зэргийн одонтой. Нэг ээжийн цаана багаар дөрвөн хүүхэд, нэг өрхийн тэргүүн байна гэж тооцоход нэг сая иргэний асуудлыг шийдэх цогц бодлого байхгүй байна гэж харагдаад байна. Яг амьдрал дээрээ энэ тоонд өрх толгойлсон ээжүүд, өрх толгойлсон аавууд, ихэр хүүхэд төрүүлээд гэртээ асарч байгаа эцэг эх, 18-аас доош насны олон хүүхэдтэй өрх ч багтаж байгаа. Яг ижил түвшинд, ижил орлогоор нэг хүүхдийг өсгөх, олон хүүхдийг өсгөх нь шал өөр амьдралын харилцаа юм шүү дээ. Тэгэхээр 2020 оны Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт яг энэ асуудлыг судалгаа шинжилгээтэй, тодорхой гарц шийдэл олсон байдлаар тусгуулахад хичээл зүтгэл гаргаж ажиллана.  Миний хувьд  олон нийтийн сүлжээнд ч тэр одонтой ээжүүдтэйгээ байнгын идэвхтэй харилцаа холбоотой, санал бодлыг нь хажуугаас нь сонсч байдаг хүний хувьд өөрт оногдсон үүрэг хариуцлага гэж ойлгож байна. Мөн идэвхтэй ээжүүд маань нэгдээд “Алдарт эх хөгжлийн түүчээ” төрийн бус байгууллага байгуулсан. Үүгээрээ дамжуулаад бид ерөнхийлөгчийн тамгын газар, ерөнхийлөгчийн нийгмийн бодлогын зөвлөлд нэгэнт л бид ерөнхийлөгчийн зарлигаар улс эх орондоо гавьяа байгуулсан гээд одон авдаг учир, ерөнхийлөгчийн бодлогоор одонтой ээжүүдийн нийгмийн асуудлыг шийдэх эрхзүйн боломжийг бий болгож өгөх талаар хүсэлт хүргүүлэхээр ажиллаж байна.

-Одонтой ээжүүдийн тухай нэгэнт ярьж эхэлсэн болохоор дэлгэрүүлээд асуумаар санагдлаа. Одонтой ээжүүд маань нийгэмд хэр идэвхтэй байна, нэгдсэн арга хэмжээ, холбоо хөдөлгөөний үйл ажиллагаа хэр байдаг вэ?

-Дэлхий хавтгай болсон өнөө цагт одонтой ээжүүд маань гэртээ суугаад нийгмээс тусгаарлагдаад байдаг цаг ард хоцорчээ. Цахим сүлжээг давуу тал болгоод, сайн талаар нь ашиглаж мэдээлэл солилцож, суралцаж, нэг нэгэндээ дэмжлэг туслалцаа үзүүлж, цаашлаад цахим нэгдлүүдийнхээ хүрээнд уулзалт зохион байгуулж байна. Олон олон сайн үйлсийн болон нийгэмд тустай ажлууд хийдэг. Боломжгүй нэгэндээ гэр авч өгч байна. Улиралдаа нэг удаа хүүхдүүдийнхээ өмсч амжилгүй багадсан хувцас, хэрэглэл зэргийг солих, хямд төсөр үнээр худалдах арга хэмжээ зохион байгуулж байна. Сүүлийн хоёр жил олон жил ханилаад дөрвөөс дээш хүүхэдтэй болсон ч хуримаа хийх боломж гараагүй  ээжүүдийнхээ хуримыг хийж өгөх арга хэмжээг зохион байгуулдаг болсон. Ээжүүд л болсон хойно ойрхон гэртээ  завгүй нэгнийхээ хүүхдийг сургуулиас нь аваад хүргээд өгдөг, хэсэг бүлгээрээ төрсөн өдрөө цугтаа тэмдэглэх, хэн нэгнийх нь хүүхэд өвдөх зэрэг асуудалтай үед нь эм танг нь дөхүүлэхээс эхлээд туслалцаа дэмжлэг багадахгүй, хоорондоо ойр харилцаа холбоотой байх тал дээр харьцангуй сайн болсон шүү.

-Таны хувьд СХД-ийн Ардчилсан намын удирдлагад ажилладаг. Дүүргийнхээ хэмжээнд танай нам ээжүүд,  эмэгтэйчүүд рүүгээ, иргэд рүүгээ чиглэсэн ямар ажил үйлчилгээ явуулдаг вэ?

