Ж.Соронзон Б.Болорт зөвлөж, Орос III сургууль дээрээ ажиллаж байна

Ж.Соронзон Б.Болорт зөвлөж, Орос III сургууль дээрээ ажиллаж байна

Монгол-Оросын хамтарсан III сургуулийн 30 жилийн ой 2022-2023 оны хичээлийн жилд тохиож байгаа билээ. Сургуулийн ойн арга хэмжээний хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд сургуулийн талаар ном хэвлүүлэхээр ажиллаж байгаа аж. 

Тэгвэл Монгол-Оросын хамтарсан III сургуулийн 30 жилийн ойн уг арга хэмжээг зохион байгуулах асуудалд тус сургуулийн захирал асан Ж.Соронзон зөвлөн ажиллаж байгаа талаар эх сурвалж мэдээлэв. Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Болороос энэ талаар тодруулахад "30 жилийн ойн арга хэмжээний хүрээнд сургуулийн ном хэвлүүлэх гэж байгаа. Үүнд Ж.Соронзон захирал зөвлөгөө өгч байгаа нь үнэн.

Өчигдөр сургууль дээр ирж ажилласан" гэлээ. Харин "Ж.Соронзон захирал өмнө нь сууж байсан өрөөгөө чөлөөлж өгөөгүй учир таныг өөр өрөөнд сууж байгаа гэх мэдээлэл байна.

Мөн Ж.Соронзон өчигдөр хуучин өрөөндөө сууж ажилласан" гэх мэдээллийг лавлахад "Тийм ээ. Би Ж.Соронзон захирлын өрөөнд ороогүй. Өөр өрөөнд суухаар болсон. Учир нь хуучин захирлын өрөө их чимээ шуугиантай учир энэ сонголтыг хийсэн" гэдгийг тодотголоо. Ташрамд өгүүлэхэд, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Ж.Соронзонг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргаж, улмаар есдүгээр сарын 16-ны өдөр тэрбээр тус сургуулийн үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон Б.Болорт ажлаа хүлээлгэн өгсөн байдаг.