"Үндэсний номын баяр-2022" нээлтийн арга хэмжээ ӨНӨӨДӨР 13 цагт орон даяар зэрэг эхэлнэ

"Үндэсний номын баяр-2022" нээлтийн арга хэмжээ ӨНӨӨДӨР 13 цагт орон даяар зэрэг эхэлнэ

Жил бүр УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулдаг уламжлалт “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022” өнөөдөр /2022.09.16/ эхэлнэ.

Энэ жилийн номын баяр “Илүү их уншъя” уриатайгаар есдүгээр сарын 16-18-ны өдрүүдэд үргэлжилэх юм. 32 дахь удаагийн “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022”-ийг улс даяар зохион байгуулж байгаагаараа онцлог болж байна. Есдүгээр сарын 16-ны өдрийн 13:00 цагаас Улаанбаатар хотод Д.Сүхбаатарын талбайд нээлтийн ёслол болох бол  21 аймагт аймгуудын төв талбайд нэгэн зэрэг улс орон даяар эхлүүлэх юм. Ингэхдээ, 

  • Хүүхдийн номын хүрээ,
  • Үндэсний бичиг соёл,
  • Номын хүрээ,
  • Соёлын бүтээлч,
  • Үйлдвэрлэлийн хүрээ,
  • Номын үзэсгэлэн,
  • Төрөлжсөн ном хэвлэлийн худалдаа,
  • Урлагийн тоглолт

зэрэг 10 гаруй хөтөлбөр, арга хэмжээг хамтатган зохион байгуулах юм байна. “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022” арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг  Соёл, урлагийн газар, аймаг, нийслэлийн Соёл, урлагийн газар, “Номын соёлт ертөнц” ТББ, хамтран зохион байгуулагчаар Монгол Улсын Үндэсний номын сан, Хүүхдийн төв номын сан, аймаг, нийслэлийн Нийтийн номын сан, “Монголын Зохиолчдын эвлэл”, ЕБС-ийн номын сангийн холбоо, Монголын хэвлэх үйлдвэрүүдийн холбоо зэрэг ном хэвлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн оролцоотой зохион байгуулж байгааг Нийслэлийн соёл, урлагийн газраас мэдээллээ.

Энэ удаагийн номын баярт нийслэлийн хэмжээнд 150 гаруй аж ахуйн нэгж байгууллага, 250 орчим шилдэг хэвлэн нийтлэгч, зохиолч, яруу найрагч зэрэг уран бүтээлчид оролцох юм. Шинээр хэвлэсэн ном товхимлын үзэсгэлэнгээс гадна ховор нандин номуудыг олон нийтэд дэлгэх аж.

“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022”-д нийт ард иргэд, хүүхэд залуучууд, гэр бүл, багш, сурган хүмүүжүүлэгчид, байгууллага, хамт олныг өргөнөөр оролцохыг салбарын мэргэжилтнүүд уриалж байна.