-Ардчилсан нам дотоод шинэчлэл хийж буйтай холбоотой их ажил энэ онд өрнөсөн. СХД-ийн хувьд хүн амын тоо ихтэй, шилжилт хөдөлгөөн ихтэй байдгаас 11 хороо шинээр нэмэгдлээ. Энэ 11 хороо маань үүрийн зохион байгуулалтад ороод, шинээр үүрэг гүйцэтгэх залуу дарга нар сонгогдож намын дотоод үйл ажиллагааны хувьд маш идэвхтэй ажиллаж байна. Энэ оны сүүлийн улиралд бид гишүүд дэмжигчид, эмэгтэйчүүд рүүгээ чиглэсэн ажлуудыг түлхүү хийхээр төлөвлөөд байна. Гишүүдээ идэвхжүүлэх, эерэг хандлагыг түгээх, нийгмийн уур бухимдал стрессийг даван туулах хэсэгчилсэн сургалтууд маань 20-оод үүр дээр явагдсан. Цааш үргэлжлээд явна. Манай 72 дугаар тойргийн хувьд бүх гишүүдийн оролцоотой үүрийн хурлаа хийгээд, хамтарсан аялал, спорт урлагийн тэмцээнүүдээ амжилттай зохион байгуулсан. Цаашид олон хүүхэдтэй, одонтой ээжүүдтэйгээ хамтарч ажиллах, тэдний дуу хоолой, санал хүсэлтийг хүргэх алхмуудыг хийнэ.

-СХД-ийн Ардчилсан нам дүүргийн хэмжээнд тулгамдаж буй асуудлуудад ямар байдлаар хандаж байна вэ?

-Улс төрийн намын хүрээнд орон нутгаа хөгжүүлэх тал дээр анхаарч ажилладаг. Энэ жилийн стратеги төлөвлөгөөндөө маш олон ажлуудыг тусгасан. СХД дүүрэг нь хөгжлийн хувьд төвийн зургаан дүүргээсээ сүүл мушгидаг гэж хэлж болно. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв, Азийн хөгжлийн банк хамтран Улаанбаатар хотын дүүргүүдийн өрсөлдөх чадварын судалгааг хоёр жил тутамд хийдэг. Энэхүү судалгааны нэгдсэн дүнгээр засаглал, амьдралын чанар, аюулгүй байдлаараа СХД төвийн зургаан дүүргийн зургаан дугаарт бичигдэж байна. 300 гаруй мянган иргэдтэй тус дүүрэгт сүүлийн 30 жил МАН дангаараа засагласан. Хажуугийн дүүргүүд нь хөгжөөд байхад зургаан их хурлын гишүүнтэй, есөн нийслэлийн төлөөлөгчтэй, дүүрэг дээрээ 32 хороон засаг дарга нь МАН-аас ажиллаж байж хөгжлийн үзүүлэлтүүд нь ахиж дэвшсэн зүйл бараг байхгүй байгаа нь хачирхалтай. Э.Бат-Үүл даргын үед шийдвэрлэгдсэн хотын захиргааг СХД-т байгуулах ажлыг энэ их хүч ажил хэрэг болгоод дэд бүтэц татуулаад, тэр орчмын иргэдийн газрыг чанаржуулаад, иргэдийнхээ амьдралыг дээшлүүлж чадахгүй ХУД-т бариулахаар болчихлоо. Энэ чинь л иргэдийнхээ төлөө ажиллаж чадаж байна уу гэдгийг харуулж байна. СХД-ийн Ардчилсан намын гишүүний хувьд иргэдийнхээ өмнөөс маш их гомдолтой санагддаг. Газрынх нь асуудлыг шийдчихсэн, 10 гаруй тэрбумын төсөл нь суучихсан, бүх бичиг тушаал шийдвэр нь гарчихсан, дэд бүтцийнх нь ТЭЗҮ зураг батлагдчихсан тэр том бүтээн байгуулалтыг яагаад ХУД-т барихаар шийдэж байгаа нь үнэхээр харамсалтай. Яагаад дарга нар энэ СХД-т Нийслэлийн төр захиргааны байрыг бариад эндээ ажиллаж амьдраад асуудлаа шийдэж болохгүй байгаа юм бэ, тэд яагаад гоё сайхан газар ажиллаад СХД-ийн иргэд утаа шороонд амьдарч байх ёстой гэж?  Хотын захиргааг дагаад хийгдэх байсан бүх дэд бүтэц бүгд цуцлагдсан. Энэ ажил хийгдээд дэд бүтэц, барилгажилт бүтээн байгуулалтын ажил хийгдсэн бол Сонгинохайрхан дүүргийн хөгжилд маш том түлхэц болох байсан. Манай СХД-ийн иргэд өөрсдийн сонгож гаргаж ирсэн хүмүүсээ маш сайн шахаж, хариуцлага тооцож ажилладаг байх хэрэгтэй. Тэгж байж бид хамтдаа хөгжинө. 2020 онд бид хөгжлийн төлөвлөгөөгөө маш томоор харах хэрэгтэй. Одоо тэр цуцлагдсан газар нь ямар нэг төрийн байгууллагыг барих ажлыг тусгуулна. Бүх гэр хорооллыг системтэйгээр хөгжүүлэх зураг, төлөвлөлтийн ажлыг нэн тэргүүнд хийх хэрэгтэй байна. Одоо нутаг дэвсгэр, хороо хороогоор нь зааглаж хөгжүүлнэ гэхээсээ илүү цаг агаар, газарзүйн байршил, дэд бүтцийн хувьд нарийвчилсан судалгаа гаргаж бүсчлэлээр нь хөгжүүлэх нь илүү үр дүнтэй гэж бид үзэж байна.

Ярилцсанд баярлалаа.