БАЙНГЫН ХОРОО: СЗХ-ны дарга С.Даваасүрэнг огцруулах асуудлыг дэмжлээ

БАЙНГЫН ХОРОО: СЗХ-ны дарга С.Даваасүрэнг огцруулах асуудлыг дэмжлээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан болон Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарыг  албан тушаалаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж байна. 

Эхлээд Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэнг огцруулах асуудлыг хэлэлцлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлсэн юм.

УИХ-ЫН ГИШҮҮН С.ЧИНЗОРИГ:- УИХ-ын даргын байр, суурийг сонсоод С.Даваасүрэнд хариуцлага тооцох гэж байгаа юм байна гэж ойлгосон. Гэтэл одоо өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж байна гэх юм. Үүнийг ойлгохгүй байна. Энэ тань тэгэхээр анхны зорилгоосоо өөр болчих юм биш үү. Манайд хариуцлага тооцох асуудал ийм ойлгомжгүй болоод байна. Хариуцлага тооцно гэж  байсан УИХ-ын даргын байр, суурь өөрчлөгдөж байгаа юм уу.

УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР: Саарал жагсаалтад Монгол Улс орсонтой холбогдуулан, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарт хариуцлага тооцох, анхааруулах асуудлыг хөндсөн. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн тул хүсэлтийн дагуу асуудлыг хэлэлцүүлж байна.

Ингээд Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 61.5 хувь нь дэмжлээ. Ингэснээр байнгын хорооны санал дүгнэлтээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр болов.

Санал хураах үеэр зарим гишүүд С.Даваасүрэн хуралдаанд оролцоогүй юм уу. Асуулт асуумаар байна гэсэн юм. 

Үргэлжлүүлэн Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна.