Д.Цогтбаатар: БНХАУ-ын 700 гаруй иргэний визийг хуулийн дагуу олгосон байсан

Д.Цогтбаатар: БНХАУ-ын 700 гаруй иргэний визийг хуулийн дагуу олгосон байсан

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараас цаг, үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.

-Бүлгийн хурлаар Элчин сайдуудыг томилуулахыг дэмжсэн байна?

-Тийм ээ.  Бас нэг хэцүү давааг давж байна. Бид Элчин сайд нараа аль болох түргэн томилохыг бодож байгаа. Зургаан Элчин сайдыг УИХ-д өргөн барьсан. Нэг том даваа даваад энэ процесс явж байна.

-Өнгөрсөн тавдугаар сард  хэд, хэдэн Элчин сайдын нэрийг өргөн барьсан. Гэтэл одоо байхгүй байна?

-Цувуулаад оруулахаар ярьж байна. Эргэлзээтэй байгаа бол эргэж харах, дүгнэх зүйл гарч байгаа. Тиймээс хэсэгчлээд томилох хэрэгтэй. Эргэлзээгүй томилж болох хүмүүсээ хэсэгчлээд явуулъя гэдэг ойлголцлын хүрээнд явж байна.

-780 гаруй Хятад иргэнийг өнгөрсөн амралтын өдөр албадан гаргасан. Эдгээр хүмүүс ямар визээр хэзээ орж ирсэн бэ. Виз олголтод ямар нэгэн зөрчил илэрсэн үү?

-Энэ жуулчны ангиллын виз учраас эргээд буух эзэнтэй. Санаандгүй олгогддог зүйл биш. Албан ёсоор олгогддог. Монгол талаас хүмүүс оролцсон байна гэдгийг та бүхэн харж байгаа байх. Бүлэг хүмүүст жуулчны виз олгоход олон зүйл шалгадаг. Урьж байгаа байгууллага нь тусгай зөвшөөрөлтэй байна уу, тухайн байгууллагын гэрчилгээний дугаар гэх мэт бүх бичиг баримт орж байж виз олгодог. Манайхаас шалгалт хийхэд виз нь ном журмаараа олгогдсон байна. Тэгэхээр Монгол талаас оролцсон тэдгээр компаниуд шууд хар жагсаалтад орно. Дахиад аялал жуулчлалын компаниуд виз мэдүүлж авах ямар ч боломжгүй болж байна гэсэн үг. Хятадын талын компаниуд нь ч мөн манай аль ч Элчин сайдын яамнаас виз авах боломжгүй болно.Виз олгодог журмын дагуу,Гадаадын иргэн харьяатын хуулийнхаа дагуу олгогдсон. Эргээд хариуцлага тооцох эзэнтэй асуудал.эргээд шалгах бүх баримттайгаа олгогддог.

-Визний наймаа байсан гэдэг зүйл яригдаад байгаа?

-Үүн дээр бид хоёр, гурван сарын өмнөөс нарийн судалгаа явуулж холбогдох байгууллагуудтай судалгаа явуулаад эхлүүлсэн. Консулын газар олон жил ажилласан хүмүүс энд, тэнд танил талын холбоогоороо эрсдэл бий болгосон байхыг үгүйсгэхгүй учраас үүнийг задалж манайд хуучин ажиллаж байгаагүй хүмүүсийг томилох, хэрэв танил талын систем үүссэн бол түүнийг нь задалж өгөх тал дээр ажиллаж байгаа.  Интернетээр виз мэдүүлэх систем рүү шилжихэд эдгээр шалгуур үзүүлэлтүүдийг шалгадаг найдвартай цахим тогтолцоог нэвтрүүлэх ёстой.

-Хөх хотын Консул ямар хүн ажиллаж байгаа вэ. Мэргэжлийн хүн үү?

- Консулд  өмнө нь ажиллаж байсан хүмүүс Хөх хотын консулд ажиллаж байгаа.-

-УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн ах Хятадуудад виз олгосон гэх мэдээлэл гараад байгаа. Шалгалтаар тогтоогдсон, энэ хэрэгт холбогдсон зүйл байгаа юу?

-Хэрэв тийм зүйл байгаа бол энэ олон виз дээр баримт бичгийн бүрдлийн алдаа дутагдал гарна. Хөх хотын консулын хоёрдугаар хүн нь манай системд ажиллаж байсан. Гурав дахь хүн нь Ж.Батзандан гишүүний ах. Тэр хүн өмнө нь Эрээний Консулын газар ажиллаж байсан. Ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй  манай системд ажиллаж байсан хүн.

-Цэцийн дарга Д.Одбаяр дипломат эрхтэй хүн мөн үү. Солонгос улс дахь Элчин сайдын яам буруу мэдээлэл өгөөд суллуулсан юм уу?

-Тийм юм гэж юу байх вэ. Олон улсын хуулийн дагуу аливаа улсын өндөр албан тушаалтан дипломат эрх ямбатай байдаг. Энэ нь Дипломат харилцааны талаар Вений конвенцээр зохицуулагддаггүй.Заншилт буюу олон улсын хууль болон бусад гэрээ, хэлэлцээрүүдээр зохицуулагдаг.  Үндсэн хуулийн Цэцийн дарга гэдэг бол Монгол Улсын өндөр албан тушаалтан. Тиймээс төр нь өөрөө диплоамат эрх ямбаар хамгаалагдсан байдаг. Тэр утгаар төрөө төлөөлөөд явж байгаа. Хүнийг хамгаалаад байгаа юм биш, Монголын төрийг хамгаалдаг гэсэн үг. НҮБ-ын конвенц гэж бий. Энэ конвенцийн дагуу Үндсэн хуулийн цэцийн дарга автоматаар дипломат эрхтэй байдаг. Олон улсын л хуулиа дагана шүү дээ.

-Солонгосын талаас дахин ирж байцаалт өгөхийг шаардаж байгаа гэж байна. Танд энэ талаар ямар мэдээлэл байна вэ? 

-Энэ мэдээллийг холбогдох байгууллагаас авах нь зүйтэй. Монголын төр дипломат эрх ямбатай. Энэ нь хаана ч хэзээ ч хамгаалагдаж байх ёстой. Тэр нь хэн нэгэн хүнийг хамгаалж байгаа биш. Монголын төрийг олон улсын хуулиар хамгаалж байгаа асуудал.