БАРИМТ: Орос IV сургуулийг СХД-т байгуулж бусад дүүрэг, орон нутагт ч ОРОС сургууль нээхээр ярилцжээ

БАРИМТ: Орос IV сургуулийг СХД-т байгуулж бусад дүүрэг, орон нутагт ч ОРОС сургууль нээхээр ярилцжээ

Манай улсад Орос-Монголын хамтарсан улсын төсвөөс санхүүждэг Ерөнхий боловсролын сургууль /ЕБС/-ийг шинээр барих гэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Орос III сургуулийн удирдлагыг чөлөөлөх асуудал эцэслэгдэж чадахгүй байгаа эдгээр өдрүүдэд дахин Орос Монголын хамтарсан сургуулийг байгуулах гэж буй нь олны анхаарлын төвд ороод байгаа юм. Тэгвэл Монгол Улсад Орос Монголын хамтарсан сургуулийг байгуулах гэж байгаа мэдээллийг хүргэж байна.

-СХД-Т ШИНЭЭР БАРИГДАЖ БУЙ 640 ХҮҮХДИЙН СУРГУУЛИЙГ ОРОС СУРГУУЛЬ БОЛГОХ ТАЛААР ЯРИЛЦЖЭЭ-

Ерөнхий боловсролын салбарт хамтран ажиллах тухай /Орос Монголын хамтарсан сургууль/ Монгол Улсын Боловсрол, Шинжлэх ухааны яам, Оросын Холбооны Улсын Гэгээрлийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр байгуулжээ. Санамж бичигт Монголын талыг төлөөлж Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, Оросын талыг төлөөлж Гэгээрлийн сайдын нэгдүгээр орлогч Д.Е.Глушко нар гарын үсэг зурсан байна. Улмаар 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит 23 дугаар хуралдааны үеэр дээрх ажлыг шуурхайлахаар Шадар сайд С.Амарсайхан нар тогтжээ.

Тиймээс ч энэ оны наймдугаар сар /2022.08.17/-д ОХУ-ын Гэгээрлийн яамнаас томилогдсон В.Г.Короленкогийн нэрэмжит Глазовскийн улсын боловсролын дээд сургуулийн төлөөлөл манай улсад ажилласан байна. Энэ үеэр Монголын талаас хамтарсан сургууль байгуулах боломжтой хоёр сургуулийг санал болгосон байх аж.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүрэг /СХД/-ийн 9 дүгээр сургууль болон 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа 640 хүүхдийн суудалтай сургуулийн аль нэгийг “Орос-Монголын хамтарсан дөрөвдүгээр” сургууль болгохоор танилцуулжээ. Мөн Орос багш нарын байрлах орон сууцны асуудлыг манай улс тодорхой болгоод байгаа гэдгээ уламжилсан байна.

Глазовскийн улсын боловсролын дээд сургуулийн төлөөлөл. 2022.08.17

Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр ОХУ-ын Гэгээрлийн яамнаас томилогдсон В.Г.Короленкогийн нэрэмжит Глазовскийн улсын боловсролын дээд сургуулийн төлөөлөлд хандан цаашид орос хэлний сургалттай хамтарсан сургуулийг нийслэлийн бусад дүүрэг болон орон нутагт байгуулах сонирхлоо илэрхийлсэн байна. Харин ОХУ-ын В.Г.Короленкогийн нэрэмжит Глазовскийн улсын боловсролын дээд сургуулийн захирал Парфенов Арсений Андреевич “Монголын талын дэвшүүлж буй саналыг судалж, хамтран ажиллах болно” гэдгийг онцолжээ.

Эцэст нь өгүүлэхэд, шинээр байгуулах гэж буй Орос Монголын хамтарсан сургуулийн дүрмийг нарийн тогтож, удирдлагыг томилох, чөлөөлөх зэрэг асуудлыг тодорхой тусгахгүй бол Орос Монголын хамтарсан гуравдугаар сургуульд үүсээд байгаа шиг зүйл ирээдүйд үүсэж магадгүй гэх болгоомжлол байна. Нөгөөтээгүүр аль нэг улсын хамтарсан сургуулийг нийслэлийн дүүргүүд болон орон нутагт олноор байгуулах нь хэр зохистой вэ гэх асуулт олны дунд хариултаа нэхэж байгаа юм. Ямартай ч тун удахгүй Орос Монголын хамтарсан дөрөвдүгээр сургууль үүд хаалгаа нээх нь ээ.