АН: Ирэх оны төсөв сонгуульд чиглэсэн, улстөржсөн, МАН-ын мөрийн хөтөлбөрийг гүйцэлдүүлэх гэсэн тооцоололгүй болсон

АН: Ирэх оны төсөв сонгуульд чиглэсэн, улстөржсөн, МАН-ын мөрийн хөтөлбөрийг гүйцэлдүүлэх гэсэн тооцоололгүй болсон

УИХ дахь АН-ын зөвлөл хуралдлаа. Хуралдаанаар гурван асуудлыг хэлэлцжээ. УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат  хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар дэлгэрэнгүй тайлбар өглөө.

Тэрбээр “Өнгөрсөн долоо хоногт кибер аюулгүй байдлын  асуудал сэтгэл зовоосон асуудал болж, цахим бүлэглэл илэрсэн. Олон тооны хятадууд Монгол улсад нууцаар зохион байгуулалттай бүлэглэсэн үйл ажиллагаа явуулж байсан нь илэрсэн холбогдуулан  холбогдох байгууллагын хүмүүсээс хаалттай мэдээлэл сонслоо. Үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой асуудал учраас бидэнд дотоодоо мэдээлэл авах зайлшгүй шаардлага үүссэн. Энэ асуудлаас үүдэж манай улсад ямар хор уршиг авчрах вэ гэдэгт бид цаашид онцгойлон анхаарч улс орныхоо үндэсний аюулгүй байдлын төлөө юу хийх ёстой вэ гэдэг талаар санал солилцлоо.

Баривчилгааны үеэр олон хятад иргэд нэг газраас бөөнөөр виз авсан нь анхаарал татаж байна. Хоёрдугаарт цахим сүлжээний ашиглалт, хамгаалалт туйлын хангалтгүй байгаа нь илэрхий боллоо. Гуравдугаарт  энэ баривчилгааны үед маш их хэмжээний бэлэн мөнгө буюу 1.5 тэрбум төгрөг хураасан нь мөнгө  угаах үйл ажиллагаа энэ цахим сүлжээний бүлэглэлийн дор илт явагдсан байна. Хууль хяналтын байгууллагуудын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн, үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлсөн ийм байдлыг дахин гаргахгүйн тулд бид юу хийх вэ гэдэг асуудлаар холбогдох байгууллагын саналыг сонссон. Энэ  үйл ажиллагаагаар  Монгол орон хяналт сул, эзэнгүй орон болсныг харуулж байна.

Хоёрдугаар хэлэлцсэн асуудал болох 2020 оны  төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийг энэ долоо хоногт хийнэ. Энэ төсөв ямар болсон бэ гэдэг манай нам байр сууриа илэрхийлсэн. Ирэх оны төсөв сонгуульд чиглэсэн, улстөржсөн, МАН-ын мөрийн хөтөлбөрийг гүйцэлдүүлэх гэсэн тооцоололгүй төсөв болсон гэдгийг бид хэдэнтээ хэлж байгаа.Бид төсвийн талаарх дүгнэлтээ УИХ-д хүргүүлнэ.

Гуравдах хэлэлцсэн асуудал бол ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцлээ. Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгосон энэ асуудлыг УИХ яаралтай горимоор хэлэлцэх ёстой. АН өөрийн хувилбараа дэвшүүлнэ. Яагаад гэвэл АМНАТ-ийн хуульд давхар татвар авах нөхцөл байдал үүссэн учраас давхар татвар олгогдохгүй байх  тэр  хувилбарыг  бид зөв гэж үзэн хувилбараа гаргасан. Ажлын хэсэгт нь З.Нарантуяа гишүүний оруулна.

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зөвшилцөх ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт хуралдаагүй. Манай намын зарчмын гурван саналыг энэ долоо хоногт хэлэлцэж нэгдсэн шийдвэрээ гаргах байх гэж найдаж байна. АН  энэ хуралд оролцоход бэлэн байна.

 УИХ-ын гишүүн З.Нарантуяа:- Мэдээллийн аюулгүй байдал Монгол Улсад хамгийн чухал болсон байна. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд үндэсний хэмжээний мэдээллийг хангах талаар дөрвөн том бүлэг заалт бий. 800 Хятад иргэний асуудал санхүүгийн луйврын шинжтэй үйл ажиллагаа хийсэн гэдэг гэдгийг шалгаж байгаа байгууллагууд нь хэлж байна. Эдгээх хүнээс Монголын төрийн байгууллагууд руу, ААН-үүд рүү, хуулийн этгээдийн мэдээллийг авах гэж оролдсон уу, энэ талаар шалгасан уу гэхэд дорвитой юм алга байна. Өнөөдөр үндэсний аюулгүй байдлынхаа асуудыг анхаарах шаардлага тулгасан, хяналт султай гэдгээ дэлхий  дахинд харуулсан ийм үйлдэлд цаашдаа хэрхэн анхаарах уу гэдэгт ажил хэрэгч санал, санаачилгаа одоо хүртэл гараагүй байгаа нь харамсалтай байна. Энэ талаар хууль алга. Иргэдийн мэдээлэл хэнд хаана, ямар түвшинд ашиглагдаж болзошгүй вэ гэдэг судалгаа мэдээлэл хомс байна. Энэ тал дээр холбогдох хүмүүс нь ажлаа хиймээр байна.

- 800 Хятад иргэдэд Хөх хот болон Эрээний консулын газраас хэд хэчнээн визийг ямар ангиллаар олгосон юм бэ?

-ГИХГ-аас ирсэн мэдээллээр Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газраас жуулчлалын ангиллын 30, бизнесийн ангиллын 94, Хөх хотын Консулаас жуулчлалын ангиллын 566, бизнесийн ангиллын 48, Бээжингийн ЭСЯ жуулчлалын ангиллын 41, Хонконгийн консулын газраас бизнесийн ангиллаар дөрвөн виз тус тус авсан байна. Үндсэндээ Хөх хотоос дийлэнхийг нь  авсан. Монголоос ямар нэг урилга явуулахгүйгээр  бүлэг жуулчдын визийг хүссэнээр нь олгодог Засгийн газрын тогтоол гаргасан байна. 10 дугаар сард ганц удаа жуулчдын визийг бөөнөөр нь олгосон байна.